ШЕЗ: 345 хэрэг хэрэгсэхгүй болж, 2.5 тэрбумын хохирол учирсан | News.MN

ШЕЗ: 345 хэрэг хэрэгсэхгүй болж, 2.5 тэрбумын хохирол учирсан

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

ШЕЗ: 345 хэрэг хэрэгсэхгүй болж, 2.5 тэрбумын хохирол учирсан

ШЕЗ: 345 хэрэг хэрэгсэхгүй болж, 2.5 тэрбумын хохирол учирсан

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал өнөөдөр (2019.10.28) боллоо. Хэвлэлийн хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, референт Э.Ганцэцэг нар “Монгол Улсын шүүхийн 2019 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажлын дүн мэдээ” сэдвээр мэдээлэл хийв. 


2018 ОНД АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ 28 ХЭРГИЙГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН

ШЕЗ-ийн референт Э.Ганцэцэг "2018 оны аравдугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны аравдугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 345 хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргийн улмаас нийт хоёр тэрбум 503 сая төгрөгийн хохирол учирч, 17 хүнд хөнгөн, нэг хүнд хөнгөн гэмтэл учирсан байна.

Авлига хээл хахуулийн гэмт хэрэгтэй холбоотойгоор сүүлийн хоёр жилийн байдлаар бүлгээр нь харьцуулсан. 2017 онд 53 хүнд холбогдох 18 хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн бол 2018 онд 42 хүнд холбогдох 28 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хэргийн шийдвэрлэлт өмнөх оныхоос өссөн боловч ял шийтгүүлсэн хүний тоо найман хувиар буурчээ. Оногдуулсан ялын хувьд авч үзвэл 2017 онд ял шийтгүүлсэн хүмүүсийн 92.5 хувь нь хорих ялыг оногдуулсан бол 2018 онд 7.1 хувьд нь хорих ял, 66.7 хувьд нь торгох ялыг оногдуулсан. Ялын хувьд өөрчлөлттэй гарсан нь шинэ хуулийн хэрэгжилттэй холбоотой. Тухайлбал, авлигын гэмт хэрэгт холбогдох ялын санкци нь торгох ял түлхүү орж ирсэн.

Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан мөнгө угаах, гэмт хэрэг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 онд хянан шийдвэрлэсэн тоон мэдээллийг хүргэе. Эрүүгийн хуулийн тусгай анги мөнгө угаах гэмт хэрэг дангаараа зүйлчлэгдсэн тоон мэдээлэл хүлээн авснаас таван хэргийг хянан шийдвэрлэж, 20 хүнийг ял шийтгэсэн. Эдгээр 20 хүний гурав нь хорих ял, 15 хүнийг тэнссэн, хоёр хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. 2019 оны эхний гуравдугаар улирлын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг шийдэгдээгүй" гэлээ.

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг ангилбал?

-Гэмт хэргийн ангиллаас шалтгаалан ихэвчлэн хөнгөн болон хүнд хоёр төрлийн гэмт хэрэг байгаа. Хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа харьцангуй бага байдаг. Энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт нэмэлт байдлаар авсан. Нарийвчилж хэд нь ямар зүйл ангиар шийдэгдсэн хэрэг гэдэг нь яг одоогоор байхгүй байна.

-Саарал жагсаалттай холбоотой 15 хүнд тэнсэх ял өгсөн шалтгаан юунд байна вэ. Учруулсан мөнгөн дүнг нийтэд нь тооцож болох уу?

-Хорих ял оногдуулалгүй, тэнсэн харгалзах ял өгсөн. Нарийн мэдээллийг тайлан мэдээллээс харах боломжтой. Шинэ хуулийн агуулгаар үндсэн дөрвөн төрлийн ял оногдуулахаас гадна дөрвөн төрлийн ялын бус эрүүгийн хариуцлага гэдгээр оруулж ирсэн. Гурван хүнд хорих ял өгч, 3-5 жилийн ял оногдуулсан.

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2019 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ

Анхан шатны шүүх 2019 оны гуравдугаар улиралд эрүүгийн 10098, иргэний 30501, захиргааны 1180, нийт 41779 зөрчилд шийтгэл оногдуулан 661 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1618 хүнд баривчлах, цагдан хорих арга хэмжээ авч 1443 хүнийг цагдан хорих хугацааг сунгажээ.

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ЗӨРЧИЛ: Хүнийг алах залилах, мал хулгайлах, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал гэх хэргүүд өссөн үзүүлэлттэй байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл, улсын хилээр хууль бус бараа нэвтрүүлэх гэмт хэргийн тоо буурсан байна.

ЗАЛИЛАХ, ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРЭГ ӨСӨВ

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсчээ. Тухайлбал:

  • Хүнийг алах гэмт хэрэг 26 хэргээр буюу 17.8 хувиар,
  • Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 209 хэргээр буюу 5 хувиар,
  • Хүчиндэх гэмт хэрэг 74 хэргээр буюу 35.9 хувиар,
  • Хулгайлах гэмт хэрэг 56 хэргээр буюу 4.3 хувиар,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 59 хэргээр буюу 28.2 хувиар,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 26 хувиар
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 99 хэргээр буюу 13.7 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 172 хэргээр буюу 56.8 хувиар өссөн байна

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ГЭМТ ХЭРЭГ БУУРАВ

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 68 хэргээр буюу 31.8 хувиар
  • Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг есөн хэргээр буюу 81.8 хувиар,
  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу 62.5 хувиар,
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг таван хэргээр буюу 9.3 хувиар буурсан байна.

ШҮҮХ ТОРГОХ ЯЛЫГ ТҮЛХҮҮ ОНООЖЭЭ

Монгол Улсын хэмжээнд 2019 оны гуравдугаар улирлын байдлаар шүүхээс нийт ял шийтгүүлсэн 5738 хүн, 3 хуулийн этгээдэд торгох ял, 1520 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 2899 хүнд хорих ял оногдуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 17.0 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 16.3 хувиар, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 6.1 хувиар тус тус өссөн байна.

Шүүхээс 5738 хүн, 3 хуулийн этгээдийг нийт 5 тэрбум 103 сая 055 мянга 511 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 0.1 хувиар нэмэгджээ.

ЦАГДАН ХОРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ТОО ӨСӨВ

Улсын хэмжээнд 2019 оны 3 дугаар улирлын байдлаар цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 189 хүнээр буюу 14.9 хувиар, сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 129 хүнээр буюу 3.4 дахин, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 54 хүнээр буюу 24.9 хувиар тус тус өссөн байна.

ХОРИХ ЯЛ ЭДЛЭХ ДЭГЛЭМИЙГ ХҮНДРҮҮЛЭВ

Улсын хэмжээнд 2019 оны 3 дугаар улиралд нийт 130 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 7 хүн буюу 5.1 хувиар буурсан бол хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлж, нээлттэй дэглэмээс хаалттай дэглэмд шилжүүлсэн хүний тоо 13 хүнээр буюу 2.8 дахин өссөн байна.

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ШҮҮХИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 8487 өргөдлийг шийдвэрлэж, 6012 буюу 70.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 2475 буюу 29.2 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна.

Монгол Улсын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны эхний хагас жилд нийт 30501 хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 6012 өргөдлийг амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн 19.7 хувьтай тэнцэж байгаа тул иргэний хэргийн шүүхийн ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байгаа юм.

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ КИОСК МАШИН АШИГЛАН ТӨЛДӨГ БОЛЛОО 

Шүүхийн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, “Гэрэгэ системс” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Отгонбаяр нар шүүхэд нэвтэрч байгаа цахим үйлчилгээний талаар мэдээллээ. “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машинаар төлөх үйлчилгээг 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ хамгийн их ачаалалтай буюу Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Шүүхийн төрөлжсөн архивт энэ цахим төлбөрийн систем эхний ээлжид нэвтрүүлсэн юм.

Иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тул харьяа дүүргийн татварын байгууллага руу очиж “Татварын нэхэмжлэх” гаргуулан авч, энэ “Татварын нэхэмжлэх”-ийн дагуу банкинд дугаарлан гүйлгээ хийн баримтыг шүүхэд өгдөг байсан. Энэ нь цаг алдах, хүнд суртал үүсгэх зэрэг шүүмжлэл дагуулсаар иржээ.

Харин энэхүү систем нэвтэрснээр шүүхийн байран дахь болон бусад цэгт байрлуулсан киоск машинаар улсын тэмдэгтийн хураамжийг хэдэн секундийн хугацаанд төлж шууд шүүхэд хандах боломжтой боллоо. Шүүх болон төрийн бусад үйлчилгээний төлбөр төлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой “Гэрэгэ” киоск нь Улаанбаатар хотод 50 цэгт байрлаж байгаа юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-28 64.119.18.98

Zazailtsgaa ta nar. Sahilgiin zubluluu tatan buulgaad olon niitiin sanalaar bguul

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж