"Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангана" | News.MN

"Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангана"

"Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангана"

"Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангана"

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулан өнөөдөр /2019.10.28/ "Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнөөгийн бүтээн байгуулалт, хөгжлийн чиг хандлага" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хуралд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан илтгэл тавьсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа!

Хурлын хүндэт зочид оо!

Хатагтай, ноёд оо!

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотоороо овоглож, төрөлх хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад эрч нэмэн зүрх сэтгэл, гар бие оролцон ажиллаж амьдарч яваа бүх иргэндээ түүхт их хотынхоо 380 жилийн ойн халуун баярыг хүргэж, эрүүл энх, баяр жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж мэндчилье.

Түүхт ойн энэ өдөр эрдэмтэн судлаачдынхаа дэмжлэгтэйгээр “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэхүү хурлаар нийслэл хотынхоо туулсан түүх, өнөөгийн их хотын хөгжлийн олон талт асуудал, ололт амжилт, ухаарал сургамжийг шүүн хэлэлцэхийн зэрэгцээ ирээдүйн хөгжлийн боломж, чиг хандлагаа ч мөн шинжлэх ухаанчаар тодлон судалж, анхаарал хандуулж байгаа нь энэхүү эрдэм шинжилгээний хурлын үнэ цэнийг нэмэгдүүлж байна хэмээн үзэж, Нийслэлийн удирдлагын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаа юм.

Энэ дашрамд уг хурлыг зохион байгуулах гол үүргийг хүлээн ажилласан Нийслэлийн болон шинжлэх ухааны холбогдох байгууллагуудын удирдлага, ажилтнууд, нэн ялангуяа илтгэлээ хэлэлцүүлэх гэж байгаа эрдэмтэн судлаачид Та бүхэнд талархлаа илэрхийлж байна.

Ингээд Та бүхэнд Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн түүх, өнөөгийн бүтээн байгуулалт, мөн цаашдын хөгжлийн чиг хандлага руу чиглүүлсэн ерөнхий илтгэлээ танилцуулъя.

  1. Нийслэлийн хот байгуулалтын түүхэн хөгжлийн үйл явц:

 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, тусгаар тогтносон эх орны улс төр, эдийн засаг, оюун санаа, шашин, соёлын төвийн түүх, үе үеийн монголчуудын хөгжил дэвшлийн бодит илэрхийлэл юм. Түүхэнд тэмдэглэгдсэнээр 1639 онд Чингис хааны алтан ургийн хойчис Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвүүн Занабазарыг Анхдугаар Богдоор өргөмжлөн одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур хэмээх газар төрийн их ёслол үйлдэн түүнд зориулж Орд өргөөг байгуулсан нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэн үүсэл болсон билээ.

Нүүдэлчин ард түмний уламжлалт ахуй соёлын онцлог, тухайн үеийн улс төрийн байдал, байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан Өндөр гэгээний орд өргөө олонтаа нүүдэллэж, 1778 онд өнөөгийн суурьшлаа олох хүртэл түүхийн ихээхэн сорилт, бэрхшээлийг туулсан байдаг. Энэ хугацаанд Их Хүрээ, Өргөө хэмээн нэрлэгдэж, монголчуудын соёл, шашин, худалдааны төв зангилаа болон хөгжсөөр ХХ зуунтай золгосон байна.

1911 онд харь гүрний олон зуун жилийн ноёрхол эцэс болж, бидний өвөг дээдэс үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, Монгол төрийн гал голомт бадран гийсэн Олноо Өргөгдсөний тэргүүн оны өвлийн сүүл сарын хорины билэгт сайн өдөр буюу аргын 1912 оны 2 дугаар сарын 7-нд Богд хааны зарлигаар Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн зарласнаар Монголын ард түмний тусгаар тогтнолын илэрхийлэл, төрийн төвөөр албан ёсоор тооцогдох болсон түүхтэй.

Ийнхүү Их хүрээ нь Монгол Улсын нийслэл хот, улс төр, шашин, эдийн засаг, соёлын амьдралын төв болж, орон даяар хэрэгжсэн бүхий л түүхэн өөрчлөлтийн эх үүсвэр энд бүрэлдэх үндэс тавигджээ.

