Хан-Уул, Баянзүрх дүүргийн газрууд эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2015.09.05-нд нийтлэгдсэн

Хан-Уул, Баянзүрх дүүргийн газрууд эрэлттэй байна

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчлөх цахим бүртгэлийн системийн өргөдөл хүлээн авах хугацаа дөрвөн өдрийн дараа дуусна. Есдүгээр сарын гуравны байдлаар газар эзэмших өргөдлөө 95 мянган хүн илгээжээ. IV ээлжинд Баянзүрх, Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн 22 байршилд 8727 га газарт 28.9 мянган иргэнд газар өмчлүүлүүлэх юм. Газар өмчлөх цахим бүртгэлийн явцаас харвал харьцангуй цөөхөн байршил зарлагдсан Хан-Уул, Баянзүрх дүүргийн газар хамгийн эрэлттэй гарчээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн Улиастайн бага аманд 77 байршилд газар олгоно. Харин цахим өргөдлийн системд холбогдож бүртгүүлсэн иргэдийн 15 хувь нь зөвхөн Улиастайн бага аманд, 13.6 хувь нь Эмээлтийн дөрөөлжид, 14.6 хувь нь Тахилтын аманд газар хүсч, өргөдлөө илгээжээ. Иргэдийн өргөдөлөөс харвал тухайн газрын нэр олонд хэр танил байна түүнд үндэслэж сонголтоо хийх нь элбэг буйг нийслэлийн Өмчийн харилцааны газраас тодотголоо. Мөн хотын төвөөс 30 км-ээс дотогш зайтай газруудад өргөдлөө мэдүүлэх хүмүүс олон байгаа аж. Харин байршил харгалзахгүйгээр газартай болохыг хүссэн иргэдэд боломж байсаар байна. Тодруулбал Сонгинохайрхан дүүрэгт 16 байршилд газар өмчлүүлэх бол үүний есөн байршлынх нь өмчлүүлэх талбайн тоо, ирүүлсэн өргөдлөөсөө их хэвээр байгаа юм. Энэ сарын гуравны байдлаар хотын төвөөс 32 км зайтай Эмгэнтийн ам, Тарвагатайн аманд 585 газар, Саалийн аманд 1991 газар, Өвөр уулын овоо 1728 газар, Дүүрэнгийн хөндий, Дундын аманд 2756 газар ирүүлэх өргөдлөө хүлээж байна. Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын мэдээлснээр цахимаар газар өмчлүүлэх IV ээлжийн бүртгэлийн ажил есдүгээр сарын есний өдрийн 12.00 цагт хаагдах юм.

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж