"Халх гол"-ын 500 га-д хууль зөрчин чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцлээ
Өнгөрсөн долдугаар сарын 09-ны өдөр Улсын Их Хурал Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн өргөн барьсан "Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай төслийг хэлэлцэж, дэмжин УИХ-ын 75-р тогтоолыг батлан гаргасан байдаг. Гэвч Улсын их хурал "Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай тогтоолоо батлахдаа иргэдийн саналыг тусгаагүй. Мөн энэ тухай ямар ч мэдээлэл өгөөгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.17-р зүйл буюу төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн, нутгийн иргэд дээрх шийдвэрийг эсэргүүцэж буй талаараа мэдээлэл хийлээ. Халх гол чөлөөт бүс байгуулах 500 га газар нь яг Буйр нуурын дэргэд байрладаг. Хэдэн зуун жилийн түүхийг илэрхийлсэн байгалийн цогцолборт газар, хөшөө дурсгал, ховор ан амьтан ихтэй. Хэрэв тус газарт чөлөөт бүс байгуулж, газар тариалан эрхлэвэл түүхэн үнэт зүйлсээ монголчууд алдах болно гэж нутгийн иргэдийн төлөөлөл ярив.
УИХ-ын 75-р тогтоол нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн. Иймээс тус тогтоолыг баталгаажуулан гарын үсэг зурсан УИХ-ын дарга З.Энхболд, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарыг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандан шалгуулахаар болжээ. Мөн Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Дорнод аймгийн нутгийн иргэдийн төлөөлөл болсон ТББ-ууд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.
Халх гол сумын нутагт өнөөдрийн байдлаар газар тариалангийн зориулалтаар 42 мянган гаруй га, бэлчээрийн зориулалтаар мөн 30 гаруй мянган га-г нутгийн аж ахуйн нэгжүүд эзэмшиж ашигладаг байна. Энэ бол чөлөөт бүс байгуулах 500 мянган га-даа багтсан тухай Дорнод аймгийн Геодези, зураг зүйн газрын мэргэжилтэн С.Мөнхнаран мэдээлж байсан удаатай. Харин 3000 гаруй малчин өрх Буйр нуурийг тойрон, нүүдэллэж амьдардаг. Бэлчээрт ашиглах газруудаа ч 15 жилээр эзэмшин авчээ. Харин дээрх тогтоол хэрэгжсэнээр малчин өрхүүдийн эзэмшсэн газрын зөвшөөрлийг хүчээр хүчингүй болгож, УИХ-аас таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган малчин өрхүүдийг албадан нүүлгэх, 500 га талбайг чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар зэхэж эхэлсэн тухай ч Халх гол сумын нутгийн иргэд мэдэгдлээ. Ямартай ч эх орныхоо газар нутгийг хайрлан хамгаалж авч үлдэхээр малчид үе шаттайгаар тэмцэхээр болжээ. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс дээрх асуудалд албан хариулт авахыг хүсч, Хүнс хөдөө аж ахуйн яаманд хандсан ч Р.Бурмаа сайдаас өөр хүн энэ асуудлаар мэдээлэл өгөхгүй. Р.Бурмаа сайд томилолттой яваа гэсэн тайлбарыг салбарын яамнаас нь өгсөн юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД