"Саарал жагсаалт, өрсөлдөх чадвар буурсан нь эдийн засгийн хүндрэлийн дохио" | News.MN

"Саарал жагсаалт, өрсөлдөх чадвар буурсан нь эдийн засгийн хүндрэлийн дохио"

"Саарал жагсаалт, өрсөлдөх чадвар буурсан нь эдийн засгийн хүндрэлийн дохио"

NEWS  агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа багцлан хүргэж байна-


"ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭД БЭЛЭН, ГЭХДЭЭ FATF-ЫН ҮНЭЛГЭЭ ОДООГИЙН АЖЛЫНХ БИШ"

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF Монгол Улсад саарал жагсаалтын хориг дахин тавьсантай холбоотойгоор Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.


-FATF-ын шийдвэр гарахаас өмнө Монгол банкны зүгээс тус байгууллагын зөвлөмжүүдийг хангалттай биелүүлсэн, саарал жагсаалтад орохгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, манай улс саарал жагсаалтад дахин орсныг зарлалаа. Үүнд Монголбанкны зүгээс ямар тайлбар өгөх вэ?

FATF өөрийн вэб сайт дээрээ өнгөрсөн баасан гаригт мэдэгдлээ гаргасан. Тус мэдэгдэлд 2017 оны харилцан үнэлгээний багийн үнэлгээнд үндэслэж, Монгол Улсыг хяналтдаа авахаа үргэлжлүүлж байна гэж дурдсан. 2017 оны харилцан үнэлгээний багийн үнэлгээ нь юу байв гэхээр 2013-2016 онуудад Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх үйл ажиллагааны чиглэлд юу хийв, дүрэм, журам холбогдох хууль эрхзүй орчин нь ямар байна вэ гэдгийг үнэлсэн. Энэ чиглэлүүдийг хангах тодорхой үүргийг бид авч ажилласан. Өөрөөр хэлбэл, энэ нь 2017 оноос хойш явж буй хяналтын процесс. FATF-аас 40 зөвлөмж гаргадаг. Уг зөвлөмжид хууль эрхзүйн тогтолцоо ямар байх, ямар байгууллагууд юу, юу хийх шаардлагатай вэ гэдэг талаарх техникийн үзүүлэлтүүд тусгагддаг. Эдгээр техникийн үзүүлэлтүүдийг хэрэгжүүлэх тал дээр тухайн улс яаж ажиллав гэдэгт 11 үзүүлэлтийн хэрэгжилтийг  харилцан үнэлгээний баг шалгадаг. FATF-ын 40 техникийн үзүүлэлт болон 11 хэрэгжилтийн хангах чиглэлээр 2013-2016 онд хийсэн ажлаараа бид 2017 онд харилцан үнэлгээний хяналтад орсон. Үүнээс хойш дээрх 40 техникийн үзүүлэлтээс  35-ыг нь манай улс дундаас дээш буюу дийлэнхийг нь бүрэн хангасан гэсэн үзүүлэлт гаргасан. Харин хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс дөрвийг нь цаашид үргэлжлүүлэх шаардлага байна гэж FATF дүгнэлээ.

-Тус дөрвөн үзүүлэлтэд юу, юу орж байгаа вэ?

-Банк бус байгууллагын мэргэжлийн оролцогчдын хяналтын тогтолцоогоо сайжруулах, хоёрдугаарт үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, санхүүжүүлэхтэй холбоотой ажилд Монгол Улс ахиц гаргах шаардлагатай байна, гуравдугаарт мөнгө угаах, терроризмтой тэмцэхэд эрхзүйн зохицуулалтынхаа хүрээнд ажиллаж байна уу, хууль хяналтынхаа байгууллагад шийдэгдэж байна уу гэдэгт мөн ахиц гаргах шаардлагатай байна гэж үзээд FATF хяналтдаа авсан гэсэн үг.

-Өнгөрсөн хугацаанд дээрх дөрвөн зөвлөмжийг хангах боломж байгаагүй юм уу?

-2017 оны үнэлгээгээр Монгол Улс FATF-ын 40 техникийн үзүүлэлтийн дөнгөж 20 хүрэхгүй нь биелүүлдэг байсан бол одоо 34 үзүүлэлтийг нь биелүүлсэн. Үүнийг хангахын тулд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон ажил хийсэн. Дахин илүү сайн ажиллах шаардлага байна гэсэн үг. Дээрх дөрвөн зөвлөмжийн хүрээнд сайн ажиллаж чадвал FATF-ын хяналтаас гарах боломжтой. Ингэхийн тулд талуудын хамтын ажиллагаа чухал. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хамтын ажиллагааны зөвлөлийг Монгол банк даргалж байгаа. Энэ хүрээндээ үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Аль болох богино хугацаанд хэрэгжүүлнэ тэр хэрээр FATF-ын хяналтаас гарна. Ирэх ондоо багтаагаад бүх ажлыг хийж дуусгана гэсэн зорилт тавьж байна.

-Магадгүй хариуцлагын асуудал яригдах байх?

-Хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ FATF-ын үнэлгээ өнөөдрийн ажил дээр хийсэн үнэлгээ биш. 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ. Энэ дүн бол Монгол Улсад тавьсан дүн. Түүнээс биш Монголбанк эсвэл аль нэг төрийн байгууллагад тавьсан дүн огт биш. Монгол Улсад тавьсан дүн учраас нийтээрээ бид хамтарч ажиллаж байж саарал жагсаалтаас гарна. Жишээлбэл санхүүгийн бус мэргэжлийн оролцогч гэдэгт нотариатч, өмгөөлөгч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, алт, үнэт  металлын арилжаа хийдэг хүмүүс энэ төрөлд ордог. Хуулиараа бол Мөнгөн завьяа гэдэг дэлгүүрт 20 сая төгрөгөөс дээш худалдан авалт хийгдэх тохиолдолд энэ талаарх мэдээллийг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд өгөх үүрэгтэй. Гэтэл энэ талаарх мэдээлэл огт ирэхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн үг.

ДЭЛГЭРЭНГҮЙ


"СААРАЛ ЖАГСААЛТ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАР БУУРСАН НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙН ДОХИО"

Эдийн засагч Н.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-аар 2020 оны төсөв хэлэлцэгдэж байна, Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон, дэлхийн эдийн засгийн зарим үзүүлэлтүүд буурах хандлагатай байна гээд эдийн засгийн төлөв анхаарлын төвд орж байна. Яг өнөөгийн эдийн засгийн төлөв байдлыг юу гэж дүгнэж байна вэ?

-Монгол Улсын ДНБ 11-12 орчим тэрбум ам.доллар байгаа. Мөнгөн дүнг нь сонсоход их юм шиг  байгаа ч Монгол Улсын эрэлт хэрэгцээ, жилд зарцуулж байгаа үйл ажиллагааны зардалтай харьцуулахад жижиг эдийн засаг. Дээр нь ДНБ-ний 35-40 орчим хувийг төсвийн зардалд зарцуулж байна. Эдийн засаг жижиг, татварын болон татварын бус орлогоор бүрдүүлж байгаа орлого хэтэрхий бага байгаа нь эрэлт хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй явсаар ирсэн. 2008 оноос түүхий эдийн үнэ өсч, эдийн засаг хурдацтай тэлсэн. Гэсэн хэдий ч бид орлогоороо бүх эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаагаас жил бүрийн төсөв 5-7 орчим хувийн алдагдалтай явж ирсэн. Тиймээс алдагдлаа ихэнхдээ гадаадын зээлээр нөхөж байна. Төсөв алдагдалгүй бол бид шинэ зорилт, шинэ хөтөлбөр гээд илүү их хөгжлийн бодлого ярих байсан. Жил бүр тогтвортой бүрдүүлдэг татварын орлогоороо урсгал зардлаа л шийдэж байна. Энэ нь газарзүйн байршил, дэд бүтэц, хүн амын тархай суурьшил маш их нөлөөлж байна. 4-5 мянган хүнтэй алслагдсан суманд төрийн үйлчилгээ маш өндөр зардлаар хүрч байна. Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний зардлууд маш өндөр өртгөөр хүрч байна. Нэгэнт эдийн засаг ийм байгаа нөхцөлд аль болох хэмнэлттэй, бодлоготой эдийн засгаа тооцож, төлөвлөж явахгүй бол олсныхоо хэрээр зараад байж болохгүй. Ийм байж болохгүй гэдгийг өнгөрсөн удаагийн хоёр, гурван хямрал харуулсан. Хамгийн сүүлд 2015 онд түүхий эдийн үнэ буурч, эдийн засгийн үзүүлэлтүүд буурч, төсвийн алдагдал нэмэгдсэн. 2016 оны гуравдугаар улирлын үзүүлэлтээр ДНБ-ний үзүүлэлт хасах руу орсон. Тэгэхээр одоогийн нөхцөлд энэ байдал давтагдахгүй гэх баталгаа алга байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд өссөн эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт бол нүүрс, зэсийн өсөлт. Экспортын орлогын 30 хувийг нүүрс, 30 хувийг зэс бүрдүүлж байна. Энэ хоёрын биет үзүүлэлтээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа болохоос бусад төрлийн баялгийн өсөлт нөлөөлөлгүй байна. Эдийн засгаа төрөлжүүлж, махны экспортыг нэмэгдүүлье гэж байгаа ч дорвитой өөрчлөлт өгөхгүй байна. Бидний орлогоо бүрдүүлж байгаа хоёрхон түүхий эдийн гол хэрэглэгч нь ганц улс. Хамаарал маш ихтэй, тээвэрлэлтийн дэд бүтэц маш сул байгаа учраас ирэх жилүүдэд тогтвортой эдийн засаг өснө, төсвийн орлого бүрдэнэ гэж найдаж болохгүй, маш эрсдэлтэй.

Дэд бүтэц тааруу, худалдаж авч байгаа орны бодлого яаж өөрчлөгдөхийг бид мэдэхгүй, гадаад зах зээлийн орчин ч гэсэн түүхий эдийн ханш төдийлөн сайн байхгүй гэсэн төлөвийг саяхан болсон ОУВС-ийн тоймоос харж болохоор байна. Ерөнхийдөө эрсдэлүүд маш их байна.

-2020 оны төсвийн хэлэлцүүлэг эхэлсэн, сонгуулийн жилийн төсөв болсон гэж шүүмжлээд эхэллээ. Бас л гишүүд манай, танай тойрог гээд эхэллээ. “Саарал жагсаалт”-д орсон эдийн засгийн төлөв зэргээс харахад хэр бодитой төсөв болсон гэж та харж байна?

-2000 оноос хойш харахад Монгол Улс хоёр удаа хямралтай тулж, алдаа дутагдлаа хангалттай ярьсан. Төсвийн зарлагаа тэлж болохгүй, өр зээл тавьж болохгүй, төрийн албан хаагчдын тоог нэмж болохгүй гээд л ярьдаг. Харамсалтай нь сонгуулийн өмнөх жил үүнийг таг мартдаг. 2016 онд гадаад зах зээлийн үзүүлэлт, экспортын хэмжээ буурч, 14 орчим сая тонн байсан. Ийм үед төсөв өндөр алдагдалтай байсан. Одоо 38 орчим сая тонн нүүрс экспортод гаргачхаад 2016 оны үетэй адил алдагдалтай төсөв оруулж ирж болохгүй. Эдийн засгийн үзүүлэлт хэд дахин сайжирсан, экспортын орлого хэд дахин өссөн байхад ийм алдагдалтай төсөв байж болохгүй. Олон жил  ярьсан Төсвийн тогтвортой байдлыг хангах хуулиа хэрэгжүүлж,  давсан орлогоо хуримтлал руу оруулах ёстой. Эдийн засгийн өсөлтүүд байнга өснө гэж хэлэхгүй байна, буурна шүү гэдгийг сануулж байна. Хэдхэн хоногийн өмнө ОУВС-аас гаргасан дэлхийн улс орнуудын тоон мэдээллийг цуглуулсан тайланд 2016 онд дэлхийн улс орнуудын 70 гаруй хувь нь өсч байсан, гэтэл 2019 онд 90 хувийнх нь эдийн засгийн өсөлт буурч байна гэдгийг мэдээлсэн. Тэр дундаа манай улс шууд хамааралтай зэс, нүүрс худалдан авч байгаа Хятадын эдийн засаг буурч байна. Энэ жилийн эдийн засгийнх нь өсөлт 6 хувь, ирэх жил 5,8 хувийн өсөлттэй байхаар байна гэж төсөөлсөн байна. Түүнээс гадна зэс, нүүрс худалдан авч байгаа Хятад, Монголын боомтын ачааллыг харахад экспортын хэмжээ нэмэгдэхгүй, худалдан авч байгаа улсын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч үнэ, ханш өснө гэсэн таамаг, төсөөлөл ч алга. Тэр бүү хэл хямралын дохиоллын талаар ч ярьж байна. Ийм байхад бид зардлаа өсгөх бус хямралд бэлтгэх, алдагдлаа багасгах, 2021-2023 онд гурван тэрбум ам.долларын өр төлнө гэдгээ мэдсээр байж алдагдлаа нэмж болохгүй. Алдагдлаа бууруулж байж бид ирэх жилүүдэд өр төлбөрөө төлөх, дампуурчихгүй өрийн дарамтаас гарах вэ гэдгээ тооцох ёстой.

ДЭЛГЭРЭНГҮЙ


УУЛ УУРХАЙГААС ИЛҮҮ ОРЛОГЫГ “HU”-ГААС ОЛОХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Ирэх оны төсвийн талаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.


-Ирэх оны төсвийн төсөл хэр бодитой болсон гэж харж байна вэ. Хэлэлцүүлгийн үед та багагүй шүүмжилж байсан?

-Монгол Улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Татвараас бүрдсэн төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах  төрийн гаргаж буй төсвийн бодлогыг УИХ баталж хууль болгож хэрэгжүүлдэг ийм зохицуулалттай. Төсөв бол хууль. Нэг  ч үг, өгүүлбэрийн агуулгын зөрүүгүйгээр хэрэгжээд явах учиртай. Миний хувьд гишүүн болсноосоо хойш дөрөв дахь жилдээ төсөв батлах гэж байна. Үнэнийг хэлэхэд би жил бүрийн төсөвт шүүмжлэлтэй хандаж ирсэн.

-Яагаад вэ?

-Татвар төлөгчийн мөнгийг яаж  үр ашигтай  зарцуулах уу гэдэг тухайн жилийн нийгэм, эдийн засгийн зорилгыг тодорхойлох маш том асуудлыг төсөв дор хэлэлцдэг. Ирэх оны төсөв өмнөх жилээс ялгаа нь юу байх вэ, ахиц нь юу байх, ямар салбарт хөрөнгө оруулалт илүү хийх үү гэдгийг өмнөх оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулж төсвийг төлөвлөх ёстой. Төсвийн гүйцэтгэлд хийсэн  аудитын дүгнэлтийг зүгээр сонсоод өнгөрдөг байж болохгүй. Аудитаас гаргасан зөвлөмжүүдийг төсвийн гүйцэтгэлээр сайжруулж хянаад явах нь төрийнхөө тогтолцоог эрүүл болгох том хөшүүрэг. Харамсалтай нь бид аудитын дүгнэлтийг сонсох төдий болдог. Дараа жил нь дахиад л өмнөх жилийнхтэй адил зөрчлүүд  гарсаар байгаа нь төрийн санхүү мөнгөний сахилга батыг сайжруулах механизм төдийлөн сайн ажиллахгүй байна гэсэн дүгнэж болно. Төсвийг иж бүрэн харж тухайн жилийн онцлог нь юу вэ, аль салбараа хөгжүүлэх үү гэдгээ маш тодорхой болгох хэрэгтэй. Жишээ нь аж, үйлдвэрээ дэмжих бол төсвийн хөрөнгө оруулалтын гол фокус нь 21 аймагт жижиг, дунд үйлдвэрүүд барьж байгуулах,  ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулах зэргээр асуудлыг бүхэлд нь харах хэрэгтэй.

Төсөв бол нэг талаасаа татварын мөнгө, нөгөө талаасаа хязгааргүй мөрөөдлийн жагсаалтыг хязгаарлах буюу хязгаарлагдмал хөрөнгөөр хязгааргүй асуудлуудаас эрэмбэлэн шийдэх явдал. Энэ дундаас оновчтой зөв эрэмбийг гаргаж өнөөдөр нэн түрүүнд тулгамдсан асуудал нь энэ мөн үү, үгүй юу. Хэрэв тухайн асуудлыг хойшлуулбал эдийн засагт хор хөнөөл бий юу, байхгүй гэж үзвэл өөр чухал асуудал руу хөрөнгө оруулалтаа хийх ёстой. Өөрөөр хэлбэл нэг асуудлаа бүрэн дуусгасны дараа нь дараагийн асуудалд хөрөнгө оруулалтаа явуулдаг дэлхийн улс орнуудын сайн жишгээс суралцаж байгаа сайн тал бий. Тухайлбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд сургууль, цэцэрлэг нэлээд хэд баригдаж хүртээмжийн асуудал үндсэндээ шийдэгдэж хүүхдүүд сугалаа сугалахгүйгээр цэцэрлэгт орох боломжийг бүрдүүлж байгаа. Тэгвэл үүний дараа  боловсролын салбарын дараагийн асуудал нь юу байх уу гэхээр тэр барьсан гоё байшингуудад нь хүүхэд тоглох тоглоомгүй, суух сандал, ширээгүй байж болохгүй. Тэр чиглэлд хөрөнгө оруулалт шаардагдана гэсэн үг. Цаг үеэ мэдэрсэн, хүндээ хэрэгтэй, үр ашигтай төсөв байх төлөвлөлтүүдийг хийгээсэй гэж хүсдэг. Өнөөдрийн практикаас харахад  гишүүд бүр тойрог тойргийнхоо эрх ашиг, сонгогчдоо амласан амлалтаа биелүүлэх гэдэг тэр хүрээнд төсвийн асуудалд ханддаг нь  үндсэндээ төсвийн үр ашигтай байх зарчим алдагдсан гэж хэлж болно. Энэ нь эргээд хөгжлийн концепцтой холбоотой томоохон асуудлуудад хөрөнгө тавьдаг байдал нь дутмаг байна гэсэн үг.

Гишүүд тойрог тойрогтоо хөрөнгө оруулалт ахиухан хуваарилуулах гэсэн хандлага  төсөв хэлэлцэх бүрт гардаг. 2020 оны төсөвт тойргуудад ялгаварлалтай хөрөнгө оруулалт суулгасан гэж гишүүд шүүмжилж байгаа. Концессын эргэн төлөлтийг өгч байгаатай холбоотойгоор зарим аймгийн төсвийн хөрөнгө оруулалт өндөр харагдаж байгаа гэдэг тайлбарыг ч зарим гишүүн хэлж байна?

-Засгийн газарт ажиллаж байсны хувьд хэлэхэд, өмнө хийгдсэн ажлын санхүүжилт нь олгогдоогүй хүлээгдэж байгаа нь бодит үнэн. Нөгөө талдаа мөн царцсан барилгууд ч бий. Эдийн засаг өсөлттэй гарч тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөний эх үүсвэрүүд бий болж байгаа тохиолдолд царцсан барилгуудыг барьж дуусгах бодлогыг барьж байгаа нь зөв. Өмнөх Засгийн эхлүүлсэн ажил гээд орхих боломжгүй. Төрийн залгамж чанар үргэлжлэх л ёстой. Нөгөө талаас Засгийн газрын хүлээсэн үүрэг гэж  харах хэрэгтэй. Гагцхүү тухайн концесс хэр хуулийн дагуу явав, журмынхаа дагуу тендер, сонгон шалгаруулалтаар ороод гүйцэтгэл, үйл ажиллагаа нь чанартай тийм концессыг шийдээд явах бололцоотой. Харин эсрэгээрээ концессоор хийх шаардлагагүй асуудалд мөнгө гаргаж хийж байгаа бол шударга бус явдал. Тойргуудын хөрөнгө оруулалтын хуваарилалттай холбоотойгоор гишүүд ч шударга шүүмжлэлүүдийг хэлж байгаа. Тойрогтоо өндөр төсөв тавиулж байгаа тэр гишүүн нь ч ичиж зовж, санаа зовдоггүй юм. Нэг талдаа шударга дүр эсгэж нөгөө талд шударга бус үйлдэл хийдэг байж болохгүй.

-Таны сонгогдсон тойрогт хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ?

-Би хэл ам хийгээд явах сонирхолгүй. Гагцхүү зарим хүн асуудалд жаахан шударга хандчихвал болох юм л даа. Ирэх оны төсөвт миний тойрогт тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт суусан. Мэдээж гомдолтой л байна. Сүхбаатар дүүргийн зургаан хороо, Багануур дүүргийн нэг хороо гээд нийт долоон хорооныхоо нийгмийн салбарын хөрөнгө оруулалтад  тэрбум төгрөгийг хуваарилахад хаана нь ч хүрэхгүй нь тодорхой. Төсвийн асуудалд миний барьж байгаа гол байр суурь бол дээр хэлсэнчлэн он дамжиж байгаа сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын хөрөнгө санхүүг шийдвэрлэх нь чухал. Мөн газрын маргаантай асуудал их байна. Иргэдээс газрыг нь авахдаа “Та газраа чөлөөлөөд өгчих, төсөвт хөрөнгө  нь суухаар мөнгийг нь өгнө” гээд иргэнээ хохироож байгаа асуудал бас байна. Төрийн ажлыг хийж байгаа нэрээр мөрөөрөө ажиллаж амьдарч байгаа жирийн иргэдээ хохироож болохгүй. Ийм асуудал ганц миний тойрог гэлтгүй Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд бүрийн тойрогт бий. Тэгэхээр Тендерийн тухай хуулиа сайжруулах шаардлага тулгарч байна. Яамдууд цэвэр бодлогын үйл ажиллагаа руугаа орж ажиллаж чаддаггүй нь тендертэй холбоотой байдгийг би БСШУС-ын  сайдаар ажиллаж байхдаа олж харсан.  Боловсролын яам биш барилгын яам шиг тендерийн асуудалд дарагддаг. Цахим болж ажил нь харьцангуй хөнгөвчлөгдсөн ч гэлээ мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд нь тендерийн ажлаа хариуцдаг болох шаардлагатай. Харин захиалагч тал нь яам өөрөө байх энэ зохицуулалт руу орох нь зөв. Ингэхгүйгээр яам үндсэн бодлогын ажлаа явуулж чадахгүй. Төрийн ажлын зөв зохион байгуулалт, менежментийг сайжруулах асуудал төсвийнхөө үр ашиг, чанарыг дээшлүүлэх асуудалтай зэрэгцэж хамт явж байх ёстой.

-Төсвийг бүхэлд нь харвал ирэх оны эдийн засагт авчрах үр өгөөжийг нь хэрхэн харж байна вэ?

-Дээр хэлсэн, гишүүд тойрог тойрогтоо хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх гэдэг болохоос биш улсын нэгдсэн бодлогод чиглэгдэж чадахгүй байна л даа. Тухайлбал 2020 онд уул уурхайгаа илүү хөгжүүлэх үү эсвэл хүнс, хөдөө аж ахуйн салбартаа төвлөрөх үү гэдэг тэр үндсэн чиглэлээ гаргаад төсвөө зарцуулдаг болбол төсвийг үр өгөөжийг бүхэлд нь харж болно. Харамсалтай нь өнөөдөр асуудалд нухацтай, шинжлэх ухаанч, тооцоо судалгаатай хандах хандлага үгүйлэгдэж байна. Жишээ нь нефть боловсруулах үйлдвэр барьж байгаа нь сайн хэрэг. Эдийн засгийн өндөр үр ашигтай ийм төсөл. Гэтэл нөгөө талдаа бид өнөөдөр алдаа гаргачхаад л сууж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Л.ХАДБААТАР: ХААЛТТАЙ НИЙГМИЙГ ТЭР ЗӨВЛӨГӨӨН ТЭСЭЛЖ ЧАДСАН

Одоогоос яг 30 жилийн өмнө намар цаг ийм л илүү сартай, налгар дулаахан байж. Өнөөдрөөс ялгаатай нь тэр үед залуус эх орныхоо төлөө нэгдэн нийлж байв. Тэд нэг намын үзэл суртал, дарангуйлал, хаалттай байдлыг халж, шударга ёс, эрх чөлөөг бий болгохоор хамтдаа зориг гарган тэмцэж эхэлсэн юм. Энэ эхлэл Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөн дээр илүү тод харагдаж байлаа. Хийж, бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн залуус нэг дор чуулж, салбарын удирдлагын өмнө нийгмийн болж бүтэхгүй бүхнийг хурцаар илэрхийлж, шүүмжилж байв. Ингэж л залуус нэгнээ олж,  их хувьсгалын үндэс суурь тавигджээ. Үүнийг гэрчлэх хүн бол Монголын Ардчилсан холбооны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн асан Лхасүрэнгийн Хадбаатар. Түүнтэй уулзаж, энэ талаар ярилцлаа.


-Ардчилсан хувьсгалын үндэс суурь Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар чуулганаар тавигдсан гэж үзэх нь бий. Энэ ямар чуулган байв, та яагаад оролцох болсон бэ?

-1989 оны арваннэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөн гэж болсон юм. Тэр үед би Монгол телевизэд хүүхэлдэйн киноны зураачаар ажиллаж байлаа. Хүүхэлдэйн кино хийнэ гэдэг их чимхлүүр ажилтай, олон цаг нухаж суудаг ажил. Тэгээд л өдрийг өрөөндөө барна. Тэгтэл нэг өдөр надад чөлөө олгож, би уг зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцохоор болсон юм. Тэгээд Залуучуудын Соёлын төвийн хурлын зааланд яваад очлоо. Өглөө 09.00 цагаас жаахан хожигдоод ороход заал дүүрэн залуус цугларчихсан байв. Уг нь Залуу уран бүтээлчид ажил, мэргэжлээ ярих байх гэж би бодож байлаа. Гэтэл тэнд огт өөр уур амьсгал угтсан. Монгол кино үйлдвэрийн уран бүтээлчид, Урчуудын эвлэлийн хорооны зураачид, жүжигчид, сэтгүүлчид гээд олон хүн ирсэн байв. Тэд босоод л урлаг соёлын үйл ажиллагаа, алдаа дутагдал, нөхцөл байдлыг нууж хаахгүйгээр зоригтой ярьж, төр засгийн бодлогыг шүүмжилж гарлаа.

Яг л миний хэлэхийг хүссэн бүхэн тэнд яригдаж байв. Энэ бүх шүүмжлэл, яриа явсаар улс төртэй холбогдож байлаа.

Хаалттай систем, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тэгш эрх гээд л миний сонирхдог сэдэв, үзэл бодолтой давхцаж эхэллээ. Би ч шимтэн сонслоо. Ингэж л анх улс төрийн тэмцэл хийж байсан С.Амарсанаа, С.Цогтсайхан, Дарь.Сүхбаатар, С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гэсэн найз нөхдүүдээ олж харсан даа. Тэгээд л би гэдэг хүн хийж байсан дуртай ажлаа шууд хаясан.

-Зөвлөгөөн доторх уур амьсгал ямар байсан бэ, юу яригдаж, ямар шүүмжлэлүүд гарч байв?

-Тэр өдөр гадаа хэдий хүйтэн байсан ч зөвлөгөөн доторх уур амьсгал ёстой халуун байв. Зөвлөгөөнд Залуучуудын эвлэлийн Төв хорооны дарга Ц.Балхаажав тэргүүтэй үзэл суртлын хэлтсийн хүмүүс оролцсон юм. Эхний өдөр тэдний хувьд хүндхэн өдөр болж өнгөрсөн дөө. Нүүрээ хийх газаргүй болтол залуус шүүмжилж байв. Залуусаар ёстой жадлуулсаар байгаад таарсан. Ерөнхийдөө МАХН-ын цензур, главлит гэдгийг айхтар шүүмжилж байсан. Тухайн үед аливаа уран бүтээлийг өөрсдийн социалист нийгэмд тохируулах гэж намын үзэл суртлаар хайчилж, хасаж танадаг байсан юм. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчдийн чөлөөт сэтгэлгээ, урам зоригийг хайчилж, унтраадаг гэсэн үг. Зөвхөн намын үзэл санаанд тохирсон байх ёстой гэдэг. Үүний эсрэг залуус хүчтэй, зоригтой дуугарсан. Тухайлбал, “Бид цээжиндээ шатаж явна, гэтэл түүнийг уран бүтээлээр илэрхийлж чадахгүй байна. Нэгэн хэвийн үзвэрийг үзэх хүн алга. Урлаг гэдэг улс төрийн үзэл бодлын сэлэм, жад биш. Бидний хийх хүсэл эрмэлзлэлийг битгий хайчил” гэж байсан.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Б.БАТМАА: БИ АНХ “ХЭЦҮҮ АНГИ” КИНОНД ТОГЛОСОН

NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор жүжигчин бүсгүйг онцолж байна. “Шүүдэр дундуур”, “Приусын босс”, “Боссын босс”, “Хуримын даашинзтай бүсгүй”, “Hi honey” зэрэг киноны дүрээр олонд танигдсан жүжигчин бол Б.Батмаа юм. Тэрбээр арван жилийн сургуулийн сурагч байхаасаа кинонд тоглож, жүжигчин болох гараагаа эхлүүлж байжээ.

"Хэдийгээр жүжигчин мэргэжилд хэцүү бэрх тал байдаг ч тухайн дүрээрээ дамжуулан хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч чадна гэдэг гайхамшиг шүү дээ" хэмээн өгүүлэх түүний ярилцлагыг хүргэе.


БАЯРСАЙХАН БАТМАА 1994.07.16

Төгссөн сургууль:

Баянгол дүүргийн 19 дүгээр дунд сургууль /2012 он/

 Соёл урлагийн их сургууль /2017 он/
Мэргэжил:

Жүжигчин

Одоо эрхэлж буй ажил:

Чөлөөт уран бүтээлч

Сошиал хуудас: 

Bm Batmaa, batmaabm /фэйсбүүк, инстаграм/

 БАГАДАА ЯМАР ХҮҮХЭД БАЙСАН БЭ. ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ ЯРИАГАА ЭХЛЭХ ҮҮ?

-Би Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн. Намайг бага байхад аав минь хүндээр өвдөж, ээж маань асардаг байсан. Тийм болохоор би багаасаа л эгч, ах нар дээрээ өссөн дөө. Намайг гурван настай байхад аав минь бурхан болсон юм. Тэгээд л гурван настайгаасаа ээжтэйгээ хотод амьдарч, айлд өссөн гэж хэлж болно. Ер нь багадаа их дуугүй, хүний арга эвийг олчихдог хүүхэд байлаа.

Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Гэхдээ бүгд сайхан дуулдаг хүмүүс бий. Би багын дуугүй ноомой хүүхэд байсан мөртлөө яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсноо их гайхдаг. Хэрвээ би жүжигчин болоогүй байсан бол зураач юм уу, урлагийн чиглэлээр л сурч ажиллах байсан.

АНХНЫ ДҮР

-Миний хамгийн анхны дүр гэвэл арван жилийн сургуульд сурч байхдаа МҮОНРТ-ын бүтээл “Хэцүү анги” олон ангит уран сайхны кинонд тоглосон. Тухайн үед би есдүгээр ангийн сурагч байсан юм. Тэгээд өөрийгөө шалгуулахаар кино пробонд орох гээд л шинэ хувцсаа өмсөөд л зургаа угаалгаад очлоо. Тэгсэн жүжигчин Б.Навчаа эгч проб авч байсан. Тэгээд надад “Чи хөөрхөн охин байна. Гэхдээ нас чинь арай жаахан байна. Тиймээс нөгөө ангийн хүүхдүүд болон олон нийтийн хэсэгт дуудахаар ирж ороорой” гэсэн. Миний хувьд “Хэцүү анги” олон ангит киноны олны хэсэгт тоглож, нэг анги дээр нь тод текст хэлж гардаг юм. Анхны дүр маань “Хэцүү анги” кино. Одоо ч тэр киног үзсэн хүмүүс намайг гэж танихгүй л байх.

Тэр кинонд тоглосноос хойш их сургуулийн нэгдүгээр курст суралцаж байхдаа реклам, дууны клип, олон киноны туслах дүр дээр ажилласан. Бага байхдаа ичимхий хүүхэд байсан болохоор нүүр хагарахын тулд өөрийгөө сорьж эхэлсэн. Кино багт хамтран ажилласан мундаг жүжигчдээс үлгэр дууриалал авч, багаасаа өөрийгөө кино урлагт сорьсон болохоор суурь сайн тавигдсан байх гэж боддог. Харин миний тоглосон анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бол “HI Honey”.

ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИАЧ. АНХ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР СУРЧ БАЙСАН ГЭЛ ҮҮ?

-Би арван жилийн сургуулиа төгсдөг жил Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчихөөд, хэд хэд их дээд сургуульд бүртгүүлчихсэн байсан. Тэгээд Соёл урлагийн их сургуульд бүртгүүлэхээр очсон чинь “Одоо найруулагч, зохиолчийн ангид оюутан бүртгэж авна.  Манай сургуулийн бусад мэргэжлийн бүртгэл одоо дууссан” гэсэн. Би Соёл урлагийн их сургуульд найруулагч мэргэжлээр суралцахаар шалгалтаа өгсөн. Тэгээд гэртээ СУИС-иа зурж, орны толгойдоо наагаад “Би энэ сургуульд л явмаар байна. Тэнцүүлж өгөөч” гэж залбирдаг байлаа. Удалгүй их сургуулиас “тэнцсэн” гэдэг хариултыг өгч, баяртайгаар найруулагч мэргэжлээр сурсан даа.

Одоо бодоод байхад эхний хоёр жил маш зөв ангидаа, зөв мэргэжлээр суралцжээ. Миний хувьд найруулагч мэргэжлээр суралцаж байхдаа өөрийгөө голсон гэх үү дээ. Би одоохондоо найруулагч мэргэжлээр ажиллах болоогүй байгаа юм байна. Миний хүсээд байгаа мэргэжил бол жүжигчин гэдгийг илүү ойлгосон. Цаашдаа мэргэжлээ ахиулан гадаадад магистраар найруулагч мэргэжлээр суралцах төлөвлөгөөтэй байгаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ


URANUS: ХҮН БҮР ӨӨР, ӨӨРИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ

Хилийн чанадад ажиллаж амьдрахын сацуу олон улсад эх орныхоо нэрийг гарган амжилттай яваа хөдөлмөрч залуус олон бий. Тэдний нэг бол яах аргагүй дуучин Өлзийхутагийн Уянга  буюу Uranus юм. Тэрбээр 12 жилийн өмнө БНСУ-ыг эцэг эхийнхээ хамт зорьжээ. Гэхдээ түүнд багаасаа л хүсч, тэмүүлж ирсэн нэг мөрөөдөл байж. Тэр нь өдгөө Ө.Уянгыг  “К-поп” урлагт хөл тавихад хүргэсэн байна. Ингээд түүнтэй онлайнаар  ярилцсанаа хүргэе.


-Таны талаарх мэдээлэл сүүлийн үед Монголын хэвлэлээр нэлээд гарах боллоо. Солонгосын “К-поп” урлагт хөл тавьж "Signhere" хэмээх шинэ уран бүтээлч шалгаруулах тэмцээнд оролцон 10 мянга гаруй залуусаас "Шилдэг 44"-т шалгарсан гээд бахархмаар мэдээлэл гарч байна. Яагаад тэмцээн орох болов, яаж бүртгүүлсэн бэ? 

-"Signhere" тэмцээний зорилго нь  шинэ залуу  чадварлаг реппер, дуучдыг гаргаж ирэх юм. Ингэхдээ шүүгчид  тэдний ур чадвар, гүйцэтгэлийг голлон хардаг. Тус тэмцээнийг БНСУ-ын хип хоп лабел  болох "AOMG" зохион  байгуулдаг. "AOMG"  лабел-ийн үүсгэн байгуулагч нь реппер Jay Park. Түүний тухай Монголын залуус мэдэх байх аа.  "Signhere" тэмцээн зарлагдаад дөрөв  хонож байхад нь "AOMG"-н инстаграм хуудаснаас  зар харж байсан.  Юу ч байсан өөрийгөө сориод үзье гэж бодоод бичлэгээ явуулсан. Тэгээд нэг сар гаруйн хугацаанд ямар ч хариу өгөхгүй болохоор нь тэнцээгүй юм байна гэж бодож байлаа.  Гэтэл миний утасны дугаар солигдсон болохоор надтай холбогдож чадахгүй байсан юм байна лээ.

Тэд Kakaotalk-р  надтай холбогдож тэнцсэн тухай хэлсэн. Эхний шатанд  оролцогчдод  нэг сарын хугацаа өгсөн. Тиймээс өгсөн  хугацаанд багтаж шинээр хоёр  дуу хийхийн тулд тасралтгүй бэлтгэл сургуулилт хийсэн. Дараагийн үе  нь  телевизээр гарах шалгаруулалт. Миний дугаар наймдугаар сарын сүүлээр цацагдсан.

-Шүүгчид монгол гэхээр их гайхаж  байх шиг санагдсан?

-Тийм ээ. Солонгос хүнтэй бараг андуурахаа шахсан шүү.  Шүүгчдийн нэг нь Монголд очиж хөдөө хээр талд клипээ  хийж байсан юм байна лээ. Тэр хүн хэлэхдээ “Би Монголыг дээл морьтойгоор төсөөлдөг  байсан, буруу бодож байжээ” гэж хэлсэн.

Гэхдээ яагаад тэмцээнээс хасагдчихав?

-Миний хувьд уран бүтээлээ хийж эхлээд яг нэг жил болсон байна. Өнгөрсөн хугацаанд  соло таван уран бүтээл гаргасан. Хэдий тийм ч  бусад оролцогчидтой харьцуулахад уран бүтээлийн туршлага дутуу байна гэх шалтгаанаар тэмцээнээс хасагдсан. Гэхдээ би харамсаагүй ээ, тус тэмцээнээс шинээр олон зүйл сурч мэдсэн болохоор харамсахгүй байна.

Шалгаруулалтын дараа БНСУ-ын хэд, хэдэн  энтертайнмент хамтран ажиллах  санал тавьсан гэж сонссон. Ингэхэд хамтарч ажиллах агентлагаа сонгосон уу?

-Гурван агентлагаас хамтарч ажиллах санал ирсэн. Одоохондоо агентлагаа сонгоогүй байгаа. Аль нэг энтертайнменттай гэрээ хийлээ гэхэд дор хаяж таван жилээр хийдэг болохоор гэрээнд тусгагдсан нөхцөл зэргийг сайтар ярилцаж, тунгаасны дараа шийднэ дээ. Гэрээгээ дундаас нь цуцалбал би төлбөр төлнө, энтертайнментаа солино гэвэл мөн л шүүхээр явах учраас сайн бодож эцэг эхтэйгээ ярилцаж шийдэхгүй бол сэтгэлийн хөөрлөөр хөнгөн хуумгай  хандаж болохгүй. Ер нь бол бодоод л байна. Одоогоор ямар агентлагт харьяалагдах эсэхээ шийдэж чадахгүй л байна. Эсвэл  уран бүтээлээ хийгээд илүү том энтертайнментад хүч үзмээр ч юм шиг санагдаад байгаа. /инээв/

ДЭЛГЭРЭНГҮЙ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-26 83.23.240.89

Batmaa yamar tom amtai vee dood hani bas

Avatar

Зочин 2019-10-26 66.181.184.122

Сайнтай муутай сав дүүрдэг хорвоо. Эдийн засаг саарал жалсаалтад орсон нь хулгайч нараасаа зоригтой салах сайхан боломжийг олгож өглөө. Саад эсэргүүцэл их гарах ч хийхгүй бол энэ улс бусдын хоол болоход нэн ойрхон!!!

Avatar

Зочин 2019-10-26 202.9.44.240

Мөнгө угаах гэдэг чинь хууль бусаар олсон орлого, татвараас нуусан орлого, авилгад авсан мөнгөө банкинд хадгалуулах, хууль ёсны бизнэсд оруулахийг хэлдэг биш үү. Монголд цалингаараа амьдардаг төрийн албан хаагч цэвэрлэгчид байгаа байх. УИХ ийн бүх гишүүдээ шалгаад гэмтнүүдээ шоронд хий гэж тодорхой ойлгомжтой зөвлөөд байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2019-10-26 150.129.143.167

Saaral jagsaalt = mongoliin bank sanhuu gemt heregtnuud gsn ug bish gejuu?
Terrorism mongo ugaaltiig sanhuuleh ersdeltei gej baina. Banknii darguud mongo ugaaj bn gej shuud oilgogdohoor baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж