Эхлээд төсөв, дараа нь Үндсэн хуулийн өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Эхлээд төсөв, дараа нь Үндсэн хуулийн өөрчлөлт

Эхлээд төсөв, дараа нь Үндсэн хуулийн өөрчлөлт

Ерөнхийлөгчийн хоригоос шалтгаалан хэсэг хугацаанд царцанги байдалтай байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процесс урагшиллаа. УИХ өнгөрсөн Баасан гаригийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай тогтоолыг баталлаа. Уг тогтоол ёсоор 2019 оны аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл гуравдугаар хэлэлцүүлгийн бэлтгэл ажил хийгдэнэ. Энэ долоо хоногооос УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар сонгогчдодоо мэдээлэл өгөх, тайлбарлан таниулах ажлыг хийнэ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээр 35 санал дэмжигдсэн.

Ирэх 2020 оны төсөв УИХ дээр ид хэлэлцэгдэж байгаа бөгөөд төсвийг хуулийн хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлаад, үүний дараа гуравдугаар хэлэлцүүлгийг эхлүүлэхээр болж байна.

Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсныг УИХ хүлээн авснаар хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналууд задрах уу гэсэн асуулт олон нийтийн дунд байсан.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана” хэмээн тусгасан байдаг.

“Энэ дагуу холбогдох хэлэлцүүлэг явуулахад Улсын Их Хурал Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэн, энэ дагуу хоёрдугаар хэлэлцүүлгийн үр дүнд гарсан төсөл дээр Ард нийтийн санал асуулгад оруулах тухай нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, хоёр үндсэн санал, гүйцээж боловсруулахаар гаргасан зургаан найруулгын шинжтэй засварыг хийн төслийн эхийг баталсан. Гэвч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авснаар Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх хүчингүй болж, хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувилбар хүчин төгөлдөр болсон байна.

Ийнхүү Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсан учраас холбогдох хуулийн дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх болоод байгаа аж. Ингэхдээ төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах хувилбарт Ард нийтийн санал асуулгад оруулахаар бэлтгэхдээ санал хураан шийдвэрлэсэн хоёр үндсэн санал, гүйцээж боловсруулахаар гаргасан зургаан найруулгын шинжтэй засварыг дахин санал хураан шийдвэрлэх болж байгаа” гэдгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан онцолсон. Гуравдугаар хэлэлцүүлгийг хийснээр хуулийг бүхэлд нь батлах саналыг хураах хуулийн зохицуулалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж