“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн өчигдөр /2019.10.25/ “Монгол арт” галерейд нээлтээ хийлээ.
Судалбар зураг нь зураг зурахаасаа өмнө зураачид амьдрал, байгалийн мөн чанар, тухайн сэдвийн хүрээнд эрэл хайгуул хийж, судалсны үр дүнд бүтдэгээрээ онцлог. Энэ жилийн “Алтан намар” үзэсгэлэнд зураачдын сонгосон техник, материалаар буюу тосон болон усан будаг, пастель, зураасан зургийн аргаар дүрсэлсэн 200 орчим зураг дэлгэгджээ. Мөн энэ жилийн хувьд зураачид Баянхонгор, Хэнтий, Өмнөговь, Баруун аймгууд болон олон улсын зураачидтай хамт БНХАУ, ОХУ-аар явж судалгаа явуулсны үр дүнд дээрх зургуудыг зурсан байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хэрэгжүүлж буй “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд “Монгол арт” галерей, Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоотой хамтран тус үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд ирүүлсэн 200 гаруй бүтээлээс гурван зураачийн бүтээлийг шилдгээр шалгаруулж, шагнал гардуулсан юм.
Үзэсгэлэнд ирүүлсэн 200 гаруй зургаас Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл, зураач Ш.Болор, А.Ууганбаяр нарын бүтээл шилдгээр шалгарсан юм. Мөн “Монгол арт” галерейгаас зураач Б.Очирхуяг, С.Мөнхбаатар, А.Батбилэг нарыг тус галерейд үзэсгэлэн гаргах эрхээр шагналаа.
“Алтан намар-2019” үзэсгэлэн энэ сарын 25-31-ныг хүртэл “Монгол арт” галерейд үргэлжлэх юм.
Холбоотой мэдээ