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараагаас Монгол Улсын шинэ үеийн нийгэм, түүхийн үйл явцтай уялдуулан Нийслэл хотын түүх ч шинэчлэгдэн хөгжсөөр байлаа. Цаг үеийн ээдрээт түүхийг туулсаар манай ард түмэн 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг тунхаглах үест Монгол Улсын нийслэл хот өнөөгийн “Улаанбаатар”хэмээх нэрээ албан ёсоор авч нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалтаа шинэчлэн зохион байгуулахад анхаарч эхлэв.

Нийслэл хотыг хөгжүүлэх зүй ёсны шаардлагын дагуу 1924 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хурлаар “Монгол улсын түр захиргааны дүрэм”-ийг  зохион баталсан бол 1924 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хурлаар Хотын түр захиргааг бие даасан төсөв санхүүтэй болгосны зэрэгцээ Улаанбаатар хот өөрийн мэдлийн нутаг дэвсгэртэй, түүхэндээ анх удаа засаг захиргааны нэгж байгууллагатай болсон нь хот байгуулалтын хөгжилд шийдвэрлэх түлхэц үзүүлсэн байна.

1930-аад он хүртэл Монгол Улсын төрөөс өрнө, дорнын олон улстай улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын өргөн харилцаа тогтоохыг эрмэлзсэн, бие даасан, чигч гадаад бодлогыг зоримогоор хэрэгжүүлж, үүний үр дүнд Улаанбаатар хотноо Европ, Америк, Азийн орнуудын хөрөнгө оруулалттай олон пүүс ажиллаж, гадаад иргэд олноор суурьшин хотын соёлын бие даасан шинэ өнгө төрх бүрэлдэж байв. Гэвч тухайн үеийн олон улсын байдал, БНМАУ дахь улс төрийн дотоод байдлаас шалтгаалан энэ байдал удаан үргэлжлээгүй юм.

Дэлхийн II дайны дараа БНМАУ энх цагийн бүтээн байгуулалтад эрчимтэй шилжиж, 1946 онд Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах урьдчилсан ерөнхий төлөвлөгөө Сайд нарын Зөвлөлийн 47 дугаар хуралдаанаар батлагдаж, улмаар 1954 оноос ЗХУ-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Анхдугаар төлөвлөлтийг хийсэн нь Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн түүхийн шинэ үеийг эхлүүлжээ.

Ийнхүү Улаанбаатар хот нь хөгжлийнхөө явцад 1954, 1961, 1975, 1986, 2002 онд нийт 5 удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан бөгөөд үүний 4-ийг нь буюу 1954-1986 оны төлөвлөлтийг Москва хотын “ГИПРОГОР”, “ПИ-2” институтад Засаг захиргааны 6 дүүрэгт хуваагдаж, үүрэг зориулалтын 5 бүсэд төлөвлөсөн байдаг бөгөөд хот төлөвлөлтийн нутаг дэвсгэрийн хуваарилалт, төлөвлөлтийн зарчим нь одоогийн төлөвлөлтийн үндэс суурь  болон хөгжиж ирсэн юм. 5 дахь ерөнхий төлөвлөгөөг 1998-2001 онд Нийслэлийн Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнд үндэсний мэргэжилтнүүд боловсруулж, Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор баталсан байдаг. Улмаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг 2013 онд УИХ-аар батлуулж, өнөөгийн хот төлөвлөлтийн бодлого нь тус баримт бичгийг мөрдөн үйл ажиллагаагаа явуулж байна.

Улаанбаатар хотын хөгжлийн дээрх 5 ерөнхий төлөвлөгөө бүр нь тухайн цаг үе бүртээ өөрийн түүхэн үүргээ гүйцэтгэж, өнөөгийн нийслэл Улаанбаатар хотын өнгө төрх бүрэлдэн буй болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна.

Одоо бид Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажил болох суурь судалгаа, төлөвлөлтийн үндсэн концепц боловсруулах ажилд салбарын эрдэмтэн, судлаачид, төрийн байгууллагуудаас санал авч холбогдох мэргэжлийн зөвлөлийн хурлуудаар хэлэлцүүлэх ажил хийгдэж байна.

  1. Нийслэл Улаанбаатар хотын өнөөгийн бүтээн байгуулалтын талаар:

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 46.0% нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 64.7%-ийг бүтээж, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 67,4%, их дээд сургуулийн 95,8%, гаргасан зээлийн 77,9%-ийг тус тус эзэлж, улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, оюун санаа, бизнес, санхүүгийн үйл ажиллагааны төв болон хөгжиж байна.

Улаанбаатар хотын хүн ам 1960-аад оноос хойш өнөөг хүртэл 10 дахин нэмэгдэж, 1 сая 444 мянгад хүрсэн бөгөөд үүний 54.5% буюу 786,825 иргэн гэр хороололд амьдарч хотын суурьшилын бүсийн 80 шахам хувийг гэр хорооллын талбай эзэлж байна. Өмнөх жилүүдэд нийслэл хотод жил бүр дунджаар 30-аад мянган иргэн хөдөө, орон нутгаас шилжин ирж суурьшиж байсан бол сүүлийн жилүүдэд шилжих хөдөлгөөн харьцангуй багасаж байна.

Дээр дурдсан энэхүү төвлөрлийг даган нийслэлд агаар, хөрс, усны бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, авто замын түгжрэл, гэр хорооллын төлөвлөлтгүй тэлэлт зэрэг тулгамдсан асуудлууд бий болон хуримтлагдсаар байна. Дээрх асуудлуудыг Улаанбаатар хот дангаараа шийдвэрлэх эрх зүйн болон эдийн засаг, санхүүгийн боломж хязгаарлагдмал тул Засгийн газар, хувийн хэвшил, иргэдийн хамтын хүчин чармайлт, дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй байсаар байна.

Учир нь нийслэлийн 2019 оны төсөвт 1 их наяд 31,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 484,8 тэрбум төгрөгийн урсгал зардал, 258,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан. Нийслэлийн төсвөөс Улсад төвлөрүүлэх орлогыг 289,1 тэрбум төгрөгөөр тусгасан нь нийслэлийн төсвөөс 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалтын эх үүсвэр буурсан үзүүлэлттэй гараад байна.  2019 оны нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд нийт 2 их наяд төгрөг, үүнээс нийслэлийн төсвөөс 495,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн 5 жилийн хугацаанд Нийслэлийн төсвийн орлого 2.5 дахин нэмэгдсэн боловч Нийслэлээс улсад төвлөрүүлэх орлого тасралтгүй нэмэгдэж, 2013 онтой харьцуулахад бараг 20 дахин өссөн дүн харагдаж байгаа юм.

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өмнө өнөөдөр тулгамдаж байгаа асуудлаар явуулсан санал асуулгын дүнгээс харахад агаарын бохирдол, ажилгүйдэл, ядуурал, замын түгжрэл, авто зогсоолын хүрэлцээ, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалт, гудамж, замын тохижилт, ногоон байгууламж, орон сууцжуулалт, дахин төлөвлөлт, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, цахилгаан, эрчим хүч, дэд бүтцийн хангамж, хог хаягдал, хөрсний бохирдол, хүүхэд, залуучуудын хөгжих орчин, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудал нэн тэргүүнд шийдвэрлэх хэмжээнд байсаар байна.

Иймээс дээрх чиглэлд илүүтэй анхаарч 2019 онд Нийслэлийн хэмжээнд боловсрол, зам тээвэр,  хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, аялал жуулчлал, хот байгуулалт, дэд бүтэц, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гэсэн 7 салбарт 440 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, үүнд улсын төсвөөс 469.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Гэвч дээрх тулгамдсан асуудлуудыг бууруулах, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд нэн даруйд дахин 495.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж Иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээ, Ил тод байдал, иргэний оролцоотой шийдвэр гаргах, Төрийн үйлчилгээний оновчтой чиг үүргийг бий болгох, Үр дүнд суурилсан удирдлага, Иргэн төвтэй төрийн алба гэсэн 5 үндсэн зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж ажиллаж байгаа нь төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, хүртээмжтэй, чанартай, шуурхай хүргэхэд ахиц болж байгаа гэж үзэж байна.

