"Ардчилсан хувьсгалд монголчууд бүгдээрээ оролцсон"

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Ардчилал-30

"Ардчилсан хувьсгалд монголчууд бүгдээрээ оролцсон"

"Ардчилсан хувьсгалд монголчууд бүгдээрээ оролцсон"

Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн 1990 оны Ардчилсан хувьсгалд нэг айлын зургаан хүүхэд оролцож байжээ. Үүнээс бид тухайн цаг үеийн нийгмийн амьдралд өөрчлөлт, шинэчлэлт хэчнээн чухал байсныг мэдэж болно. Одоо ч тэд итгэл үнэмшилдээ үнэнч хэвээр. Үсэнд нь буурал суусан ч үзэл бодол нь өөрчлөгдсөнгүй. Үүнийг гэрчлэх ах, дүү зургаагийн нэг бол Ардчилсан хувьсгалын анхны партизан Шаравдоржийн Төмөрбаатар. Түүнтэй уулзаж 30 жилийн өмнөх дурсамжийг эргэн сөхлөө.

-Нэг айлын зургаан хүүхэд ардчилсан хувьсгалд зүтгэж явсан гэхээр анхаарал татлаа. Аав ээж, ах дүү нараа эхлээд бидэнд танилцуулахгүй юу?

-Манайх ам бүл наймуулаа. Таван хүү, нэг охинтой айл. Аав маань  насаараа холбоонд ажилласан хүн. Сүүлд яаманд хэлтсийн дарга хүртэл хийж байв. Харин ээж маань сургуульд багшилдаг байлаа. Манай партизанууд мэдэж байгаа даа. Том ах Алтангэрэл маань тухайн үед барилгын СОТ2-ын СМУ-ийн дарга байв. Бараг л сайдын хэмжээний цалинтай байсан. Харин Баяраа дүү маань "Говь" комбинатад Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах хэлтсийн инженер. Удаах дүү Баярсайхан барилга монтажид ажиллаж байв. Хамгийн бага дүү Түвдэндорж сүүлд Батлан хамгаалахын сайд хийж байсан шүү дээ. Би өөрөө Политехникийн дээд сургууль төгсөөд Телефон Радио Ашиглалтын улсын хороонд ажиллаж байлаа.

-Аав, ээж тань сэхээтэн хүмүүс. Ах дүү зургаа бүгд тухайн үед өндөр цалинтай боломжийн ажил хийдэг байж. Яагаад ардчилсан хувьсгалд оролцсон юм бэ?

-1984 онд Зөвлөлт холбоот улсын Ерөнхий нарийн бичгийн дарга М.С.Горбачёв болсон шүү дээ. Үүнээс хойш залуус аажимдаа сэргэж, өөрчлөн байгуулалт явагдаж эхэлсэн. Энэ байдал манайд ч нөлөөлсөн. “Гал тогооны хувьсгал” гэдэг шиг энд тэнд залуус хэд гурваараа нийлж, нууцаар үйл ажиллагаа явуулдаг байсан үе. Ингэж яваад л 1989 онд Уран бүтээлчдийн улсын зөвлөгөөнөөр тэсэрч, хүрээгээ тэлсэн байдаг юм. Миний хувьд хоёр дахь цуглаанаас оролцож эхэлсэн. Нэг зүйл онцолж хэлэхэд Ардчилсан хувьсгалд маш олон хүн гавьяатай. Яах вэ, бид хэдэн дарга нарыг л яриад байдаг. Гэтэл арын албанд олон хүн үзэл бодолдоо үнэнч зүтгэж байсан юм шүү. Биднийг хөдөө орон нутгаар их явуулна. Ард иргэдэд ардчилсан хувьсгалыг ухуулан таниулах гэж би жишээ нь арав гаруй аймгаар явсан байдаг. Улаанбаатар хотод хүртэл албан газруудаар явж яриа хийнэ. Тэр бүү хэл Шинжлэх ухааны академи дээр очоод баахан эрдэмтдийн өмнө лекц уншиж байлаа. Одоо бодоход санаа зовмоор, юугаа ч ярьдаг байсан юм. Ийм л итгэл үнэмшилдээ үнэнч, зоригтой залуус байлаа. Нэг сонин юм ярихад 2000 онд би Удирдлагын академид сурч байхад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид гуай “Ардчилсан хувьсгалд Монголын бүх ард түмэн оролцсон. Зарим нь зогсоох гэж оролцсон бол зарим нь түрж, нөгөө хэсэг нь чирч оролцсон” гэж хэлж байсан. Энэ бол үнэн. Монголчууд бүгд ямар нэгэн байдлаар ардчилсан хувьсгалыг бий болгосон.

-Та яагаад оролцохоор шийдэв ээ, ах дүү нарын нөлөө байв уу?

-Бага байхын л надад гадаад ертөнц их сонирхолтой санагддаг байлаа. Барууны хөгжим, жинсэн өмд, бохь, итали нүдний шил гээд л залуу хүний хувьд орчин үеийн зүйлд их дуртай. Гэтэл энэ бүхнийг тухайн үед хаадаг, хориглодог байв. Бүр хичээл дээр хүртэл “Эд материалд шунах үзэл” гээд заадаг байлаа шүү дээ. Тэгэх тусам хүн улам илүү сонирхоно, хэрэглээд үзчих юмсан гэж бодно. "Битлз"-ийн дуунууд сонсохоор их гоё. Бүхнийг чөлөөтэй илэрхийлж дуулна. Бид том даргаас айдаг байхад тэд үгүй. Хувь хүн гэж өөрсдийгөө зарлан тунхаглана. Гэтэл бид бусдаас ялангуяа нам, засгаас хамааралтай. Хувь хүн гэж байхгүй, нийтийн гэсэн ойлголт бий. Ийм л цаг үе байлаа. Гэхдээ миний хүүхэд нас, өсвөр үе, ажил амьдралын гараа бүгд социализмын үед өнгөрсөн болохоор одоо тэр үеийг “ностальгия” болгож дурсах дуртай. Нөгөө талаар тэр үе үнэхээр хэцүү байсан. Үүл даргын хэлдгээр “Жирийн дэглэмтэй колони” байсан гэдэг чинь үнэн байхгүй юу.

-Яг ямар гэсэн үг вэ? Тухайлбал, юу хориглодог байв?

-Үсээ ургуулж, трапицан өмд өмсч, барууны хөгжим сонсож, өөрийн гэсэн өмчтэй байж болохгүй гэх мэт. Өмчийн тухайд жишээ ярья. Манай аав цалингаасаа 470 төгрөг төлөөд шинэ банз худалдаж авсан байгаа юм. Тэгээд Дамбадаржаад нэг байшин барих боллоо. Гэтэл үүнийг хажуу айлын хүн харчихаад дээш нь шууд матсан байгаа юм. Тэгэнгүүт Ардын хянан шалгах хорооноос улсууд ирээд "За, энэ банзыг хаанаас авсан" гээд шалгаад эхэлж. Аав яах вэ дээ, нөгөө худалдаж авсан бичгээ үзүүлсэн биз. Ерөөсөө ийм л байсан, хажуу айлаа матчихдаг. Хаа сайгүй хяналт, шалгалт, матаас. Бусдаас илүү гарч, амьдралаа сайжруулж болохгүй. Ийм л цаг үе байлаа.

-Үүнийг өөрчлөхөөр залуус нэгджээ. Тэдний нэг хэсэг бол та зургаа. Гэтэл аав, ээж тань социализмын үеийн “бүтээгдэхүүн”. Үзэл бодлыг нь өөрчлөх амаргүй. Та нарын хооронд зөрчилдөөн хэр үүсдэг байв? Ардчиллыг дагалаа гэж уурлаж, бухимдаж байсан удаа бий юу?

-Тэр үед манай аавыг хүүхдүүдээ хүмүүжүүлж чадаагүй гэж Холбооны яамны хурлаар оруулсан байдаг. Би тэгэхэд Цахилгаан шуудан холбооны газар ажиллаж байсан юм. Хурал дээр аав хэлэхдээ “Би хүүхдүүдийнхээ биеийг төрүүлсэн болохоос сэтгэлийг нь мэдэхгүй юм. Өөр юу хэлэх вэ, надад арга хэмжээ авбал аваарай” гэсэн юм билээ.

-Аав тань та нарт юу гэж хэлэв?

-Аав бидэнд юу ч хэлээгүй. Манай Баярсайхан дүү өлсгөлөн зарлаад талбай дээр сууж байхад аав маань нэг удаа очсон гэсэн. Хүүгээ нэг харчихаад юу ч хэлэлгүй яваад өгсөн байгаа юм. Одоо бодох нь ээ аав биднийг ерөнхийдөө дэмжиж л байж. Тэрийгээ ил хэлэхгүй дотроо бодоод л явдаг байсан биз. Миний муу аав ямар ч байсан хэдэн хүүхдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэчих гээд хичээж л явсан хүн.

-Хөдөө орон нутгаар явж байхад иргэд та нарыг яаж хүлээж авч байв? Ардчиллын талаар тэд хэр ойлголттой байсан бэ?

-Ер нь мэдээ, мэдээлэлгүй л байсан. Тэр үеийн малчид гаднаа баахан малтай, тэгсэн хэрнээ амаржсан эхнэртээ шинэ хонины шөл уулгаж чадахгүй байлаа шүү дээ. Төлөг гаргахын тулд нэгдлийн даргын гарын үсэг авах болдог. Гарын үсгээ зуруулж чадахгүй бол эхнэртээ шинэ шөл уулгах эрх мэдэл байхгүй. Ийм байхад бид малыг малчдад өгнө гээд өмч хувьчлал яриад эхлэхээр тэд гайхсан байдалтай. Нэгдлийн дарга нар нь болохоор эсэргүүцэх маягтай. Малыг хувьд өгчихвөл хорооллын 40 мянгатын тагтаар дүүрэн хонины толгой өлгөнө. Нэг ёсондоо алж идээд дуусна. Тэгээд эцэст нь Монгол малгүй болно гэж тэд үзэж байв. Гэтэл одоо юу болов, Монголын мал 80 сая хүрчихсэн байгаа биз дээ. Энэ бол өмч хувьчлалын үр шим. Д.Бямбасүрэн гуай ч үүн дээр торгон ухаанаар хандсан. Малчид өөрсдөө мэдэг гээд орхичихсон. Хэрэв хуваарилаад эхэлсэн бол бас яах ч байсан юм. Гэхдээ монгол хүний малч ухаан гэдэг айхтар нарийн шүү. Юу гээл малаа алж, хядаад тагтан дээр толгойг нь овоолж байх вэ дээ.

-Ардчилал гэж таныхаар яг юу вэ?

-Ардчиллын тухай миний анхны ойлголт бол хүн эрх чөлөөтэй сурч, ажиллаж, амьдарч, үзэл бодлоо илэрхийлэх юм. Тэгсэн мөртлөө би өөрөө хуучинсаг үзэлтэн. Манайх хоёр охинтой. Хэрэв би Ардчилсан үзлээр өсгөвөл хувь хүн юм чинь гээд чөлөөтэй орхичихно. Гэтэл тэгж чадахгүй, байнга араас нь санаа зовоостой. Чи хаана байна, ирэх болж байна уу гээд утасдаастай. Тэгэхээр би өөрөө ардчилал, социализм хоёрын завсрын бүтээгдэхүүн болж таарлаа тийм ээ. (Инээв) Ер нь Монгол Улс ардчилсан хувьсгалд шилжсэнээр буруудсан зүйл байхгүй.

-Ардчилсан хувьсгал нэг талаар нийгмийн туршилт байсан гэж ярихыг сонсож байлаа. Тиймээс ч алдаа, оноо их бий гэдэг. Ардчиллын үндэс суурь манай оронд зөв тавигдсан уу?

-Яг туршилт гэж хэлж болохгүй. Бидэнд тухайн үед өөр сонголт байгаагүй. Орос өөрсдөө бужигнаантай. Хятад мэдээж ойлгомжтой. Тэгтэл IV цахилгаан станц хөлдөөд зогсчих гээд их хэцүү байв. Тэр үед харин Япон улс бидэнд их дэм болсон шүү. АНУ-аас Жеймс Бейкер гэж нөхөр ирээд манай нөхцөл байдалтай танилцаад тэгээд Япон нөлөөлсөн байх. Япон манайд мөнгөн дэмжлэг үзүүлж, техник, тоног төхөөрөмж шинэчилсэн юм. Энэ чинь ардчилсан хувьсгал, нээлттэй нийгэм, гуравдагч хөршийн бодлогын үр шим. Одоо гэтэл өмч хувьчлал буруу байсан гэж ирээд л ардчиллыг шүүмжлэх гэх юм. Үнэндээ социализмын үед бүх зүйл тийм сайхан байгаагүй. Дээр үед манайд Чехтэй хамтарсан гутлын үйлдвэр гэж байлаа. Жилд таван сая гутал хийх хүчин чадалтай. Чехээс баахан тоног, төхөөрөмж оруулаад ирчихсэн. Гэтэл тэр гутлын чанар нь маш муу. Тэгэхээр мэдээж Орос авахгүй, Хятад бүр харахгүй. Чехүүд өөрсдөө ч авахгүй. Хэн тийм хачин чанар, үзэмжгүй гутал авах юм бэ. Ямар ч зах зээлгүй таван сая гутал үйлдвэрлэхээр мэдээж дампуурна биз дээ. Үүнээс гадна наймын чихэр гэж байлаа. Аймаар хатчихсан, амтгүй чихэр. Тэр чихрийг гэхэд 40 жил идэх хэмжээний нөөцтэй үйлдвэрлэдэг байж. Тэгээд яах вэ дээ, зах зээлийн хуулиар бас л дампуураад алга болно. Түүнээс биш үйлдвэрт ардчилал нөлөөлөөд устгаад байсан юм байхгүй.

-1990 онд Монгол, Орос хоёр өөрчлөлт, шинэчлэлтийн хувьд хувьсгал хийж яг нэг ижил гараанаас гарсан. Гэтэл монголчууд зарим талаар харьцангуй эрх чөлөөтэй, нээлттэй, ил тод санагддаг. Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх, хардах гээд бүгд нээлттэй, чөлөөтэй. Өөрөөр хэлбэл, монголчууд бид ардчилсан тогтолцоонд илүү хурдан дасжээ?

-Оросыг Монголтой жиших аргагүй. Хятад бол бүр тусдаа. 1978 онд Дэн Сяопин өөрчлөлт гээд ярьсан. Тэгж яривал хятадууд чинь биднээс түрүүлээд ардчиллын зам руу орчихсон. Улс төрийн тогтолцооны хувьд социалист мөртлөө эдийн засгаа зах зээл рүү шилжүүлчихсэн. Тэгээд 1990 оны уулзвар дээр Монгол, Орос, Хятад гурав уулзлаа гэтэл Орос одоо ч бужигнаантай, Хятад Улс төр нь социалист хэвээр. Харин Монгол Улс төр, эдийн засаг хоёроо ардчилсан хувьсгал руу зэрэг шилжүүлж чадсан. Энэ утгаараа монголчууд илүү эрх чөлөөтэй, ардчилсан байгаа юм. Монгол хүүхдүүдийг хар л даа. Их нээлттэй, нүүрэмгий, өөрийн гэсэн үзэл бодолтой, зорилго тэмүүлэлтэй өсөж байна. Тэднийг зөвхөн дэмжих хэрэгтэй. Аристотель “Одооны энэ хүүхдүүд эцэг эхээ хүндлэхгүй, хүний үг ч сонсохгүй юм. Энэ дэлхий сөнөхийн цондон байх” гэж аль 2500 жилийн өмнө хэлж байжээ. Гэтэл одоо дэлхий сөнөөгүй л байна. Угаасаа шинэ үе гэдэг түрээд, шинэчлэгдээд, цусаа сэлбээд явж байх ёстой. Бид ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд зарим ахмад үе одооны энэ залуус гэж ирээд л шүүмжилдэг байсан. Тэгээд юу болов, ардчиллын ачаар бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, гадагш дотогш аялж, хувийн өмчтэй болж, хүн бүр өөрсдийгөө ганцхан хувь, дахин давтагдашгүй “Урлагийн бүтээл” гэдгээ мэдэрч амьдарч байна. Энэ чинь бидний тэмцэж олсон ардчилал юм шүү дээ.

-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж