“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад багтсанд эрх баригчид хариуцлага үүрэхээс жийрхэцгээн “Би үхсэнээс чи үх” гэцгээн буруутнаар нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хоёрыг нэрлэн огцруулах тухай хөндөж эхлэв.
Уг нь ФАТФ-ын саарал жагсаалтад ороход нөлөөлсөн дөрвөн үндсэн шалтгаанд төв банкны ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл харагдахгүй байгаа юм.
Учир юу вэ гэвэл нэгдүгээрт, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Хойд Солонгосын ажиллах хүчнийг Монгол Улсаас гаргах.
Хоёрдугаарт, Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаанд ахиц гаргаж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх.
Гуравдугаарт, Банк бус санхүүгийн бизнес эрхэлж байгаа байгууллагын тайлан ил тод, хяналттай болох. Үүнд хадгаламж зээлийн хоршоо, ломбард зэрэг орно.
Дөрөвт, Нотариатч, аудиторч, үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч, үл хөдлөх хөрөнгийн зуучлалаас татвар авдаг болох, иргэд хилийн дээс алхахдаа 6000 ам.доллараас дээш хэмжээний валюттай гардаг, түүнийгээ үнэн зөвөөр мэдүүлдэг болох зэрэг асуудал багтжээ. Нэг үгээр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны харьяанд байх агентлагууд ажлаа хийсэн шиг хийж, асар их мөнгө эргэлдэж байгаа дээрх нэр дурдсан субьектуудэд татвар ногдуулж, хяналттай болгох, АТГ, Цагдаагийн байгууллагаас сүр дуулиан болгон баривчилсан албан тушаалтнууд нь гэмт хэрэг үйлдсэн үү, үгүй юу гэдгийг прокурор, шүүх нь шуурхай нэг талд нь шийддэг болох шаардлагатай нь эндээс харагдаж буй юм.
Гэтэл Засгийн газрын нэр бүхий сайд нар бурууг өөрсөддөө хүлээсэнгүй, мэлзэж, УИХ –ын дарга Г.Занданшатар төв банкны ерөнхийлөгчийг огцруулна гэж тодров. УИХ дахь МАН ын бүлгийн гишүүд ч ФАТФ-аас ямар шалтгаанаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан шалтгааныг үнэн зөвөөр дэнсэлж чадсангүй, ажлаа хийгээгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг хамгаалах шийдвэр гаргав.
Засгийн газрын сайд нар нь албан тушаал дээрээ үлдэж л байвал хэнийг ч золиослоход бэлэн увайгүй улс төржилтөөс болж, төгрөгийн ханш суларч болзошгүй байна.
Ардчилсан нам саарал жагсаалтаар хариуцлага нэхэв
Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан хариуцлагыг эрх баригч хүчин хүлээх ёстой гэж үзэн, Ардчилсан намаас өнгөрсөн пүрэв гаригт /2019.10.24/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны захирал Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг огцруулах шаардлагатай” гэж мэдэгдэн, шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байна гэлээ.
Шаардлагад Санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй, \Шууд хэрэгжүүлэх байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам\
Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Хууль сахиулах байгууллагууд\
Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байгаа, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар,Хууль сахиулах байгууллагууд\ гэдгийг онцолсон байв.
Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүй болгох санал хүргүүлэв
Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо өнгөрсөн пүрэв гаригт /2019.10.24/ хуралдаж, Бөхийн холбооны үндэсний салбар хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэн, энэ жилийн үндэсний их баяр наадмын түрүү авсан улсын аварга Э.Оюунболд, тав давж начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүй болгож, таваас дээш даваанд унасан бөхчүүдийн цол чимгийг нэмэх санал гарган, Ерөнхийлөгчид өргөн барихаар болов. Мөн дээрх нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасан байна. Баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэр бол эцсийнх биш, Ерөнхийлөгч шийдвэрээ гаргаснаар баталгаажих юм.
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг дүрэмтэй. Энэ дагуу шинжилгээ авахад хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн юм. Тодруулбал, улсын аварга Э.Оюунболдоос дөрвөн төрлийн, начин Д.Цэрэнтогтохоос нэг төрлийн хориотой бодис илэрсэн болохыг өнгөрсөн саруудад Бөхийн холбооны үндэсний салбар хорооноос мэдээлж байв. Энэхүү шинжилгээний дүнтэй санал нийлэхгүйгээ мэдэгдэж, улсын начин Д.Цэрэнтогтох Б сорьцын шинжилгээг хийлгэхэд баталгаажсан байдаг.
Харин улсын аварга Э.Оюунболд дээрх шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Шээс сольсон” гэж мэдэгдсэн юм. Түүгээр ч зогсохгүй энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандаж, Допингийн төвийнхөн шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллага энэ асуудлыг шалгаж, эцэслэн шийдсэний дараа цол хураах асуудал шийдэгдэх болж буй юм. Иймээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлсэнчлэн улсын аварга Э.Оюунболдын бүх давааг хүчингүй болгож, цол хураах асуудал хоёр гурван жилээр үргэлжилсэн асуудал болохыг ч үгүйсгэх аргагүй.
Улсын аварга Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүд:
Улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож Даян аварга
Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, Улэмж бадрах чимэг
Улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, Улсын заан
Улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, Улсын харцага
Аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож, Улсын начин
Улсын аварга Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцно.
Г.ХОРОЛ