Өнөөдөр нийслэлийн иргэдийн өмнө тулгараад байгаа агаар орчны бохирдлоос ангижрах, замын түгжрэлээс салах, дэд бүтэц нийтийн тээврийг сайжруулах, орон сууцжуулалт бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, иргэнээ ажилтай, айл өрхийг орлоготой болгож, эдийн засгийн чадавхийг өсгөн нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хот төлөвлөлтийн зөв бодлого хэрэгжүүлэх зэрэг томоохон сорилтыг шийдвэрлэн олон улсад өрсөлдөх чадвартай, ухаалаг технологид суурилсан хөгжингүй нийслэл болохын тулд хот буюу хүн төвтэй бодлого, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжил гэсэн шийдлийн хүрээнд бид төвлөрөн ажиллаж байна. Энэ хүрээнд санаачлан хэрэгжүүлж байгаа бодит ажлаасаа Та бүхэнд дэлгэрүүлэн танилцуулъя.

  1. Нийслэл – Боловсрол, ирээдүй, хүүхдийн хөгжил

Монгол Улсын ирээдүй, нийслэлийн өнгө төрх нь хүүхэд, залуусын хөгжлөөс эх үндэстэй билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд “Жаргалтай үрс” төсөл хэрэгжүүлэн хороо  бүрийг цэцэрлэгтэй болгон сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг 85 хувьд хүргэж, хүүхдийг хөгжүүлэх зардлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Өнөөгийн байдлаар нийслэлд төрийн өмчийн цэцэрлэггүй 20 хороо байгаа бөгөөд 2019 онд шинээр 73 цэцэрлэгийг ашиглалтад оруулж орны тоог 12255-аар нэмэгдүүлж, хамран сургалтыг 84,6%-д хүргэх боломж бүрдлээ.

Түүнчлэн, 2019 оны байдлаар нийслэлд 23 сургуулийн 188 бүлгийн 7743 хүүхэд 3 ээлжээр хичээллэж байгаа бөгөөд улс, нийслэл, гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд сургуулийн 30 барилга баригдаж сургуулийн суудлын тоог 15500-аар нэмэгдүүлэхээр байна. Ингэснээр 17 сургуулийг 3 ээлжнээс гаргахаар байна.

  1. Нийслэл – Ухаалаг технологид суурилсан төрийн үйлчилгээ

2019 онд нийслэлийн 7 байгууллагын 51 төрийн үйлчилгээг цахимжуулан ямар нэгэн баримт бичиг шаардахгүй болж, нийслэлийн төрийн байгууллага хоорондоо мэдээлэл солилцож, иргэддээ үйлчлэх хандлагыг буй болгохоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс төрийн үйлчилгээг авахдаа аль ч цонхоор үйлчлүүлэх боломжтой болно. Ингэснээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран түргэн шуурхай үйлчилгээг хүргэдэг болж, шат дамжлага, хүнд суртал, авлига багасна. Нийслэлийн төрийн үйлчилгээнд ухаалаг  систем нэвтэрч цахимжсанаар иргэд өөрсдөө цахим системээр, ухаалаг гар утасны аппликэйшнээр дамжуулан төрийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэж, үнэт цаг хугацаа, зардлаа хэмнэх боломж үүснэ. Мөн иргэдэд үйлчлэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардал ч буурахаар байна.

  1. Нийслэл – Орчин төвтэй хот

 Иргэндээ ээлтэй эрүүл, эрсдэлгүй ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд юуны түрүүнд агаар хөрсний бохирдлоо арилгах, зам, дэд бүтэц нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын ачааллыг сааруулах, хотын аюулгүйн стандартыг хэрэгжүүлэх, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орон сууцжуулалт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хотын дэд төвүүд, дагуул хотуудыг буй болгох чиглэлд сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарал хандуулж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2019 оны 5 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “”Тавантолгой түлш” компани дээр төвлөрүүлэн сайжруулсан шахмал, түлшний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хяналт, түгээлтийн тогтолцоог буй болгон 8 хүртэл агуулах, 50 том борлуулалтын цэг, 106 борлуулалтын нэгж, 533 жижиглэн борлуулалтын цэг өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ажиллаж байна.

Түүнчлэн, 2019 онд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байна. Үүнд, Био-Сонгино, Авто худалдааны төв, Баянголын ам, Ханын материал, Цайз хотхон, Улиастайн өм, Буянт Ухаа спорт цогцолбор, Морингийн даваанд тус тус  хэрэгжүүлж байгаа төслүүд зохих хувь нэмэр оруулж, нийт 20 мянга гаруй өрх айл ойрын хугацаанд байранд орж, тэр хэмжээгээр агаарын бохирдол буурахаар байна.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, тохитой амьдрах үндсэн орчин бол тохижилт, ногоон байгууламжтай салшгүй холбоотой билээ. Нийслэлийн зүгээс унадаг дугуйн  замыг нэмэгдүүлж, хот доторх дугуйн зам, зуслангийн чиглэлийн дугуйн зам, хурдны зам дагуух дугуйн зам гэсэн үндсэн 3 чиглэлээр байгуулж, 70 байршилд нэгдсэн зогсоол байгуулах ажилд онцгой анхаарч байгаа нь иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт ээлтэй, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах үндсэн нөхцөл болно гэж үзэж байна.

Мөн дүүрэг бүрт стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай ногоон байгууламж байгуулах, 250 байршилд явган хүний зам байгуулах, цэцэрлэгт хүрээлэнгийн тоог нэмэгдүүлэх, Туул, Сэлбэ, Дунд голын дагуу амралт зугаалгын бүсүүдийг төлөвлөх ажил үргэлжилж байна.

Иргэдийн эрүүл ая тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн, технологижсон, ухаалаг хотын шийдлийг хэрэгжүүлэх зорилгоор хяналтын камер, PTZ камер, цаг агаар мэдрэгч сенсор, LED дэлгэц, гудамжны гэрэлтүүлэг зэргийг нэмэгдүүлж, бүрэн тоноглох зорилт тавигдаж байна.

Нийслэл хотын өмнө дараагийн тулгамдаж байгаа асуудал бол нийтийн тээвэр, түүний менежмент зөв тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн 650 мянган иргэн өдөр тутам нийтийн тээврээр үйлчлүүлж, 949 автобус, троллейбус иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Үүнтэй холбоотойгоор иргэдэд тав тухтай, шуурхай, аюулгүй тээвэрлэлтийн үйлчилгээ  үзүүлэх, нийтийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал чухлаар тавигдаж байна. Үүнтэй холбоотойгоор насжилт нь дуусч байгаа 881 тээврийн хэрэгсэл  2019-2021 онд үйлчилгээнээс хасагдаж,  бүрэн шинэчлэгдэхээр байна.

2019  онд Нийслэл хотын дэд бүтцийн хөгжилд ихэхээн ахиц гарсан жил болж байна. Тухайлбал, Замын цагдаагийн газрын ойролцоох 477 У/М /уртааш метр/ гүүрэн гарц барих төсөл хэрэгжсэнээр Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэг бүхий 477м гүүрэн гарц буй болж, төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой боллоо. Үүнтэй адилаар Баянзүрх, Сонсголонгийн гүүрийг шинээр болон өргөтгөн шинэчлэх ажил, Улаанбаатар болон Налайх дүүргийг холбосон авто замын ажил, Геологийн төв лабориторийн нүхэн гарц, Энхтайвны гүүрний баруун талын нүхэн гарц, Нарны зам, Нарантуулын уулзварын нүхэн гарц, Баруун, Зүүн дөрвөн зам, Зайсангийн гүүр зэрэг Улаанбаатар хотын авто замын нэвтрэх чадварыг сайжруулж, түгжрэлийг арилгахад чиглэгдсэн төслүүд ирэх жилүүдэд бодитоор хэрэгжихээр байна.

  1. Нийслэл – Төлөвлөлт төвтэй хот

Нийслэл хот нь төлөвлөлтийн дунд хугацаанд шинжлэх ухаан, эдийн засгийн тооцоо судалгаатай, дэвшилтэт технологийн шийдэлд тулгуурласан, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, олон улсад өрсөлдөх чадвартай, ирээдүйн төлөвлөлт,  хот байгуулалтыг дотоод, гадаадын  эрдэмтэд, салбар бүрийн мэргэжилтэн, судлаачид, оролцоотойгоор төлөвлөсөн,  төсвийн хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулдаг,  баялаг бүтээгчдээ дэмжсэн, эдийн засгийн  өндөр чадавхитай тогтвортой хөгжил бүхий нийслэл хот болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд дотоод, гадаадын эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүдийн оролцоо, тооцоо судалгаанд үндэслэн бодлого, төлөвлөлтөө хэрэгжүүлэх, Иргэд, ААН,  баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжих, Төсвийн хөрөнгийг үр бүтээлтэй зарцуулах, хот төлөвлөлтийг хөгжлийн бодлоготой уялдуулах, ухаалаг технологийн шийдэлд тулгуурлахаар зорьж, Нийслэл хотыг эдийн засаг, бизнесийн бүсчилсэн хөгжлийн бодлогоор сууршилын өөрийн гэсэн өнгө, онцлог бүхий олон чиглэлд солонгоруулан хөгжүүлэхээр зорьж байна.

Улаанбаатар бүсийн авто замын төлөвлөлтийн концепцийг хурдны зам, улсын чанартай зам, бүсийн авто зам гэсэн 3 үндсэн чиглэлээр хийж байгаагийн дээр төмөр замын төлөвлөлтийг ч мөн анхааран ажиллаж байна. Үүний зэрэгцээгээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, иргэдэд сонголт бий болгох, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор дэвшилтэд технологи бүхий агаарын дүүжин замын тээврийн төслийн трассын судалгаа хийгдэж байна.

  1. Нийслэл – Дэлхийн хот

Нийслэл Улаанбаатар хотын гадаад харилцаа жилээс жилд өргөжин тэлж, дэлхийн хотуудыг нэгтгэсэн олон улсын болон бүсийн, дагнасан холбоодод гишүүнээр элсэн өнөөдрийн байдлаар дэлхийн 15 хоттой Ах дүүгийн харилцаатай, 23 хоттой Найрамдалт харилцаатай, 21 хоттой харилцаатай болоод байна. Нийслэл хоттой Ах дүүгийн харилцтаатай хотуудын нэрэмжит гудамжууд 15 орчим газарт буй болж, Улаанбаатар хотын нэрээр овоглосон цэцэрлэгт хүрээлэн, зам, гудамж, талбай дэлхийн улсуудад буй болж эхэлж байгаа нь Нийслэлийн гадаад хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаагийн нэгээхэн илэрхийлэл бөгөөд цаашид Нийслэлийн гадаад хамтын ажиллагаа нь XXI зуун дахь Монгол Улсын гадаад харилцааны нэгэн шинэ өнгө төрх байх боломжтой тул улам эрчимжүүлэхийг зорьж байна.

Цаашид “Ах дүү хот”-ын харилцааг эрчимжүүлэх, бодитой хэрэгжих тодорхой салбарт бодлогоор төрөлжүүлэн чиглүүлэх, “Ах дүү хот”, “Харилцаат хот”, “Найрамдалт хот” хэмээх ойлголтын шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тогтоох, Улаанбаатар хот дахь “Ах дүү хот”-ын нэршилтэй газрууд болон гадаад орнууд дахь Улаанбаатар хотын нэршилтэй газруудыг нэмэгдүүлэх талаар анхаарах, “Ах дүү хот”-ын харилцааны дагнасан судалгааны бүтээл гаргах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар эрдэмтэн мэргэдтэйгээ хамтран ажиллах талаар бид анхаарах болно.

Санаачлан хийж хэрэгжүүлж байгаа дээр дурдсан олон сайн талууд байгаа ч нийслэлчүүд бидний өмнө хийх, анхаарах, засаж сайжруулах шаардлагатай, тулгамдсан сорилт бэрхшээл ч бас ихээхэн байгааг та бид бэлхнээ мэдэж байгаа.

Нийслэлийн өмнө тулгамдаад буй асуудал нь өмнөх жилүүдэд бид нэгдсэн бодлого шийдвэр, төлөвлөлт, тооцоо судалгаагүй ажиллаж, шат шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй байсантай холбоотой. Иймд нийслэлийн асуудал хариуцсан байгууллагууд  шат шатандаа үүнд анхаарч, дүгнэлт хийх шаардлага тулгарч байгаагийн дээр энэ зорилтыг хэрэгжүүлэхэд нийслэлийн иргэн бүрийн бодит хичээл зүтгэл, санаачлага сэтгэл, хотын иргэний соёл, ухамсар ч шийдвэрлэх үүрэгтэйг энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

6.Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн цаашдын хандлага:

Нийслэлийн төрийн албан хаагч хүн бүр өндөр хариуцлагатай, ёс зүй сахилга баттай, чадварлаг боловсон хүчин байх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, авлига, хээл хахуульгүй, иргэдийнхээ оролцоог хангасан тогтолцоог бүрдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, урлаг, спортын  салбарыг эрчимтэй хөгжүүлж, үйлчилгээний хүртээмж, чанар стандартыг сайжруулж, эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой, нийгмийн хариуцлагатай, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх, иргэний ёс суртахуун төлөвшлийг хангах, хотын соёлтой оршин суугчдыг төлөвшүүлэх чиглэлээр ирэх жилүүдэд түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Үүний тулд ойрын жилүүдэд бид дараах чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зорьж байна. Үүнд:

  1. Ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдээ ажилтай орлоготой болгох, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, авилга хүнд сурталгүй төрийн үйлчилгээг нэвтрүүлэх, бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжих, гэр бүлийн харилцааг дэмжих, хүүхэд залуус руу чиглэсэн цогц бодлого гаргаж, тэднийг элдэв буруу зуршил, хүчирхийлэлд өртөхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, цэцэрлэг сургуулийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэн хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газрыг олноор байгуулснаар үнэт зүйл бүхий Улаанбаатар хотын шинэ иргэдийг бий болгох хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх;
  2. Төрийн үйлчилгээний хүртээмж, шат дамжлагыг багасгах, нийслэлийн төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулах, хүнд суртал, авлигыг арилгах, нийслэлийн төрийн үйлчилгээг цахимжуулж, ухаалаг болгосноор иргэд өөрсдөө ухаалаг утас, компьютер ашиглан орон зайн хамааралгүйгээр зохих мэдээллээ олж авах нөхцөлийг бүрдүүлэх;
  3. Төрийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай, ил тод, авлига хээл хахуульгүй болгох, Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүй сахилга бат, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх
  4. “Орчин төвтэй хот”-ыг байгуулан агаар, хөрсний бохирдлоо арилгаж, зам, дэд бүтэц, нийтийн тээврийг үйлчилгээг хөгжүүлэн авто замын ачааллыг сааруулсан, хотын аюулгүйн стандартыг хэрэгжүүлсэн, тохижилт, ногоон байгууламжыг нэмэгдүүлсэн, орон сууцжуулалт бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн, иргэндээ ээлтэй эрүүл, эрсдэлгүй ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх;
  5. Бага дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах төслүүдийг хэрэгжүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалтанд хамруулж, зах зээлийн эрэлтэнд нийцүүлэн ажил, орлоготой болгох;
  6. Иргэд оршин суугчдын оролцоонд тулгуурлан зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх; Ирээлтэй эрүүл,  эрсдэлгүй ажиллаж драх  рчныг бүдүүлнэ.
  7. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний стандартыг сайжруулах;
  8. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, боловсролын чанарыг шинэ түвшинд гаргах, дүүрэг бүрт стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай ногоон байгууламж байгуулна.
  9. Нийтийн тээврийн удирдлага менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ, нийтийн тээврийн шинэ төрөл буюу агаарын дүүжин замын тээвэр нэвтрүүлнэ, унадаг дугуйн замыг нэмэгдүүлж, нэгдсэн зогсоол байгуулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх болно. Эдгээр нь  ирэх жилүүдэд  нийслэлчүүдийн анхаарлын төвд байх нь дамжиггүй.

