73 мянган иргэн орон сууцны зээлд хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2015.09.05-нд нийтлэгдсэн

73 мянган иргэн орон сууцны зээлд хамрагджээ

Долдугаар сард шинээр 1161 иргэн орон сууцны зээлд хамрагдаж дундаж хугацааны эцэс дэх нийт зээлдэгчийн тоо 73 мянга 208 болсон талаар Монголбанкнаас мэдээлжээ. Долдугаар сард шинээр зээл авсан иргэдийн тоо өмнөх сар болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурчээ. Эдгээр иргэдэд олгосон зээлийн нийт үлдэгдэл гурван их наяд 230.5 тэрбум төгрөгт хүрсэнээс 74.3 хувь нь орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн эх үүсвэрээс олгосон бол үлдсэн хэсгийг банкууд өөрийн хөрөнгөөс олгожээ. 2015 оны долдугаар сарын байдлаар 67 мянга 500 айлын орон сууцны 470 төсөл хэрэгжиж байснаас 70 хувь нь захиалга авч байсан болохыг үл хөдлөх хөрөнгийн агентлагууд мэдээлж байгаа юм. Хэдийгээр орон сууцны нийлүүлэлт нэмэгдсэн ч зээл олголт саарсан нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулсан журмын хэрэгжилтээс үүдсэн хүлээлтээр тайлбарлагдаж байна. Зээлийн чанарыг авч үзвэл Монголбанкны тайлангаар нийт зээлийн үлдэгдлийн 2.3 хувь нь хугацаа хэтэрсэн ангилалд багтаж байхад 0.6 хувь нь чанаргүй буюу эргэн төлөх боломжгүй зээлийн ангилалд багтжээ. Эдгээр үзүүлэлтийг өмнөх сарынхтай харьцуулахад хугацаа хэтэрсэн зээлийн хувь 0.5 нэгжээр, чанаргүй ангиллын 0.1 нэгжээр тус тус нэмэгдсэн байна. Долдугаар сард эргэн төлсөн зээлийн хэмжээ 24.3 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн нь өмнөх сараас 36 хувиар, жилийн өмнөхөөс 8.7 хувиар тус тус багасчээ. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр 2013 оны зургадугаар сард хэрэгжиж эхэлсэнээс хойш “Монголын Ипотекийн Корпораци” хоёрдогч захад зээлээр баталгаажсан үнэт цаас арилжиж нийлбэр дүн нь 1.6 их наяд төгрөгт хүрчээ. Хамгийн сүүлд арилжаалсан “МИК АКТИВ-6” тусгай зориулалтын компанийн үнэт цаасны хэмжээ 260 гаруй тэрбум төгрөг байсан нь шинээр олгосон зээлийн хэмжээ бага байсантай холбоотой гэж “Монголын Ипотекийн Корпораци” тайлбарлалаа.

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж