Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд байгуулсан “Иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр”-т үндэслэн Монгол улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх болон чанарыг сайжруулах зорилготой “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014-2024 оны хугацаанд хэрэгжүүлж байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол, Япон Улсын эрдэмтдийн хамтарсан судалгааны багууд нягт, бүтээлч хамтран ажиллаж судалгааны үр дүнгээрээ олон тооны эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн төдийгүй шинэ бүтээл, шинэ бүтээгдэхүүн гарч, хамтарсан баг бусад нэр хүндтэй тэтгэлгийн сангаас судалгааны тэтгэлэг хүртэхээс гадна тус хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид Монгол улсын тэргүүлэх аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллаад эхэлсэн зэрэг нь тус төсөл амжилттай хэрэгжиж буйн үзүүлэлт юм.
Цаашид энэхүү төслийн үр дүнд бий болсон шинжлэх ухаан, эрдэм судлалын хамтын ажиллагаа, чадварлаг хүний нөөц, судалгааны дэд бүтэц, бааз суурь нь төслийн санхүүжилт, хэрэгжих хугацаагаар үл хязгаарлагдан Монгол улсын шинжлэх ухаан технологийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж тасралтгүй тогтвортой үргэлжилж ахицтай хөгжих чухал шаардлага байгаа тул “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд МУИС болон ШУТИС-ийн хамтарсан судалгааны зэргийн болон зэргийн бус хөтөлбөрийн багийн гишүүд, КООСЕН, хамтарсан бакалаврын хөтөлбөрийн нийт төгсөгч, багш, судлаач нарыг хамарсан “1000 инженер-Төгсөгчдийн холбоо” байгууллагыг үүсгэн байгуулахыг МУИС-аас санаачилсан болохыг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар тус арга хэмжээг нээн үг хэлэхдээ онцолж, 2019 оны 10 дугаар сарын 23-ны хамт олны хурлаар тус холбоог байгуулах саналыг хэлэлцүүлж батлан байгууллаа.
Холбооны зорилго нь тус төсөл хэрэгжиж дууссаны дараа Монгол-Япон улсын эрдэмтэн, судлаачдын өнөөгийн хамтын ажиллагаа болон эрдэм судлалын ажил тасралтгүй үргэлжилж Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарт бодитой хувь нэмэр оруулахын төлөө нэгдэн ажиллах юм.
Тус арга хэмжээнд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дах суурин төлөөлөгчийн газрын дарга ТAMURA Еriko, Боловсрол, нийгмийн хамгаалал хариуцсан төлөөлөгч FUJITA Eri, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, ИТДБ төслийн зөвлөх Takatoshi Takemoto, ИТДБ төслийн зохицуулагч Д.Намсрай болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтэн, зөвлөх, МУИС, ШУТИС-ийн багш, судлаач нар оролцож “1000 инженер- Төгсөгчдийн холбоо”-ны дүрмийн төсөл, удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батлав.
“1000 инженер-Төгсөгчдийн холбоо”-ны ерөнхийлөгчөөр МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн ахлах багш С.Отгонцэцэг,
Удирдах зөвлөлийн гишүүдээр: МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн дэд профессор А.Энхбаяр, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн багш Б.Баттүвшин, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн профессор Б.Эрдэнэбат, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш Ц.Баяртсайхан, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн судлаач Б.Нацагдорж, КООСЕН хөтөлбөр төгсөгч Б.Эрхэмбаяр нар тус тус сонгогдлоо. Монгол Улс мэдлэгт суурилсан хөгжлийн загвараар замнахад тус холбооны гишүүн бүр түүхийн шинэ хуудсыг бүтээгчид байх их амжилтыг хүсье.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
Холбоотой мэдээ