Тайландын Бангкок хотноо болж буй сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө Монголын баг тамирчдаас Д.Отгондалай ганцаараа үлдээд байгаа билээ.
60 кг-д өрсөлдөж буй Азийн наадмын аварга Д.Отгондалай өчигдөр Узбекстаны тамирчин Элнур Авдураймовыг хожиж, мөнгөн медалийн болзол хангасан юм. Өнөөдөр тэрээр алтан медалийн төлөө Казахстаны тамирчин З.Сафиюллинтэй тулалдана.
Азийн наадмын аварга Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, Индонез, Тайланд, Узбекстаны тамирчдыг хожин мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө тоглохоор шалгарсан юм.
Монголын шигшээ баг ААШТ-д оролцохоор есөн боксчны бүрэлдэхүүнтэй Тайландыг зорьсноос А.Нурлан (52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр (75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр (91 кг) нар нэг, хоёрдугаар тойрогт тэмцээнээ өндөрлүүлсэн бол Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдсэн. Улмаар Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртсэн бол Д.Отгондалай мөнгөн медалийн болзол хангаж, алтын төлөө тоглохоор шалгараад байна.
Энэ жилээс эхлэн боксын ДАШТ-д оролцох эрхийн болзол маш хатуу болсон. Тодруулбал, боксчид ирэх аравдугаар сард Катарт болох Дэлхийн аваргад оролцохын тулд энэ удаагийн Ази тивийн аваргын жин тус бүрт эхний долоод шалгарсан байх болзол сонссон байгаа.
Манай баг тамирчдаас Г.Ган-Эрдэнэ (49 кг), Э.Идэрхүү (56 кг), Д.Отгондалай (60 кг), Б.Түвшинбат (69 кг) нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдэж, ДАШТ-ийг зорих эрхтэй болоод байна.
ТЭМЦЭЭН ШУУД ҮЗЭХ ХОЛБООС:
Ч.БОЛОР