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн цаашдын хандлагыг бүрэн дүүрэн тодорхойлж Нийслэл хот иргэндээ ээлтэй хот болоход УИХ, Засгийн газарт тавьж шийдвэрлэх асуудал бас  байна. Үүнд:

  1. Нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлж буй төсвийг нийслэлийн төсөвт үлдээх;
  2. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулах;
  3. Нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай ажлуудад Концессийн эрх нээлгэх;
  4. Нийслэлийн төсөл хөтөлбөрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
  5. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэх;
  6. Улаанбаатар хотын хилийн цэсийг шинэчлэн тогтоох, зарим суурьшлын бүсийг тусгай хамгаалалтаас гаргах зэрэг асуудалд төр, засгаас онцгойлон анхаарах шаардлагатай юм.

Миний илтгэлд анхаарал хандуулж сонссон та бүхэнд баярлалаа

Та бүхэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн мэндийг дахин хүргэе.

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Иргэнд ээлтэй хотын төлөө бодлого, санаачлага, хүчээ нэгтгэе.

Баярлалаа.

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-28 66.181.161.58

Boditoi ym hiigeechee zam tawina gej yraad dorwon jil ongorch bn husaj bgaa in geed taliig in husaad orihson shvv dee

Avatar

зочин 2019-10-28 73.212.137.95

Сонгуулийн жилд ингэж нүүрээ барах гэж, өмнө нь хийж байхгүй яасан юм бэ, Иргэдээ ч сонсдоггүй биздээ. Үүнийг чинь сонгуулийн сурталчилгааны нэг хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй

Avatar

Р Цогтбаатар 2019-10-28 103.57.94.61

Намбарын Энхбаяр шиг сэтгээд хүмүүсээ яаралтай орон сууцтай болгоо ч юун олон юм бичдэг юм нүдэнд харагдаж гарт баригдахаар эрс шийдэмгий юм хийлдээ таны ажлын тайланг хэн ч тоож сонирхохгүй нэгдүгээрт орон сууц хоёрдугаарт замын түжрэл гуравдугаарт тоосжилт Улаанбаатар хот хэт хуурай тоосжилт ихтэй байна цэвэрхэн хувцастай ч явах арга алга

Avatar

zochin 2019-10-28 66.181.166.134

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙГАА ХУУЧИН БАРИЛГУУДАА Л ОЙРЫН ҮЕД ШИНЭЧЛЭЭД ӨГ Л ДӨӨ .ХУДЛАА БААХАН ҮЛГЭР ШИГ ОЛОН ЮМ ЯРИАД .ҮҮНИЙГ ХИЙХЭД НАДАД ЯМАР АШИГТАЙ ГЭСЭН АТГАГ САНААНААС САЛАХГҮЙ ЦАГТ УЛС, НИЙСЛЭЛ АЛЬ НЬ Ч ХӨГЖИХГҮЙ ЭЭ.САЙХАН ҮЛГЭР

Avatar

Зочин 2019-10-28 49.0.213.33

Hudlaa щaa

Avatar

Зочин 2019-10-28 103.26.194.64

Юун олон юм яридаг юм! Яаг одоогийн байдлаар орон сууцгүй 250 мянган өрхөд шаардлагатай орон сууц барихад инженер ийн байгууламж хүрэлцэх эс хүрэлцэх асуудал хамгийн гол юм ярихгүй хадуураад нуршсан юм ярих юмдаа. Тэр асуудал л хамгийн халуун сэдэв!!! Тэрийг л хөндөж байж хот хотшиг хөгжин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж