Минимал амьдрахын тулд хамгийн түрүүнд өөртэйгээ ярилц

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Минимал амьдрахын тулд хамгийн түрүүнд өөртэйгээ ярилц

Минимал амьдрахын тулд хамгийн түрүүнд өөртэйгээ ярилц

Блоггер, стилист П.Оюунтөгс буюу Оюутай минималист хэв маягийн талаар ярилцлаа.


-Минималист хэв маяг гэж чухам юу вэ, үүнийг амьдралд хэрэгжүүлснээр ямар үр ашигтай вэ?

-Хэв маягийн хүрээнд яривал минималист байх нь ердөө л энгийн байх тухай юм. Гоо зүй, урлаг талаасаа ч минималист хэв шинжийг энгийн дизайнаар тайлбарлаж болдог. Заримдаа бид материалын хамаарал, эд баялгийн өрсөлдөөн дунд өөрсдийн хамгийн чухал зүйлсээ орхигдуулдаг.

Харин орчин үед хүмүүс илүү чухал зүйлдээ ач холбогдол өгөхийг илүүд үздэг болжээ. Хэдийгээр чухал зүйлсийн тухай ойлголт хүн бүхний хувьд харилцан адилгүй боловч амар тайван, аз жаргалтай, хайртай хүмүүстэйгээ хамт байх гэх мэт энгийн зүйлс  бүхнээс илүү чухал юм.

Тиймээс товчдоо бол эд материалын хамаарлаас гарч, эдгээрт зарцуулж байгаа цаг хугацаа, энерги, мөнгө энэ бүхнийг өөрийн чухал зүйлсдээ зарцуулах нь хамгийн том үр ашиг гэж бодож байна. Материалын хамаарал гэж хэлээд байгаа нь бид ямар нэг байдлаар угаагаагүй хувцас, эд зүйлс овоорсон ширээ гэх зэрэгт өөрсдийн сэтгэлзүйгээрээ “уяатай” байдаг. Амралтын нэг өдөр найзуудтайгаа салхинд гарна гэвч гэрээ цэвэрлэх, хувцсаа угаах ажилд дарагдаж үлддэг олон жишээг би мэднэ. Би өөрөө ч тэдний нэг байсан. Тэгэхээр өөрийн худалдаж авсан эд зүйлстээ өөрийн эрх чөлөөгөө хааж боолгох бус өөрийнхөө цагийг өөртөө зориулах тухай, эрх чөлөөтэй байх тухай л ойлголт юм.

-Таны хувьд минималист хэв маягтай хэрхэн холбогдож, амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн юм бол?

Миний хувьд бол өдөр бүр шүүгээний өмнө зогсохдоо маш их цаг үрдэг байсан. Өглөө бүр ажилдаа гарахын өмнө юу өмсөх вэ гэж асуугаад хариулт ч бараг олддоггүй. Тэгээд цаг тулаад ирэхээр юу ч хамаагүй, гартаа хамгийн ойр байсныг л өмсөөд гарна. Нэг удаа би бодсон юм. Энэ шүүгээн дэх хувцаснууд яг хэрэг дээрээ өмсөгддөггүй байж энд байсаар байгаа, бас би эднийг өмсөхгүй байж яагаад энэ хувцаснуудад өглөөнийхөө хамаг цагийг үрдэг юм бол гэж. Тэгэхээр үүнийг шийдэх нь миний зорилго болж олон янзаар туршиж үзсэний эцэст ер нь л байхгүй бол амар юм байна гэж санагдсан. Ингээд бусадтайгаа хуваалцаж эхлэхэд ганцхан миний асуудал биш юм гэдэг нь тодорхой болсон. Харин миний олон удаагийн туршилт, бүтэлгүйтэл маань бусдад хэрхэн дэс дараалалтай, эмх цэгцтэй болгох тухай зөвлөхөд маань тусалсан гэх үү дээ.

-Одоо та ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Одоогоор контент болон бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр ажиллаж байна. Бүтээгдэхүүн гэдэг нь минимал загварын хувцаснууд юм. Яг үнэндээ би өөрөө ч энгийн, хоорондоо хослох хувцаснуудыг олж авахад хүндрэлтэй байдаг. Тиймээс үүнийг өөртөө болон бусдад илүү хялбар болгох талаас нь нэг шинэ прожект эхлүүлээд байна. Удахгүй зарлах болно оо.

-Орчин үеийн залуус яагаад минималист хэв маягт татагдах болов? Энэ талаар юу гэж боддог вэ?

-Энгийн амьдралын философи нь эрт үеэсээ л байсан боловч энэ цаг үеийнх шиг ингэж хүмүүсийн сонирхлыг богино хугацаанд татаагүй нь гоо зүйн мэдрэмж дутаж байсных байж магадгүй юм. Харин загвар, урлаг гээд дизайн, хэв маяг шингэсэн бүх зүйлд минимал хэмээх урсгал нь өөрөө тренд болж орж ирснээр юм энгийн байхдаа ийм гоё байдаг юм байна гэдгийг харуулж эхэлсэн байх. Гэхдээ орчин үед залуусын хандлага, амьдралыг харах өнцөг өөр болж байгаа энэ мэдээллийн хурдтай ч мөн холбоотой. Хүүхэд байх үед гэр бүл, найз нөхдөөс л мэдээлэл авч, аливаа шинэ хэв маягийг мэдэх, сурах, хэрэгжүүлэх хурд нь харьцангуй удаашралтай байсан бол одоо хэн ч өөрийн хүссэн мэдээллийг яг одоо хүлээн авч, таалагдвал бие дааж хөгжүүлэн суралцах нөхцөл бололцоо бүрэн дүүрэн байна.

-Минималист хэв маягийн сул болон давуу талууд нь юу байдаг вэ?

-Давуу тал нь хувь хүнээс эхлээд байгаль дэлхийдээ хүртэл ээлтэй байх талаас нь дурдвал олон бий. Хувь хүнд мэдээж эмх цэгцээс эхлээд эдийн засаг хүртэл олон зүйлсийг дурдвал бараг сул тал үгүй. Өнөөдөр хог хаягдал бол манай улсын хувьд төдийгүй дэлхий нийтийн хувьд хамгийн идэвхтэй яригдаж байгаа асуудлуудыг нэг байна. Гэвч хог тэгвэл хаанаас бий болоод байгаа вэ гэвэл асуудлын гол шалтгаан нь бидний хэрэглээ юм.

Миний хүмүүст хэлэхийг зорьдог нэг гол санаа бол өөртөө хэрэгтэйг л хэрэглэ буюу бодит хэрэгцээгээ тодорхойлж түүнийгээ л хэрэглэ гэсэн санаа. Гэвч юмыг яаж мэдэх вэ. Хэзээ нэгэн цагт хэрэг болно гэсэн энэ хоёр үг л биднийг энэ бүхнээс чөлөөлөгдөхөд саад болдог. Хэзээ нэгэн цаг гэж хэзээ ч ирэхгүй бөгөөд хэрэв ирвэл тэр үед нь авах, эсвэл зээлэх гэсэн зарчим нь минималистуудын гол баримтлалуудын нэг юм.

Харин сул талын тухайд нэг зүйлийг ярьж болмоор санагдаад байгаа юм. Энэ нь хүн бүхний аз жаргалын хэмжүүр, таашаал авах мэдрэмж харилцан адилгүй байдгаас үүдэлтэй.

-Минимал амьдрахын тулд хамгийн түрүүнд юунаас эхлэх хэрэгтэй вэ. Бүсгүйчүүд бол хувцасны шүүгээг рүүгээ “дайрдаг” гэж байсан?

-Хамгийн эхэнд өөртэйгөө ярилц. Хувцсан дээр жишээгээ үргэлжлүүлээд ярихад би ямар амьдралын хэв маягтай вэ. Гадуур их алхдаг уу. Эсвэл суугаа ажилтай юу.  Би бусдад өөрийгөө ямар харагдуулмаар байна вэ гэдгээс дараагийн асуулт нь гарч ирнэ. Миний хувьд Минималист шүүгээ бүрдүүлэх ажлаар олон эмэгтэйчүүдийн шүүгээтэй ажилласан. Харин өөрт хэрэгтэй байсан пиджакаа ойрд өмсөөгүй гэх шалтгаанаар намайг ирэхээс өмнө хаячихсан, тэгсэн хэрнэ яг имидж төлөвлөөд ирэхээр өнөөх пиджак нь эргээд хэрэг болох тохиолдол цөөнгүй. Тиймээс өөрийнхөө амьдралын хэв маяг, ямар байхыг хүсэж байгаагаа тодорхойлж төлөвлөөд, дараа нь авах, хаях зүйлсээ ялгах нь илүү үр дүнтэй байдаг. Бид жил, сар тутамд, бүр долоо хоног тутамд хийх ажлуудаа төлөвлөдөг шиг ганц удаа өөртөө цаг гаргаад төлөвлөхөд яах вэ дээ. Таны ажил, зорилго, хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэх хүн нь та өөрөө шүү дээ.

-Ямар зарчим баримтлах вэ? Хэрхэн хослуулж өмсөх вэ?

-Хувцсыг олон төрлөөр ашиглахад саад болдог нэг зүйл нь хэв маг, загвар байдаг. Жишээ нь энгийн дугуй захтай цулгуй даавуун цамцыг бид жинс, юбка, брьюк гээд бүх өмдөн дээр өмсөж болдог бол юүдэнтэй болоод ирэхээр зөвхөн тамирын өмдөө л “нэхэж” эхэлдэг. Ерөнхийдөө шүүгээн дэх хувцсыг хоорондоо хосолдог байхад нөлөөлөх гуравхан л зүйл байдаг.  Эхнийх нь цөөн өнгийн буюу голдуу нэг төрлийн өнгөөр дагнах,хоёрдох нь аливаа хээ, принт, чимэглэл гэх мэт элемент багатай цулгуй хувцас, гуравдах нь элдэв нэмэлт оруулга, хуниас, ухлаадас гэх мэт үндсэн хэлбэр эвдэж загварчилсан бус энгийн загварууд. Товчхондоо цөөн өнгөнөөс бүрдсэн, энгийн, цулгүй загварууд л хоорондоо хослох чадвар их байдаг гэхэд болно.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж