&#34Хангарьд&#34 эцсийн мөчид аваргуудыг хожлоо

Хуучирсан мэдээ: 2015.09.05-нд нийтлэгдсэн

&#34Хангарьд&#34 эцсийн мөчид аваргуудыг хожлоо

Лигийн өнгөрсөн жилийн аварга “Хоромхон” клуб энэ тойрогт зочлон тоглолтыг хийж байна. Орхон аймгийн "Хангарьд" багийн талбайд болсон тоглолт тун өрсөлдөөнтэй эцсийн мөч хүртэл ширүүн темптэй болж өнгөрлөө. Тус тоглолтын талбайн ерөнхий шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ, туслах шүүгчээр Р.Жаргалсайхан, О.Хишигтөмөр, Э.Нямсайхан нар ажилласан байна.

Тоглолтын 21 дэх минутанд "Хоромхон" багийн тамирчин Пүрэвсүрэн өөрийн хаалганд авто гоол оруулсанаар талбайн эзэд тоглолтыг тэргүүлж эхэлсэн. “Хангарьд” багийн хувьд өнгөрөгч тойрогт талбайдаа “ФС Улаанбаатар” багт ялагдсан учир энэ удаа хожил байгуулж хөгжөөн дэмжигчдээ бэлэг барих шаардлагтай байлаа. Улмаар энэхүү авто гоолоос  ердөө 5 минутын дараа Ц.Мөнх-Эрдэнэ ур чадвар харуулж тоог 2:0 болгон холдуулсан. Харамсалтай нь 2-р хагасын эхэнд буюу 52 дахь минутанд Л.Батсүх өөрийн хаалганд авто гоолыг оруулсанаар тооны харьцаа бага зэрэг ойртож “Хоромхон” багийн тоглолт сэргэж эхэлсэн.  Ингээд ч зогссонгүй байдал улам дордож 58 дахь минутанд  Paul Ebuka 2 дахь шар картыг хүртсэнээр талбайг орхиж “Хангарьд” хүний дутуутай 30 гаруй минутыг өнгөрүүлэх болсон.

Ингээд хүний илүүтэй болсон “Хоромхон” клуб довтолсоны эцэст Д.Төрбат тоглолтыг тэнцүүлж чадсан ч 88 дахь минутанд Ruan Felipe хожлын үнэ цэнэтэй гоолыг оруулсанаар “Хангарьд” хожил байгууллаа.

"Хоромхон" ийнхүү өрсөлдөөнөөс хасагдах аюултай болоод байгаа бол "Хангарьд" улирлын 7 дахь хожлоо байгуулан 22 оноотой боллоо. Тэд дараагийн тойрогт мөн талбайдаа лигийн хүчирхэг баг болох “Эрчим” клубыг хүлээн авна. 

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж