Олон Улсын Хүүхдийн энхтайвны шагналыг 100,000 евро дагалдана | News.MN

Олон Улсын Хүүхдийн энхтайвны шагналыг 100,000 евро дагалдана

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Олон Улсын Хүүхдийн энхтайвны шагналыг 100,000 евро дагалдана

Монголын Хүүхдийн төлөө газраас Олон Улсын Хүүхдийн энхтайвны шагналд Монгол хүүхдийн нэрийг анх удаа дэвшүүлэхээр ажиллаж байна. Нэр дэвшигчийг тодруулахын тулд аймаг, нийслэлийн Хүүхдийн төлөө газар, хэлтсээр дамжуулан нэр дэвшигчийн тодорхойлолтыг энэ сарын 15-ны дотор хүлээн авах аж. Шагналд 12-18 насны, хүүхдийн эрхийн төлөө болон найз нөхдийнхөө төлөө бодитой ажил хийсэн хүүхдийг тодорхойлдог гэнэ. Энэхүү шагналын гол зорилго нь хүүхдүүдийг өөрсдийнхөө бодол санааг чөлөөтэй илэрхийлж чаддаг болгох, мөн өөрсдийн эрхийнхээ төлөө тэмцэх оролцоог нь нэмэгдүүлэхэд оршдог байна.
Шагналын эзэн болсон хүүхдүүдэд, үе тэнгийнхнийхээ дуу хоолой болон ажиллах үүрэг хариуцлага мөн давхар ногддог аж. Шагналыг дагалдан 100,000 еврог “Хүүхдийн эрх” байгууллагаас олгодог бөгөөд гэнэтийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх үүднээс мөнгөн шагналыг ялагчид шууд олгодоггүй. Харин зарцуулах эрхийг нь тухайн хүүхдийг нэр дэвшүүлсэн байгууллага, хувь хүний оролцоотойгоор тусламжийн төслийн хэлбэрээр аливаа хүүхдийн эрхийг хамгаалсан үйл ажиллагаанд зарцуулдаг аж.  Мөн “Нкози”-гийн нэрэмжит цомыг хүртэх эрхтэй бөгөөд боловсрол мэдлэгээ нэмэгдүүлэх, сургалтад зориулж санхүүгийн дэмжлэгээр хангагдах эрхийг давхар олгодог байна. Үүнээс гадна тухайн ялагчийн амьдарч буй орчин нөхцөл, зан заншлаас нь шалтгаалан гэр бүлийнх нь амьдрах орчинд бодит туслалцаа үзүүлдэг юм байна. “Хүүхдийн эрх” сангийн ажилтнууд ялагчидтай байнга холбоотой ажиллах ба аливаа асуудлаар тухайн байгууллагатай хамтран санал солилцох, хойшид хамтран ажиллах бололцоотой ажээ.

Голланд Улсын “Хүүхдийн эрх” байгууллагын үүсгэл санаачилгаар 2005 оны Нобелийн шагнал гардуулах ёслолын үеэр анхны шагналын эзнийг тодруулсан байна. Дэлхийн бүх улс орны нэр дэвшигч хүүхдүүдээс шалгаруулдаг бөгөөд өмнөх онуудад Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Энэтхэг, Замби, Бразил, Конго Улсаас тодорчээ.

П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж