Японд 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас Фукушима Дайчи АЦС-д цөмийн дэлбэрэлт болсон билээ. Ослын улмаас Фукушимад цацраг идэвхит бодис тархаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.
Гэтэл ослоос дөрвөн жилийн дараа Фукушимагийн Нахара гэх жижиг хотын оршин суугчдыг гэртээ эргэн ирж болно гэж албаныхан мэдээллээ. Японы албаныхан өнгөрсөн хугацаанд цацрагийг саармагжуулах, хоргүйжүүлэх ажлыг хангалттай хийсэн гэж мэдэгдэв. Нахарагийн албаныхан цаашид цацрагийн хэмжээг байнга хянаж байх бөгөөд эмнэлэг, дэлгүүр зэргийг дахин ажиллуулж эхэлжээ.
АЦС-ын ослын дараа Нахарагийн 7400 гаруй оршин суугчийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн юм. Тус хот нь АЦС-аас өмнө зүгт 20 орчим км зайтай оршдог аж.
Фукушимагийн ослоос хойш 100 мянга гаруй хүн дөрвөн жилийн турш орон гэрээсээ дүрвэн амьдарч байна. Японд 2011 оны гуравдугаар сард болсон 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт цунамийн гамшиг дагуулснаар 16 мянган хүн амь үрэгдэж, 2500 гаруй хүн ор сураггүй болжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС