С.Зоригийг хөнөөсөн хэргээр яллагдсан гурван ялтанг мөрдөн шалгах үедээ эрүүдэн шүүсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн нарын өмгөөлөгч нар өнөөдөр /2019.10.28/ хэвлэлийн бага хурал хийлээ.
ӨМГӨӨЛӨГЧ Б.МЭРГЭН: –С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэмээн хэрэг үүсгэсэн. Анхан шатны шүүхээс тодорхой шалтгаануудын улмаас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахиж шалгах шаардлагатай гэж үзсэн учраас прокурор руу буцаасан. Гэтэл прокурорын зүгээс санал нийлэхгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж эсэргүүцэл бичсэн байдаг. Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах хэргийн шүүхээс прокурорын эсэргүүцэл нь зөв юм байна гэж үзээд, анхан шатны шүүх рүү буцаасан. Материалынхаа хүрээнд хэргийг шийд гэсэн шийдвэр гаргасан байгаа. Өмгөөлөгчдийн хувьд энэ шийдвэртэй санал нийлэхгүй. Тиймээс магадлалаа гаргаж авсныхаа дараа Улсын Дээд шатны шүүхэд гомдол гаргана гэсэн байр суурьтай байна.
Энэ хэрэг мэдээж төрийн маш нууц зэрэглэлтэй, хэргийн материалын талаар ярих ямар ч боломжгүй. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулгад төрийн нууцад хамааруулсан эрүүгийн хэргүүдийг ил болгох талаар хүсэлт гаргаж байгаа юм. Хүсэлтэд: нэгдүгээрт, 1998 оны аравдугаар сарын 2-нд үйлдэгдсэн гээд байгаа С.Зоригийг хөнөөсөн хэргийн104 хавтаст материалыг ил болгох. Хоёрдугаарт, эрүүдэн шүүсэн гээд байгаа 36 хавтаст хэргийг ил болгож, шүүх хуралдааныг нээлттэй хийх нь зүйтэй. Ингэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, Засгийн Газарт зөвлөмж хүргүүлээд хэргийн материалыг илгэх болгохыг хүссэн.
Ил болгохын учир нь 36 хавтаст хэрэг бол 15600 орчим нүүр. Гэтэл өмгөөлөгчдөд хэрэгтэй танилцах маш бага хугацаа өгсөн. Энэ бүхэнтэй шүүх дээр очиж танилцаад, тэмдэглэл үйлдээд, тэндээ үлдээгээд гардаг. Авч гарах ямар ч боломж байхгүй. Нөгөө талаар маш нууц учраас бид Үндсэн хуульд заасны дагуу үйлчлүүлэгчдийнхээ өмгөөлүүлэх эрхийг хангаж чадахгүй байна. Ийм хязгаарлагдмал нөхцөлтэй байхад нэр бүхий улс төрчид маш нууц хэргээс задруулаад байх юм. Задруулахдаа өөрсөддөө ашигтай байж болох, олон нийтийг төөрөгдүүлэхээр мэдээллийг сонгоод байна. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй.
Бид худлаа мэдээллийг нь залруулах гэхээр төрийн нууц гээд задруулж болохгүй. Тэд энэ мэдээллийг хаанаас аваад байна вэ? УИХ-ын гишүүн ч гэсэн төрийн нууцтай танилцах эрхгүй. Хэрвээ танилцахаар бол Тагнуулын Ерөнхий газарт холбогдох дүрэм, журмын дагуу нууцын баталгаа гаргаж, зөвшөөрөл авах ёстой. Тэгэхээр тэнцвэртэй байлгах үүднээс иргэдэд мэдээллийг ил тод хүргэмээр байна. Энэ үүднээс бид Үндэсний аюулгүйн зөвлөлд хүсэлт гаргаж байна" гэсэн юм.
Холбоотой мэдээ