Монгол гэрийн хойморт залрах эрээн авдар янз янзаараа өрөөстэй. Хээ угалз, хэлбэр хэмжээ нь ч өөр өөр. Бүр жижгээсээ бүр том хүртэлх модон авдрыг эгнүүлэн цэгцтэй өрсөн харагдана. Энэ бол монгол авдарны хамгийн олон цуглуулгатай эртний эдлэл цуглуулагч О.Маш-Эрдэнийн цуглуулгын нэгээхэн хэсэг. Одоогоос гурван жилийн өмнө түүний гэрээр зочлоход цуглуулгаа музей болгох тухай ярьж байсан бол өнөөдөр эхнээсээ ажил хэрэг болсон нь энэ.
Тэрбээр 1990 оноос хойш цуглуулсан арвин цуглуулгаараа өдрөөс өдөрт алсран холдож буй нүүдэлчин ахуй амьдрал, өв уламжлалыг харуулсан Угсаатны зүйн гэр музейг байгуулахаар зорьж буй нэгэн.
ЦУГЛУУЛГАД НЬ 300 ГАРУЙ АВДАР БИЙ
Харахад эгэл модон ширээ, авдар, шогол, төмөр тулга, тогоо, зэс шанага, халбага харагдаж байгаа ч бүгд л нүүдэлчин ахуйг илтгэнэ. Цаашилбал, өнөө цагт хэрэглэхээ байсан айрагны хөхүүр, уур нүдүүр, модон хувин зэрэг эд хогшлыг монгол гэрт дэлгэсэн нь хэн хүний анхаарлыг татна.
О.Маш-Эрдэнэ хэлэхдээ “Нүүдэлчин ард түмэн ахуй хэрэглээний ямар өндөр соёлтой байсныг, хэрхэн амьдарч, юу хэрэглэж байсан тухай өгүүлэх зорилгоор гэр музейгээ нээсэн. Би угсаатны зүйн үнэтэй, хосгүй бүтээл сонирхдоггүй. Бидний энгийн эд хогшил ч түүх өгүүлж байдаг. Хөхүүрт айраг исгэх нь ховордож, мотоциклиор малаа хариулдаг болсон энэ цаг үед монголчууд нүүдлийн соёл иргэншлээ л мартаж боломгүй санагдана. Тиймээс миний цуглуулга нүүдэлчин ахуйг илтгэх энгийн хэрэглээний эд зүйлсээс бүрддэг” хэмээн хэлж байсан.
Түүний 20 гаруй жил цуглуулсан цуглуулга өдгөө 15-20 мянгад хүрчээ. Тэр дундаа модон хуучны авдар гэхэд 300 гаруй бий. Биднийг зорин очиход түүний хүү М.Золбаяр угтан авч, музейн үзмэрээ танилцуулсан юм. Тэрбээр аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд одоо музейн үзмэрийнхээ судалгааны ажлыг хийж байгаа ажээ.
“НАНДИН САЙХАН ЭД ЗҮЙЛЭЭ ШАТААЧИХДАГ НЬ ХАРАМСАЛТАЙ”
Тэрбээр “Одоогоор музейн сан хөмрөгөө баяжуулахаас илүүтэй огт байхгүй зүйлээ эрж хайж байна. Үзмэрүүдээ эхнээс нь судлахаар ажиллаж буй бөгөөд эргэнэг дутагдалтай байна. Мөн тос даасан сайхан саалийн дээл огт байхгүй юм билээ. Яг тийм саалийн дээлийг буян шингэсэн гээд хүмүүс өгдөггүй юм байна. Саяхан хөдөө нүүж байгаа айлаас асуусан чинь “шатаачихсан” гэж байна лээ. Үнэхээр харамсалтай. Тийм нандин сайхан эд зүйлээ шатаачихаар хойч үедээ юу ч үлдээхгүй шүү дээ” хэмээн харамсангуй ярилаа.
Өнгөрсөн зунаас музейн бүх үзмэрээ бүртгэж, бар кодлоод, гадаадын жуулчид гар утасныхаа аппликейшнээр кодыг уншуулбал бүх мэдээлэл нь гарч ирэх аж. Бүр хэрхэн эдэлж хэрэглэдэг байсан тухай видео танилцуулга гарах бөгөөд цаашдаа дижитал музейн чиглэлээр хөгжүүлэх талаар танилцууллаа.
“Одоо цуглуулгаа хүнээс авахдаа эдэлж хэрэглэж байсан хүний овог нэр, нутаг усыг нь бичээд авч баймаар байна. Авдарны хээ угалзаар нь тэр аймгийнх гээд ялгаж болох ч нарийн мэдээлэлгүй цуглуулга олон бий. Авдарны хээ болгон нь дахин давтагдашгүй. Зарим авдарны нүүрэн дээр домогт гардаг амьтдыг дүрсэлсэн байдаг бол монгол шүдэнзний зургийг тэр чигээр нь зурсан авдар ч байдаг юм билээ. Өнгөрсөн зун хүн хүлээн авалгүйгээр судалгаа, бүртгэлийн ажлыг хийсэн.
Манайх модны“Хангай” зах дээр модон авдарны үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Үзэсгэлэнг сонирхсон хүмүүс өөрсдийн хэрэглэж байсан хуучин модон авдарны зургаа үзүүлээд “Ийм авдар авах уу” гэж их асуудаг. Бидний зүгээс үнэ тохирч байгаад авдаг. Саяхан хөдөөнөөс хот руу шилжиж ирэх гэж байгаа нэгэн айл “Хуучны модон хэрэгсэл худалдаж авах уу” гэж асуусан” тухай түүний хүү хэлж байлаа.
“ЦУГЛУУЛГАА НЭМЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ БАЙГААГАА АНГИЛАН СУДАЛЖ БАЙНА”
Тэднийх зуны байшиндаа үзмэрүүдээ байрлуулж, дээд давхартаа жижиг модон ширээ, сандал, авдраа байрлуулсан бол доод хэсэгтээ гал тогооны зориулалттай ахуйн хэрэгсэлүүдийг дэлгэжээ. Тэр дунд анхаарал татсан ахуйн хэрэгсэл бол аяны зориулалттай хэрэгсэл байв.
Аянд явж буй нэгээс хоёр хүнд зориулсан жижигхэн төмөр тогоо, эвхдэг тулга, тогооны модон бариул, шанага нь бүгд угсардаг. Гадуураа ширэн ууттай. Хоол, цайгаа хийж дуусаад эвхээд л ууталчихна. Энэ мэт олон сонирхолтой 1500 орчим үзмэрийг л нүднээ ил өлгөжээ. Харин цаана нь дэлгэгдээгүй бурхан шашны цаасан зураг, ном судар гэхэд 10 мянга гаруй байгаа аж. Тэрбээр 1990-ээд оны үед бурхны судар номыг замбараагүй худалдаалж байх үеэр авсан гэдгээ нуусангүй. Түүний судар бичгүүдийн дунд хүрээ барын “Их Жадамба” хэмээх их ховор судар байдаг гэдгийг учир мэдэх хүмүүс түүнд хэлжээ.
Цуглуулагч О.Маш-Эрдэнэ гуай авдар цуглуулах болсон түүхээсээ хуваалцахдаа “Би энэ олон авдрыг сайндаа ч цуглуулаагүй юм. Анх эртний эдлэлийн дэлгүүрээр явж байтал хэдэн хятадууд “Авдар авна” гэж байна. Тэгээд тэдний яриаг сонсоход “Одоо 30 гаруй авдар авчихвал вагон дүүрэх гээд байна” гэв. Тэгээд би дараа нь учрыг нь асуулаа. Тэгсэн Хятадын ӨМӨЗО-д угсаатны зүйн 100 гэр музей байгуулах тендер зарласан гэнэ. Тэр тендерээс наймыг нь шалгаруулна гэсэн юм билээ. Гэтэл би “Гэнэтхэн Монголын хамаг авдруудыг маань зөөгөөд дуусгачих юм биш биз гэсэн бодол төрж, авдраа цуглуулж эхэлсэн дээ. Ер нь модон эдлэлийг ахуйн хэрэглээний зориулалтаар ямар ч зөвшөөрөлгүй гаргадаг шүү дээ. Ойр дотны хүмүүс маань ч надад тусалж, манайд хэрэглэхгүй авдар байгаа гэсээр нэг л мэдэхэд арвин цуглуулгатай болсон доо хэмээн хуучилж байв.
Тэртээ 1940-өөд оны үед гарын ур дүйтэй урлаачид айлд авдар хийж өгөхдөө модон суурин дээр нь манийн үсгүүдийн сийлэн өгч буддаг байсан гэдэг. Хүн харахад энгийн эрээн авдар мэт боловч шүншигтэй авдарт буян тогтдог тухай яриа ч бий.
Гэр музейн гол хэсэгт өвлийн цагт цогшсон аргалын цог гэр дулаацуулдаг хуурай хэдэн аргалтай хөөвөнг байрлуулжээ. Гэрийн зүүн талаар хуучин цагийн малчид нүүдэл суудал хийхдээ тэмээндээ ачаагаа тэгнэн, өөжинд хүүхдээ суулгадаг өөжин ч харагдана. Музейг сонирхохоор ирсэн зарим настангууд саалийн хувинг хараад “Өсөж, төрсөн ахуй минь үнэртэж байна” хэмээн сэтгэл нь хөдөлж, уйлах тохиолдол ч гарч байжээ.
Тэрбээр хэзээ ч хүний хуучин эд цуглуулж байна гэж бодож байгаагүй бөгөөд монголын өв соёл гэдэг үүднээс цуглуулгаа цуглуулж ирсэн нэгэн. Хүмүүс эртний эдлэл цуглуулдаг гэхээр л түрийвч нь түнтийсэн баян хүн гэж ойлгодог. Гэтэл энэ хүн өөрийн хоббидоо сэтгэл зүрхээ зориулж чадсан хүн. Тэрээр “Сүүлийн жилүүдэд цуглуулгаа нэмэхгүй байгаа. Одоо ч юм ховордоод үнэ нь ч тэнгэрт хандчихжээ. Миний хувьд цуглуулгаа нэмэхээсээ илүү байгаагаа ангилан судалж, цуглуулгаа хөгжүүлэх хэрэгтэй байна” гэдгээ хэлж байлаа.
“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн тус музейн сан хөмрөг бүрдсэн. Одоо музейн барилгаа барих асуудал үлдээд байгаа ажээ. О.Маш-Эрдэнэ гуайн Яармаг дахь газрыг сууцжуулах дахин төлөвлөлтөд оруулахгүй гэдгийг дүүргийн Засаг захиргаанаас шийдвэрлэжээ. Иймд Гэр музейг санаачлагч аав, хүү хоёр энэ газар дээрээ шинэ музейн барилга босгохоор төлөвлөөд байгаа гэдгээ ч бидэнд дуулгасан. Ийн нүүдэлчин ард түмний түүхэн цаг хугацаагаар аялуулж, ёс заншилтай золгуулсан “Монголын хамгийн олон авдартай” эрхмийнд зочиллоо.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