"Гэргий минь өнөөдөр улам хөөрхөн болчихлоо"

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

"Гэргий минь өнөөдөр улам хөөрхөн болчихлоо"

"Гэргий минь өнөөдөр улам хөөрхөн болчихлоо"

Эмэгтэй хүн бүр хуримын цагаан даашинз өмсөхийг мөрөөддөг. Хайртай хүнтэйгээ хөтлөлцөөд, хамтдаа алхахдаа хамгийн жаргалтай бүсгүй болдог учраас тэр биз. Ийм л жаргалтай хосууд өнөөдөр /2019.10.28/ Гэрлэх ёслолын ордонд гэр бүлээ батлуулж байна. Тодруулбал, нийслэлийн 380 жилийн ойн баярыг тохиолдуулан “Нийслэлийн иргэн” өдөрлөгийн хүрээнд арваас дээш жил ханилсан 38 хосын гэрлэх ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Гэрлэх ёслолын ордон, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байгаа аж.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа:

-Өнөөдрийн үйл ажиллагаанд бид арваас дээш жил ханилсан гэр бүлийг сонгосон. Нийслэлийн есөн дүүрэг тус бүрээс 3 хос, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 3 хос, Нийслэлийн хот тохижилтын газраас 8 хос нийт 38 хос оролцож байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 08 тоот тогтоолоор сар бүрийн сүүлийн дөрөв дэх долоо хоногийн ням гаригийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Энэ үйл ажиллагаа Нийслэлийн 380 жилийн ойтой давхцаж байна. Бид өнгөрсөн 25-нд мөн Нийслэлийн шилдэг гэр бүл таван номинацид шалгаруулсан. Эдгээр үйл ажиллагаа нь нийгмийн хүрээнд баталгаат гэр бүлийг нэмэгдүүлэх, залуу гэр бүлд үлгэрлэж үзүүлэх, хамтын амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой.

Хуримын үйл ажиллагааны үеэр бид хосуудтай уулзаж, сэтгэгдэлийг нь сонслоо.

-Намайг Х.Дорж гэдэг. Нийслэлийн хот тохижилтын газар жолоочоор ажилладаг. Гэр бүл зохиогоод, 23 жил болж байна. Манайх одоо дөрвөн хүүхэдтэй. Эхнэр маань хуримын даашинз өмсөж үзэх юмсан гэж залуудаа хэлдэг л байсан. Одоо мөрөөдөл нь биелээд сайхан байх шиг байна. Эхнэр маань өнөөдөр хуримын даашинзтай улам хөөрхөн болчихлоо.

Хуримын ордны энэ шатаар гарахад хаалга нээгдэж байгаа хэсэг их гоё санагдлаа. Яг л 20 жилийн өмнөх залуу үедээ буцаад очсон мэт, амьдралын хаалга өмнө минь ахиад шинээр нээгдэх шиг үнэхээр сайхан мэдрэмж төрлөө.

Өнөөдөр хуримаа хийж буй бусад залуу хосууддаа аз жаргал, хамгийн гэрэлтэй бүхнийг хүсэн ерөөе!

Энэ өдөр хуримаа хийж буй хосуудын хамгийн ахмад нь Д.Баяртогтох, Х.Буянтогтох нар юм. Тэд ханилаад 40-өөд жил болж байна. Зургаан хүүхэд, арав гаруй ач, зээтэй. Хамтдаа Нийслэлийн хот тохижилтын газарт зам талбайн үйлчлэгч хийдэг.

Д.Баяртогтохын гэргий Х.Буянтогтох ярихдаа “Өмнө нь хуримын ордонд огт орж үзээгүй. Үнэхээр сайхан байдаг юм байна. Бидний хуримыг хийнэ гэхээр нь эхлээд санаа зовж л байлаа. Хөгширчөөд хурим хийлээ гэж хүн амьтан ярих вий, хэрэггүй юм биш үү гэтэл хүүхдүүд маань харин ч дурсгалтай шүү дээ гээд ятгасан.

Нэг талаар бид хоёр их азтай хүмүүс юм. Бидний залууд ингэж хурим, найр хийдэггүй байлаа. Эсгий гэр бариад л амьдралаа эхэлж байв. Гэтэл өнөөдөр бид хүүхэд, ач, зээгээ тойруулаад, тэднээсээ ерөөлийн үг сонсоод л зогсож байна. Сонин байгаа биз. Азтай гэхээс өөр юу гэх вэ.

Хурим бол хүний амьдралын хамгийн дурсамжтай үйл явдал. Энэ дурсамжаа хамтдаа бүтээж, амьдралаа илүү үнэ, цэнэтэй болгож буй бүх хосууддаа аз жаргал, эрүүл энхийг хүсье!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж