"Баавгай буусан НАМАР"

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

"Баавгай буусан НАМАР"

Хүн, малын суурьшлын бүсэд баавгай орж ирэх, аюул занал учруулах тохиолдлууд гарсаар байна. Сүүлийн нэг сарын хугацаанд Сэлэнгэ, Төв, Дорнод, Дархан-Уул аймагт суурьшлын бүс рүү баавгай орж ирэн айлын малыг туусан, идсэн гэх мэдээлэл харьяа яаманд цөөнгүй ирсэн байна. Саяхан гэхэд л Богд уул Их тэнгэрийн амны баруун урд Зайсангийн амны зүүн урд хэсэгт, нийслэлийн зусланийн бүсд баавгайн явсан ул мөр, баас байгааг Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн илрүүлсэн талаар мэдээлсэн.

БААВГАЙ МАЛЧИН АЙЛ РУУ ХАЛДАЖ, ААВ ХҮҮ ХОЁР БАРИУЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Ерөө сум

Баавгай хүн барьж идсэн аймшигтай хэрэг  аравдугаар сарын 4-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойт гэх газар  гарсан. Тус  сумын  айл руу баавгай халдаж, аав хүү хоёрыг барьсан байдаг. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өгсөн мэдээллээр, тухайн айл нь бичил уул уурхай эрхэлж байсан компанийн техник тоног төхөөрөмжийг манаж байсан айл аж. Аав, хүү хоёрын амьдарч байсан гэр суурьшлын бүсээс хол, зэрлэг амьтдын нутагладаг бүстэй ойр байсан юм байна.  Тиймээс албаны хүмүүс наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нүүхийг нэг бус удаа сануулсан ч тоогоогүйгээс ийм харамсалтай явдал тохиолджээ. Энэ явдлын  дараа баавгай суурин газар, малчны хот руу орж ирсэн үед  өөрсдийгөө хамгаалах зорилгоор буудахыг иргэдэд албаныхан зөвшөөрсөн юм.

Дээрх явдлын дараа  мөн л Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “80 милл” хэмээх газар нутаглаж байсан иргэний гэр лүү баавгай халдсан байна. Азаар тухайн үед гэрт хүн байгаагүй гэдэг. 

Тодруулбал, хадлангаа бэлтгэхээр өвөлжөөндөө барьсан илүү  гэр рүү нь баавгай дайрч, бусниулсан байжээ. Баавгай Могойтод гарсан тохиолдлын адил гэрийн хаалганы хажуу талын ханыг эвдлэн орсон байна.

Түүнчлэн энэ  сарын эхээр Хандгайтын эхэнд, Улиастайн Шарын аманд баавгайн мөр илэрсэн, уг мөр нь нас бие гүйцсэн баавгайнх болохыг мэргэжилтнүүд тогтоосон билээ. Харин  нийслэлийн Байгаль орчны газрынхан нийслэлд нуугдсан баавгайг хөвч рүүгээ явсан гэж үзсэн бөгөөд идэш тэжээл хайсан баавгай хэзээ ч гараад ирж магадгүй тул иргэд сэрэмжтэй байхыг сануулсан юм.

АЙЛЫН ГЭР РҮҮ ДАЙРСАН БААВГАЙГ БУУДЖЭЭ

Хэнтий аймгийн Батширээт сум

Хамгийн сүүлд  гэхэд энэ сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд нэгэн баавгай айлын гэрийг сүйтгэсэн.  Тухайн үед гэрт хүн байгаагүй бөгөөд сумын төвөөс хүмүүс очиж уг баавгайг буудсан байна. Хүрэн баавгай уулын балар ой хөвчид амьдардаг, хүн малын бараа харах нь ховор. Тэгвэл яагаад хөвчийн майга бор ийнхүү айл амьтны гэр сүйтгэж, хүний аминд хүрэх болов. Энэ талаар мэргэжилтнүүд, албаны хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Ямартаа ч баавгай идэш тэжээлгүй болсон  гэх дүгнэлтийг хийгээд байгаа юм. Баавгайн идэш тэжээл хомсдоход хүний хүчин зүйлс их.  

 МУСГЗ Ж.Мягмарсүрэнгийн “Баавгай буусан намар” өгүүллэгт уулнаас бууж ирсэн баавгай хэрхэн хүн ардыг айлгаж, нийслэл Улаанбаатарт хүртэл орж ирсэн тухай өгүүлдэг. 

БААВГАЙ БУУСАН НАМАР

 Тус өгүүллийн онцлох хэсгүүдийг түүвэрлэлээ.  “Нэг намар Хэнтийн нурууны баавгайнууд бараг цөмөөрөө буугаад ирж билээ. Тэр бол 1988 он байсан юм байна. Баавгай уг нь ян сарьдгуудын гүнд балар тайгад шивээлэн амьдардаг амьтан. Ил гарч хүн малд харагдах нь бараг үгүй. Аймшигт махчин араатан. Тийм атлаа дан махаар хоолшдоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээл хольж иддэг онцлогтой. Ичээлэхийнхээ өмнө самраар өөрийгөө бордож хаанаас нь ч харсан халбаганасан амьтан болох ёстой. Гэтэл тэр жил хөвчид самар гарсангүй. Намар болж ургамал гандсанаар баавгай таргалах нь байтугай турж эхэлжээ.

Өлссөн баавгай элбэгээр нь улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Шоргоолжинд альдегид хэмээх спирт бий. Тэрэнд нь согтсоор байгаад архины цагаан солио тусч хаашаа ч хамаагүй тэнэж юуг ч хамаагүй хийдэг. Ийм баавгайг ард түмэн хорхойтсон баавгай гэж нэрлэдэг билээ.

Гэвч энэ удаагийнх шиг айхавтар явдал урьд өмнө огт болж байгаагүй гэж нутгийн анчид толгой сэгсэрцгээдэгсэн. Хэнтийн их нуруу нь Төв, Сэлэнгэ,Хэнтий аймгийн нутгийг дамнан оршдог.

Эндээс буусан баавгайнууд баруун тийш гэхэд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг хүртэл,70-80 км, өмнө чиглэлд Баян сумын нутаг төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 130 км, зүүн өмнө чиглэлд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Өгөөмөр бригадын нутаг хүртэл 200 гаруй км хол газар ил гарч гүйсэн байна.

Тэд цагаан газар гарч ирээд эхэндээ айж балмагдан жигтэйхэн их давхидаг аж. Нэг ойгоос нөгөө ой руу гүйгээд орчихдог шигээ санана л даа. Дараа нь цөхөрнө,ядарна. Бүүр сүүлдээ цагаандаа гардаг байна. Айлын эзгүй гэр хадланчдын майхан ухаж, идэж уучихмаар юм байвал цөлмөж дуусгана. Адуу мал руу ч халддаг.

Хужирт, Моност тохойн 40 бүл зөгийг сүйтгэж хамаг балыг нь идэж дуусгасан байна. Мөн бурхны том байшинг нь нурааж бурхан тахил идээ будааг нь ёстой будаа болгож дууссан билээ. Сүүлдээ рашаанчдын очдог замыг нь эзлэн авч, тав хоног гэр майхнаас нь гаргахгүй сахисан байдаг. Тэднийг анчид ирж аварчээ. Хорхойтсон баавгай Улаанбаатар хүртэл тэнээд ирж билээ. Хүмүүс ихэнхийг нь галзуурч, согтуурснаар нь далимдуулж агнаж устгаж арьс, өөх, доньт саврыг нь авч хоцорсон юм” хэмээжээ. 

Э.БУРАМ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж