ОХУ-ын иргэн 30 настай Мария Бутина гэх бүсгүйг тус улсад тагнуул хийсэн хэргээр 2018 оны долдугаар сарын 15-ны өдөр буюу Хельсинкид болсон Дональд Трамп болон Владимир Путин нарын уулзалтын өмнөхөн баривчилсан юм. Тэрбээр нэг жил гурван сар АНУ-д хоригдож байцаагдсаны эцэст өчигдөр /2019.10.26/ Москвагийн Шереметьево олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. Онгоцны буудал дээр түүний аав Валерий болон 50 орчим сэтгүүлч, тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова нар угтан авсан байна.
Тэрбээр өөрийг нь суллахын төлөө шургуу ажилласан дипломатчдад болон санхүү, сэтгэл санаагаар дэмжиж байсан Оросын ард түмэнд хандан “Би маш их баяртай байна. Надад санаа зовж, захидал бичин сэтгэл санаагаар дэмжиж байсан бүх хүмүүст баярлаж байна. Би эх орноороо бахархдаг. Америкт байсан хугацаанд үүнийг бүр илүү ухаарлаа. Би бууж өгөөгүй. Надад бууж өгөх эрх байхгүй. Оросууд хэзээ ч бууж өгдөггүй. Би америкчууд гайхалтай хүмүүс гэдэгт итгэдэг. Гэхдээ энэ улс хууль эрх зүйн системээ алдаж байна. Юу ч хийхгүй энэ хэвээрээ байвал тэд улсаа ч алдаж магадгүй” хэмээн хэлсэн байна.
Мария Бутина нь ОХУ-ын Алтайн их сургуулийг улс төр судлаачаар төгссөн бөгөөд АНУ-ын Вашинтон хотын их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр төгсөн тус улсад ажиллаж амьдарч байжээ. Түүний үүсгэн байгуулсан “Зэвсэглэх эрх” байгууллагыг Оросын тэрбумтан Константин Николаев санхүүжүүлдэг юм байна. Мөн тэрбээр өмнө нь ОХУ-ын парламентын дээд танхимын гишүүн асан, Оросын Төв банкны дэд захирал Алексанкр Торшины удирдлага дор ажилладаг байсан бөгөөд Торшин нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “Нэгдсэн Орос нам"-ын гишүүн юм.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