Үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдийг амилуулсан алдартнууд

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдийг амилуулсан алдартнууд

Үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдийг амилуулсан алдартнууд

 “Хөдөөгийн баясгалан”, “Аман хуур”, “Өнөр бүл”, “Үер”, “Ард аюуш”, “Цогт тайж”, “Гэм нь урдаа” зэрэг тайз, дэлгэцийн олон сайхан бүтээлээрээ ард түмнийхээ сэтгэлд хоногшин үлдсэн Монголын кино урлагийн алдартай гурван уран бүтээлчийн 100 насны ой энэ жил тохиож буй.

Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зохиолч, найруулагч Ц.Зандраа, Гавьяат жүжигчин Б.Бадамгарав нарын 100 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр /2019.10.28/ Монголын театрын музейд зохион байгуулж байна.


Үзэсгэлэнгийн танхимд “Аман хуур” киноны Дарь авгай, “Өнөр бүл” киноны үйлдвэрийн даргын эхнэр Бурмаа, “Сэлэм” Тогмодын Бадам ээжийн дүр зэрэг Монгол Улсын гавьяат жүжигчин М.Бадамгарав агсны дэлгэцнээ мөнхөлсөн олон сайхан дүрийг гэрэл зургийн хальснаа буулгаснаас гадна Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Зандраа болон Ардын жүжигчин, XX зууны манлай кино найруулагч Д.Жигжид агсны хэрэглэж байсан ЗХУ-д үйлдвэрлэсэн “Кинап” кино камер, кино гаргадаг механик аппарат, гар аппаратыг дэлгэн харуулсан нь олны сонирхлыг ихэд татаж байв.

“МИНИЙ ЭЭЖИЙГ “АМАР ХУУР” КИНОНЫ ДАРЬ АВГАЙН ДҮРЭЭР ТӨСӨӨЛЖ БОЛНО”

“Энэ гэрийн эзэн нь чи юм уу, би юм уу?

-Уг нь би л нэртэй болохоос биш жинхэнэ эзэн нь чи шүү дээ” хэмээх Монголын уран сайхны “Аман хуур” киноны Соном өвгөн, Дарь авгайн харилцан яриа одоо ч ардын дунд хэлц үг болж ирсэн. Монгол Улсын гавьяат жүжигчин М.Бадамгарав гуайн хувьд энэ дүртэйгээ төстэй хүн байсан тухай түүний хүү П.Батчимэг дурсан ярьсан юм.

Тэрбээр “Миний ээжийг “Амар хуур” киноны Дарь авгайн дүрээр нь төсөөлж болно. Ардын жүжигчин Н.Сувдаа эгчийн хэлснээр “Гавьяат жүжигчин М.Бадамгарав гуай үр хүүхдүүд, нөхрийнхөө төлөө гал, усанд орохоос ч буцахгүй хүн” гэж хэлсэн байдаг. Нээрээ л миний ээж өмсөж, зүүх, идэж уух нь хүртэл нөхөр, хүүхдийнхээ төлөө зүтгэдэг байсан. Ээж минь их цэвэрч нямбай, тууштай, шударга хүн байсан. Намайг бага байхад газарт бөмбөгөө унагачихвал спиртээр арчиж, өгдөг тийм л цэвэрч хүн байлаа.

Ээж минь хүүхдүүдээ урлагийн замаар явуулах дуртай биш байсан болоод ч тэр үү гэртээ сургуулилт бэлтгэлээ хийдэггүй байсан. Гэртээ сайн гэрийн эзэгтэй, ээж хүн л байхаас биш ажлаа ярьдаггүй байсан. Миний хувьд ээжийнхээ тоглосон дүр болгонд л их хайртай. Жишээлбэл, “Өнөр бүл” киноны үйлдвэрийн даргын эхнэр Бурмаагийн дүр гэхэд “Ямар эмэгтэй алдуул юм уу” гээд л тэр үгийг нь сонсох бүрт л инээд хүрдэг юм. Бас ээж минь жүжигчнээс гадна кинонд дуу оруулагч байсан болохоор дуу хоолойн зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн дээ. Манайх хоёр хүү, хоёр охинтой айл. Хүүхдүүдээс нь одоо урлагийн замаар ажиллаж яваа хүн байхгүй. Миний хувьд “Инээмсэглэл” хамтлагт байдаг байсан” хэмээн дурсамжаасаа хуваалцсан юм.

“ХАНИЙНХАА ӨӨРӨӨ НАЙРУУЛСАН “АРДЫН ЭЛЧ” УРАН САЙХНЫ КИНОНД ИХ ХАЙРТАЙ”

Уг арга  хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндтэй зочдын нэг бол Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжид гуайн гэргий Д.Бадамсүрэн байв. Тэрбээр энэ үеэр хайрт ханийнхаа талаар дурсан ярихдаа “Энэ жил ханийн минь төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас эхлэн 100 жилийн ойд зориулан олон сайхан арга хэмжээг зохион байгууллаа. Би ханьтайгаа 40 жил ханилж, 11 хүүхдийн эцэг, эх болсон. Миний хань уран бүтээлч хүн учраас би ар талыг нь хариуцаж, татлаа түтлээгүй байлгах юмсан гэж хичээдэг байсан.

Хуучны киног хийхийн тулд лав л гурав, дөрвөн улирал өнгөрч байж дэлгэцэнд гаргана. Тэгж бүтээсэн уран бүтээлийнх нь анхны үзэгч нь би болж, шагнуулна. Тухайн үед Улс төрийн товчоогоор хянуулж, батлуулсны дараагаар өөрсдөө студи дээрээ үзэх эрхтэй болдог. Тэгэхэд нь ажилчид, гэр бүлийнхнээ хамгийн түрүүнд үзүүлнэ. Тэгээд л гарч ирээд надаас “Ямар болсон байна” гээд л асууна. Би чинь ханийгаа оператор байхад нь суусан юм. Ханийнхаа өөрөө найруулж, хийсэн “Ардын элч” уран сайхны кинонд их хайртай. Хань маань өөрөө ч тэр кинондоо их хайртай байсан” тухай хуучиллаа.

“ӨВӨӨГИЙН МААНЬ БҮТЭЭСЭН “МАНАЙ АЯЛГУУ” БҮТЭЭЛ МОНГОЛЫН АНХНЫ МЮЗЕЛЬ”

“Манай өвөө маш тайван хүн байсан. Ээж маань ч хэлдэг “Би амьдралдаа аавыгаа өндөр дуугаар ярьж байсныг сонсож байгаагүй ээ” гэж. Өвөө маань байнга л инээмсэглэж байдаг хүн байсан юм. Миний хувьд өвөөгийнхөө “Манай аялгуу” бүтээлд хайртай. Манай аав нэг ярилцлагадаа “Манай аялгуу” бүтээл нь Монголын анхны мюзекль гэж хэлж болох байх” гэж ярьсан байдаг. Яагаад энэ бүтээл сэтгэлд ойр байдаг вэ гэхээр энэ бүтээлийн зохиолыг өвөө маань бичсэнээс гадна нөгөө өвөө маань кино зураачаар хамтран ажилласан байдаг юм.

Тухайн үед худууд болохоо мэдэхгүй л цуг ажилласан түүхтэй. Надад миний хоёр өвөөгийн хамтын бүтээл гэдгээрээ их онцгой санагддаг. Мэдээж өвөөгийн маань хийсэн “Хоёр найз” нэртэй Монголын хамгийн анхны өнгөт хүүхэлдэй кино. Ээж маань энэ хүүхэлдэйн киноны зургийг авч байхад студи дээр нь цуг очиж байсан гэдэг” хэмээн Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ц.Зандраа агсны зээ охин С.Гоомаргад ярьсан юм.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ц.Зандраа нь Монголын анхны “хоёр найз” өнгөт хүүхэлдэйн киног бүтээсэн бөгөөд 1955 онд “Гэм нь урдаа” киногоороо нийгэмд оршиж буй дутагдлыг шүүмжилсэн байдаг. Түүнчлэн “БНМАУ” /1951/, “Миний Монгол” /1971/ зэрэг баримтат киногоороо кино урлагт мөнхөрсөн уран бүтээлч юм. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин М.Бадамгаравын хувьд олон сайхан эхийн дүрээр түмэн олондоо хүндлэгдсэн жүжигчин бөгөөд “Аман хуур”, “Өнөр бүл”, “Өглөө” киноны дүрээрээ цэнхэр дэлгэцнээ мөнхөрч, 200 гаруй кинонд дуу оруулжээ.

Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжид нь зураглаачаар анх кино урлагтай холбогдож байсан түүхтэй. Тэрбээр “Сэрэлт”, “Гэм нь урдаа”, “Цогт тайж 2” зэрэг кинонуудад зураглаачаар ажиллаж байсан бол “Ардын элч”, “Улаанбаатарт байгаа миний аав”, “Түмний нэг”, “Хөдөөгийн баясгалан”, “Хүргэн хүү” зэрэг үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн бүтээлүүдийг найруулсан билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж