FATF Монгол Улсын саарал жагсаалтад оруулах шийдвэр гаргаж, бид түүнийхээ буруутныг хайсаар эцсийн дүндээ Монголбанкны удирдлага болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар огцруулаад өнгөрөх бололтой. Үнэн хэрэгтээ тэдэнд буруу байгаа юу гэвэл байгаа. Тэдний буруу юу гэвэл улстөрчид шиг худал хэлж чадахгүй, ажлаа хийсэн учраас тэд өнөөдөр буруутан болоод үлдэж буй. Саарал жагсаалтад оруулах сануулга сүүлийн гурван жил ирсэн. Яг энэ үед МАН-ынхан эрх барьж эхэлсэн бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд саарал жагсаалтад орохгүй, орохгүй байх арга хэмжээг авах бүрэн боломж байсан. Гэхдээ тэд үүнд бус сандал суудал, эрх мэдлийнхээ “тулаанд” анхаарлаа хандуулаад завгүй байсан. 2017 оноос хойш нийтдээ 40 орчим жагсаалт бүхий сануулга ирсэн байхад УИХ юу хийсэн бэ. Тэд эрх мэдлийн төлөө дайтаж, нэгнийгээ огцруулж, томилж байсан. Харин тэд асуудал хоолой дээр нь тулгарахад гэнэт ухаарч, хуулиа баталж, хэдэн дарга нарыг дуудаж, загнаж л суусан. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийг саарал жагсаалтад орохоос хэдхэн өдрийн өмнө баталсан нь үүний баталгаа юм. Тэдэнд гурван жил байсан гэдгийг дахин тодотгоё.
Н.БАЯРТСАЙХАН ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР, С.ДАВААСҮРЭН Г.ЗАНДАНШАТАРЫН ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ
УИХ-ын дарга өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг өрөөндөө дуудаж “загнав”. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынх нь тайланг сонсч, хариуд нь ажлаас нь хуулийн дагуу чөлөөлнө гэдгээ Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд сануулсан. Харин Монголанкны ерөнхийлөгчтэй уулзахад өөрийн хүсэлтээр ажлаа өгнө гэж УИХ-ын даргад Г.Занданшатар хэлсэн гэдгийг тэрбээр хэлж байв. Тиймээс улс төрийн хүрээнд ч тэдний орны хүмүүс хэн байх вэ гэсэн таамаг яригдаж, горилогчдын нэрс яригдаад эхэлжээ.
СЗХ-НЫ ДАРГАД ДЭД ДАРГА Д.БАЯРСАЙХАН “ЗҮТГЭЖ” БАЙНА
2016 онд МАН ялалт байгуулсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны даргаар С.Даваасүрэнг томилсон. Түүнийг мэргэжлийн, чадвартай хэмээн томилж, сүүлийн гурван жилийн хугацаанд Санхүүгийн зохицуулах хороог удирдахдаа хийсэн ажилтай, хэлэх үгтэй гэж дүгнэдэг. Гэвч саарал жагсаалтад ороход тэдний нөлөө ч мөн байсан. Тиймээс ч түүнд хариуцлага тооцно гэдгээ УИХ-ын дарга хэлсэн биз ээ. Тэгвэл түүний оронд СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан зүтгэж байгаа сурагтай. Тэрбээр мөн 2016 онд томилогдсон бөгөөд С.Даваасүрэнгийн оронд томилогдохоор МАН-ын гишүүдийг тойглож явна гэх бор шувуу улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. Д. Баярсайхан нь Сангийн яам, төслийн зохицуулагч, бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал зэрэг ажил эрхэлж байжээ.
ТӨВБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД ГОРИЛОГЧИД ОЛШИРЧЭЭ
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг “огцруулах” санаархал улс төрийн хүрээнд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд хүчтэй өрнөсөн. Тус албан тушаалд санаархагч УИХ-ын гишүүд ч олон байсан бөгөөд санаагаа ил, далд олон янзаар илэрхийлж байсан. Тиймдээ ч тэр олон санаархагчдад саарал жагсаалт жинхэнэ өгөөш болсон гэхэд болно. Тиймээс Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцох асуудал хүчтэй өрнөж, МАН дотор бүр энэ суудалд санаархагчид энд тэнд уулзалт хийж, лоббигоо эхлүүлсэн гэх яриа ч байна. Үнэндээ Төвбанкны удирдлагууд буруутай, буруугүй гэдгийг шүүхээс илүү боломж олдсон дээр нь гэдэг шиг хариуцлага тооцохыг хүсэгчид олон байсан гэдгийг сануулах нь илүүц биз ээ.
Хэрэв УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэнчлэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр бол түүний оронд хэн томилогдох бол гэдэг таамаг улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж байна. Тэгвэл дараагийн Монголбанкны ерөнхийлөгчийн суудалд горилогчдын дунд Т.Аюурсайхан гишүүний сонгуулийн штабыг удирдаж байсан, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Л.Соронзонболдын нэр нилээн тод яригдаж эхэлжээ. Мөн одоогийн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын нэрс ч яригдаж байгаа гэнэ. Гэхдээ Б.Лхагвасүрэнгийн хувьд Увс аймгийнх гэдэг шалтгаанаар хасагдаж магадгүй байгаа гэнэ. Түүнээс гадна эдийн засагч, багш Ч.Хашчулууны нэр ч энэ дунд яригдаж байгаа сурагтай. Энэ мэтчилэн олон нэрс яригдаж байгаа ч Монголбанкны удирдлагыг солих нь тийм ч тохиромжтой хувилбар, тохиромжтой цаг хугацаа биш гэж үзэх гишүүд ч МАН дотор байгаа гэнэ.
Ийнхүү саарал жагсаалтын дүйвээнээр хэд хэдэн томилгоо хийгдэх нь тодорхой болоод байна. Харин хэн үлдэж, хэн дэвшиж, хэн явах вэ гэдэг ирэх өдрүүдэд тодорхой болох болов уу. Гэхдээ хэн нэгэн албан тушаалтныг чөлөөлж, халснаар саарал жагсаалтаас гарчихгүй л болов уу.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