Ерөнхий сайд аа, та авлигачдад ялагдчихлаа!

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд аа, та авлигачдад ялагдчихлаа!

Ерөнхий сайд аа, та авлигачдад ялагдчихлаа!

“Авлигачидтай засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ” гэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амлалт үнэгүйдэж, авлигачид ялж явна.

Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орох хүртлээ доош унаж, авлигачдын учруулсан хохирол энэ оны хагас жилийн байдлаар  11.9 их наяд төгрөгт хүртлээ өндөр авсан нь авлига, албан тушаалын гэмт хэрэг буурах бус цэцэглэснийг илтгэв. Оны төгсгөлд хохирлын хэмжээ хэдэн тэрбумаар нэмэгдэхийг таашгүй.

Учир нь төрийн албаныхантай холбоотой авлига, албан тушаалын хэргүүд АТГ-т шинэ тутамд нэмэгдэн, хавтаст хэргүүдийнх нь тоог нэмж байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид ажиллаж байсан санхүүгийн ажилтнууд хуурамчаар цалингийн цэс үйлдэн, 440 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь дотоод аудитынх нь шалгалтаар илэрч, АТГ-т шалгагдах болжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэвж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хариу тайлбар хийснээр энэ хэрэг олон нийтэд ил болсноос биш цэргийн нууц нэрийн дор ийм төрлийн хэргүүд  хав дарагдаж, хууль зөрчигчид нь завшдаг байж болзошгүй тухай шивэр авир яриа ч түгэх. Мухарлах нь хуулийнхны үүрэг тул хар сэрийг арилгаж, шалгалтыг бүх шатанд хийх биз ээ гэж найдъя.

Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн М.Билэгт чуулганы танхимд эрүүл мэндийн салбартай холбоотой нэгэн ноцтой мэдээлэл хийв. Улсын эмнэлэг 3990 ортой бол хувийн эмнэлэг 243 ортой. Гэтэл 2018 онд хувийн эмнэлэгт  2.485.979 иргэн,  төрийн өмчит эмнэлгээр 1.359.824 иргэн амбулаторийн үзлэг хийлгэжээ.  Харин улсын эмнэлэгт 151.724 хүн хэвтэн эмчлүүлсэн бол хувийн эмнэлэгт 177.492 иргэн хэвтсэн. Ердөө 243 ортой хувийн эмнэлгээр 177 мянга гаруй иргэн хэвтэн эмчлүүлсэн байх юм.

Төрийн өмчит эмнэлгүүд ачааллыг үүрч, өвчтэй иргэдийг эмчилдэг бол хувийн эмнэлгүүд зөвхөн  үзлэг, оношилгоо хийдэг гэх  мэдээллээс тэс зөрөв. Цалингийн хий бичилт хийж, мөнгө завшсан шиг зүйл болсон юм биш байгаа. Өөрөөр хэлбэл, 243 ортой хувийн эмнэлэг 177 мянга гаруй иргэнийг жилийн хугацаанд хэвтэн эмчлэх хүчин чадалтай юу. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөнд салбарын яам нь хяналт тавьж ажиллаж чадаж байна уу гэдгийг шалгах цаг иржээ.

Иргэд ЭМД-ын шимтгэл төлөөд байдаг хэрнээ үйлчилгээ авч чаддаггүй, гэтэл даатгалынх нь мөнгө хүрэлцэхгүйгээс аль ч шатны эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд тариа, боолтоосоо эхлээд олон зүйлийг хувиасаа төлбөр төлж үйлчлүүлсээр байна.  Яагаад ЭМД-ын сан ёроолгүй сав болчих вэ.

АТГ-аас Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нарыг хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр өнгөрсөн хавар баривчлан саатуулсан бол Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуяг болон бусад албан тушаалтныг өнгөрсөн есдүгээр сард тус газраас саатуулан, шалгасан.  Нэг яамыг тойроод энэ олон баривчилгаа болсон нь салбарын хэмжээнд асуудал ямар байна вэ гэдгийг харуулах нэг дүр зураг болов уу.

Дээр нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн хэрэг Ерөнхий сайд таныг Засаглаж байх үед гарсан. Тус сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурор оруулсан ч хамгаалаад авч үлдсэн. Энэ хэргийг нийслэлийн Прокурор шүүхэд шилжүүлсэн тухай дуулдаж байгаа ч тухайн үед Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын алба хашиж байсан хүн нь хариуцлага хүлээх бололтой.  Нэг үгээр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй хийх таны тэмцэл хэлснээсээ зөрж, ялагдаж байна. Гэтэл авлигачдын учруулсан хохирол улсын төсөвтэй тэнцлээ.

11 жилд авлигын улмаас учирсан хохирол 800 гаруй тэрбум төгрөг байсан бол 2019 оны хагаст 11.9 их наяд болж, өсөв. Гэтэл хохирол барагдуулалт нь 376 сая төгрөгөөр яригдаж байна. Хохирол барагддаггүй, хууль зөрчсөн этгээд нь ял шийтгэл авдаггүйн гол шалтгаан нь танай танхимд Хууль зүйн сайдаар ажиллаж байгаа Ц.Нямдорж хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулснаас энэ бүхэн бий боллоо гэж хуульчид болоод хууль тогтоогчид шүүмжилж байна.

УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хэрэг хөөн хэлэлцэх хугацааг уртасгалаа ч авлига, албан тушаалын гэмт хэргүүд ял зэмгүй өнгөрч, хариуцлагаас мултрах эрх зүйн орчин үүссэнийг хуульчид сануулж байна.

Харин авлигачдад хагас жилийн хугацаанд завшуулсан 11.9 их наяд төгрөгөөр юу хийх боломжтой байсан бэ гэвэл 700 мянган айлын орон сууц барих мөнгийг алджээ.

Нийслэлийн гэр хороололд 220 мянган өрх бий. Тэдэн дээр аймгийн төвүүддээ 480 мянган айлын орон сууц барих хэмжээний мөнгө алдаж…

Ерөнхийлөгч өө, таны үед авлига хээл хахууль газар авлаа.  АТГ-ын “босс”-ыг солихоор авлигачдыг бөхийлгөнө гэсэн, гэтэл юу болов… Төртэй нь ард түмэнтэй нь дарлаж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж