Уул уурхайн сайдын харуусал

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Уул уурхайн сайдын харуусал

Уул уурхайн сайдын харуусал

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар төв банкинд тушаагдах алтны хэмжээ буурсанд бүлгийн гишүүдээ буруутгаж байна. УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Төрөөс 2020 онд баримтлах Мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр сайд Д.Сумъяабазар энэ асуудлыг хөндсөн юм.

Тэрбээр “УИХ-аар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг хэлэлцэх үед би та бүхнээс алтанд ногдуулах татварыг 2.5 хувиар нь хэвээр үлдээгээд өгөөч ээ. Тэгэхгүй бол 20-30 хувийн алт алдах гээд байна” гэдгийг хэлсэн. Гэтэл та бүхэн алтанд ногдуулах татварыг 5 хувиар тогтоосон. Өнөөдөр төв банкинд тушаагдсан алтны хэмжээ 12 тонн байна. Өмнөх онд 18 тонн алт тушаагдсан байсан, 6 тонн алт алга болчихлоо. Хил, гаалиар хагас боловсруулсан байдлаар  алт гарсан гэсэн үг. АМНАТ-ийг эргэн харахгүй бол бид алтаа алдаад дуусах нь” гэсэн юм.

УИХ-аас энэ оны гуравдугаар сард АМНАТ-ийг тогтоохдоо алтанд 5 хувь, нүүрс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнд ногдуулах АМНАТ-ийг ашигт малтмалыг ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан этгээд тус бүрт нь өсөн нэмэгдүүлсэн байдлаар буюу нийтдээ 10.5 хувь байхаар тогтоосон юм.

Үүнээс болж, төв банканд тушаагдах алтны хэмжээ эрс буурч, хил гаалиар хууль бусаар алт гаргах оролдлого идэвхжсэн бол бусад эрдэс баялагт ногдуулсан АМНАТ нэмэгдсэнээр боловсруулах үйлдвэрлэл хөгжих боломжгүй болж, түүхийгээр нь баялгаа экспортлох нь дарамт багатай тусах болоод байгаа.

Энэ зовлонг одоогоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар л хамгийн сайн ойлгон хүлээн авч буй бол бусад нь Монголын баялаг үнэгүйдэнэ үү, хулгайгаар гарна уу ёстой түй ч хамаагүй мэт л аашилцгааж байна.

Уг нь алтаа гадагшаа алдахгүй, төв банкиндаа тушааж чадвал төгрөгийн ханшийг тогтвортой барихаас эхлээд өр зээлээ дарах боломжоор хангагдах юм. Өнгөрсөн жилүүдэд алтанд ногдуулах АМНАТ 2.5 хувь байснаар төв банканд тушаагдах алтны хэмжээ жилээс жилд өссөөр 3.9 тэрбум ам.долларын нөөц бүрдүүлж чадсан байдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж