Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайдад нэр дэвшигчдийн нэрсийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн мэдүүлэхээр дөнгөж сая өрөөнд нь орлоо.
Сангийн сайдад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болорыг, Хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтын нэрийг тус бүр нэр дэвшүүлээд байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өмнө нь Сангийн сайдад УИХ-ын гишүүн Н.Батбаярыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг санал болгосон ч Ерөнхий сайд хамтран ажиллах боломжгүй хэмээн үзсэн. Тиймээс бүрэн эрхийнхээ хүрээнд сайдад нэр дэвшигчдийн нэрсэд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн М.Зоригт, Б.Болор нарыг оруулж ирсэн нь энэ бололтой.
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг нэр дэвшүүлснийг мөн өргөн мэдүүлээд байна.
Сайдад нэр дэвшигчдийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй мөн зөвшилцжээ.
УИХ-ын дарга З.Энхболд маргааш эх орондоо ирнэ. Ирэх даваа гаригаас ээлжит бус чуулганыг зарлаж, зургаан сайдыг томилох боломжтой болж байна.
Г.ХОРОЛ