“Хөрш маань яндангаа хөөлөхийг анх удаа харлаа”

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

“Хөрш маань яндангаа хөөлөхийг анх удаа харлаа”

Гар утсанд маань өдөр болгон  сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх тухай, угаарын аюулаас урьдчилсан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг ирдэг болжээ. Хэдхэн хоногийн өмнө гал түлэхээс айж суусан гэр хорооллын иргэд галаа зөв түлж сурсан уу, ямартай ч угаартсан гэх иргэдийн дуудлага буурсныг Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэх болсон.

Улаанбаатарын гамшиг болсон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлэн хотод түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон тогтоол гаргаж, нийтээрээ сайжруулсан түлш хэрэглэх шийдвэр гаргасан юм. Гэвч, сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлснээс хойш олон хүн, угаартаж, амь насаа алдсан тохиолдол гарсан. Тиймээс мэргэжилтнүүд  зуухны битүүмжлэлээ сайжруулах, яндангаа хөөлөх, сайжруулсан түлшийг зөв түлэх тухай сурталчилгаа, мэдээллийг мессежээр, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, зурагт хуудсаар иргэдэд хүргэсээр байгаа билээ. Энэхүү зөвлөмжийг иргэд хэрхэн мөрдөж байгааг, сайжруулсан түлшийг зөв түлж буй эсэхийг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн VIII хороог зорьсон юм. Биднийг 19.00 цагийн үед тус хороонд очиход  айлууд дөнгөж галласан бололтой яндангаас нь шингэн саарал утаа суунаглаж байв. Нарийн  гудамжны төгсөлд байх хашааны хаалгыг тогшвол арав гаруй насны нэгэн хүү  гарч ирэв.  Удалгүй, араас нь нэгэн хөгшин гарч ирж, бидэнд ярилцлага өгөхийг дуртайяа зөвшөөрсөн юм. Түүнийг С.Үржин гэдэг бөгөөд Баянзүрх дүүргийн VIII хороонд оршин суугаад 15 жил болж байгаа гэнэ. Тэрбээр сайжруулсан түлшний зөвлөмжийг сайн хэрэгжүүлж байгаагаа дуулгаад, хөрш айлууддаа энэ талаар давхар сануулдаг тухай ч ярив.  С.Үржин энд 15 жил амьдрахдаа хөрш айлаа яндангаа хөөлөхийг анх удаа харсан нь энэ жил аж.

САЙЖРУУЛСАН ТҮЛШ АЙЛУУДЫГ АЖИЛСАГ БАЙХЫГ ШААРДАЖ БАЙНА

-Сайжруулсан түлш зөв түлэх тухай зөвлөмжийг та хэр авч байна. Уг зөвлөмжийн дагуу галаа зөв галлаж чадаж байна уу?

-Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх талаар зурагтаар байнга мэдээлэл өгч байна лээ. Тэр зөвлөмжийн дагуу галаа түлдэг. Бас хажуу хавийнхандаа ч сануулдаг.

-Зөвлөмжийг мөрдөх болон сайжруулсан түлшийг ашиглахад ямар асуудал байна вэ?

-Мод их ордог юм байна. Ноцож байгаа үедээ их сайхан илчтэй байдаг ч цог гэх юм үлддэггүй болохоор дахиж модоор галлах шаардлагатай юм билээ. Бас үнэртэй болохоор нь галлахдаа, үнс авахдаа маск байнга хэрэглэж байгаа.

-Угаартах вий гэсэн айдас байдаг уу?

-Зуухныхаа дээр байнга ус байлгаж ууршуулдаг. Усны уур угаарыг багасгадаг юм. Бас галлах болгондоо үнсээ сулладаг болохоор угаартахын завдалгүй ноцоод дуусдаг. Угаартах явдал гарч байгаа нь  буруу галласантай холбоотой байх. Зөв галлахгүй л бол мод, нүүрс түлсэн ч угаартана шүү дээ.  Дээр үед зуухныхаа хавхлагийг хааснаас болоод нүүрс, малын хөрөнд угаартах тохиолдол  олон гардаг байсан.

Манай хүүгийнх төслийн зуух хэрэглэдэг. Төслийн зуухтай сайжруулсан түлш их сайн зохицдог юм билээ. Төслийн зуухтай айл зөв журмаар нь галлахад угаартана гэж санаа зоволтгүй юм байна. Эмээ нь төслийн зуух авах гэтэл тэтгэврийн надад үнэтэй тусаад байгаа. Зах дээр төслийн зуух 250 мянган төгрөгөөс 500 мянган төгрөгийн үнэтэй байна лээ. Төслийн зуухыг тэтгэврийн хүмүүст тохирсон үнээр зарвал их зүгээр байна.

-Танай энэ хавийн айлууд яндангаа хэр хөөлж байна вэ?

-Айлууд яндангаа долоо хоноод л хөөлдөг болсон. Манай хөрш хашааны айл амралтын өдөр яндангаа хөөлж байгаа харагдсан. Би энэ хашаанд 15 жил амьдарч байна. Гэтэл хөрш хашааны айлаа яндангаа хөөлж байхыг ердөө харж байгаагүй.  Хүүгийн, манай хоёр ойр ойрхон яндангаа хөөлдөг. Дээр үед айлууд яндангаа ойр ойрхон хөөлдөг байсан шүү дээ. Сүүлийн үед  хөөлөхөө бараг больчихсон болохоос.  Хөдөөний айлууд  унины модонд төмөр тор хадаж байгаад яндангаа хөөлдөг. Энд ямар тийм юм байх биш. Эмээ нь яндандаа чулуу хийж байгаад өнхрүүлээд хөөлж байна.  Хөөлөхгүй удвал том том хөө гэрийн бүрээс дээр унаад түлэхээр юм билээ. Сайжруулсан түлш айлуудыг ажилсаг байхыг л шаардаж байна даа.

-Та яндангаа хэд хоноод хөөлж байна вэ. Сайжруулсан түлш хэрэглэхээс өмнө хэд хоноод яндангаа хөөлдөг байсан бэ?

-Би тав хоноод яндангаа хөөлж байгаа. Өнгөрсөн жил түүхий нүүрс хэрэглэдэг байхдаа бараг 20 хонож байж яндангаа хөөлдөг. Одоо яндан дотроо чулуу хийж байгаад өнхрүүлээд хөөлж байна.

ГАЛЛАХ БҮРТЭЭ ҮНСИЙГ НЬ СУЛЛАЖ, ГУРАВ ХОНООД ЯНДАНГАА ХӨӨЛЖ БАЙГАА

С.Үржин эмээгийн хүү Б.Эрдэнэбатаас сайжруулсан түлшийг хэрхэн ашиглаж байгааг асуухад дараах хариултыг өгсөн юм.  

-Манайх "дөл" зуух хэрэглэдэг. Нэг уут сайжруулсан шүлшийг манайх хоёр хоног хэрэглэж байгаа. Өглөө болон үдээс хойш галладаг. Сайжруулсан түлш илчтэй, утаа багатай  юм байна. Хар л даа, /гэрийхээ яндангаас гарч буй утаа руу заав/ түүхий нүүрс түлэхэд ийм тунгалаг утаа гардаггүй шүү дээ. Харин хөө ихтэй болохоор ойр ойрхон яндангаа хөөлөх шаардлагатай юм билээ. Манайх гурав хоноод яндангаа хөөлж байгаа. Бас үнс их гардаг болохоор галлах бүртээ үнсийг нь сулладаг. Үнсийг нь дор бүр нь суллаад, яндангаа ойр ойрхон хөөлөөд, зуухаа дүүртэл сайжруулсан түлш хийхгүй байхад угаартана гэсэн асуудал байхгүй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж