Хархнууд машин унаж сурчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Хархнууд машин унаж сурчээ

Хархнууд машин унаж сурчээ

Ричмондын их сургуулийн лабораторит хархнууд бидний өдөр бүр оролдоод оролдоод чаддаггүй зүйлийг сурчээ.  Тэд хоолоо олохын тулд машин сайн жолоодож сурсан байна. Тэд өөрсдөд нь зориулж хийж өгсөн энгийн ажиллагаатай бяцхан машиныг унаж сурснаараа хархнууд аливаа зүйлийг сурах маш өндөр чадвартай гэдгээ урьд өмнө нь байгаагүй тодорхой нотолж чадлаа.

Тархи судлаач Келли Ламбертаар ахлуулсан эрдэмтдийн баг хоолны сав, тоглоомон дугуй ашиглан бяцхан машин хийгээд үйлдэл хийх зориулалттай гурван хөнгөн цагаан утсыг руль болгон ашиглажээ. Хөнгөн цагаан руль болон хөнгөн цагаан шал нь электрон холбоо үүсгэж машиныг хөдөлгөдөг гэнэ. Харин хархнуудыг сургасны эцэст тэд жижигхэн сарвуугаараа баруун, зүүн, голын хөнгөн цагаан рулийг ухамсартайгаар ашиглаж сурчээ.

Эхэндээ харх машинаа хөдөлгөх тоолонд хоолоор шагнаж байсан бөгөөд аажимдаа хоолыг хол газар тавьж туршсаар гайхалтай үр дүнд хүрчээ. Эцэст нь хархнууд машинаа унаад туршилтын талбай буюу дөрвөн метр квадрат хайрцаг дотор чөлөөтэй давхиж туршигчдын тавьсан хоолыг олж очдог болжээ.

Туршилтад оролцсон 11 эр, зургаан эм хархны сурах арга барил болон хурд бүгд өөр байжээ. Тухайлбал лабораторид амьдардаг хархнуудаас илүү байгалийн хархнууд хурдан сурсан гэнэ. Үр дүнд нь бид хэдий чинээ адал явдалтай амьдарна, тэр чинээгээрээ аливааг суралцах чадвартай болдог гэдгийг харж болохоор байгаа тухай Ламберт ярьжээ.

"Жолоодлогын туршилт бол ердөө эхлэл нь. Бид цаашдаа улам илүү сонирхолтой туршилтууд хийх болно. Бид амьтдаас ухаалаг биш. Бүх амьтад өөр өөрийн өвөрмөц замаар биднээс хавь илүү ухаалаг байдаг" гэж Ламберт хэллээ.

Ямартай ч бид хэдэн жилийн дараа гэхэд машин зам дээр өөрсдөөсөө мундаг бяцхан жолоочидтой таарч магадгүй боллоо.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: insider.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж