Хотжилт агаарын урсгалыг өөрчилдөг

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

Хотжилт агаарын урсгалыг өөрчилдөг

БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн судлаач Г.Гантуяатай хотжилтын талаар ярилцлаа.

-Хотжилт яаж агаарын урсгалыг өөрчилдөг талаар яриaгаа эхлэх үү?

-Одоо дэлхийн хүн амын тал нь хот, хотожсон газар амьдардаг, цаашид хотжих үйл явц ч тасралтгүй үргэлжилнэ. Хотжилт агаар, хөрс, усаар дамжиж байгаль орчинд нөлөөлдөг. Хотжилтын агаар орчинд үзүүлэх нөлөө их. Тухайлбал, хотод агаарын температур задгай хөдөө газраас их, учир нь асфальт, бетон зэрэг ургамлаас өөр шинж чанартай (альбедо, дулаан шингээлт гм) материал өдөртөө нарны богино долгионы цацрагийг шингээж шөнөдөө эргүүлж гаргадаг, мөн үйлдвэрлэл, автомашин зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой үүсвэрээс дулаан ялгарч хот болон хотын гаднах агаарын температурын зөрөөг ихэсгэдэг. Үүнээс үүдэн хотын агаарын даралт багасч мезо хэмжээний циркуляцийг өөрчилдөг. Энэ нь орон нутгийн цаг уур, үүл, манан, чийг, хур тунадас өөрчлөгдөх шалтгаан болно. Мөн агаарын даралтын зөрүүгээс хотын дээгүүр босоо чиглэлийн хөдөлгөөн идэвхжсэнээс үүл бүрэлдэх таатай нөхцөл болдог. Дэлхийн томоохон хотуудад хотын салхин доор хур тунадасны хэмжээ 0,5-2 дахин ихэссэн гэсэн судалгаа байдаг. Мегаполис хотын хувьд хотжилтын нөлөөгөөр бүсийн уур амьсгал өөрчлөгдөнө.

-Хотжилт хүн амын эрүүл мэндэд яаж нөлөөлж байна? Агаарын бохирдол бол сэтгэл зовоосон асуудал байдаг.

-Тиймээ, агаар бохирдуулагч үүсвэрүүд хотод төвлөрсөн байдаг шүү дээ. Уушиг, зүрхний өвчин, амьсгалын замаар дамжих халдвар хотод их байдаг. Хотын агаарын бохирдол, эрүүл мэндийн талын асуудал их өргөн сэдэв. Үүнээс гадна их халуун олон хоногоор үргэлжлэхэд хотын хүн амын эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулдаг. Тухайлбал, Японд энэ сард болсон их халууны улмаас 55 хүн нас барж олон мянган хүн эмнэлэгт хүргэгдсэн. Өрөө тасалгаанд агаарын температурыг бууруулах гэж сэнс, үлээгч ажиллуулсан ч энэ нь тодорхой хэмжээгээр энерги хэрэглэж байгаа учраас хотын агаарын температурыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байдаг. Тиймээс үргэлжилсэн халуун хотод эрүүл мэнд талаасаа ч эдийн засаг талаасаа ч хохирол авчирдаг. Агаараас гадна хотын хөрс, устай холбоотой бохирдол хотжилтын байгаль орчин, хүн амд үзүүлэх нөлөө болно.

-Улаанбаатар хотын хувьд 10 сараас эхлээд агаарын бохирдол ихсээд урдах замаа харахгүй шахам болдог. Жилийн жилд л өвөл болохоор агаарын бохирдол гэж ярьдаг. Ер нь яаж бууруулах вэ?

-Үнэн, хотод их төвлөрснөөс үүдэлтэй хүний үйл ажиллагаатай холбоотой гэдгийг хүн бүр ойлгож байгаа. Төр засгийн зүгээс агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн, бохирдуулагч үүсвэртэй холбоотой арга хэмжээг авсаар байгаа. Нөгөө талаас Улаанбаатар хот маань уулсын хөндийд байрласан, газарзүйн талаасаа агаарын бохирдол үүсэх “таатай нөхцөл” бүрдэх газарт байдаг. Тодруулбал, өвлийн цагт Сибирийн их даралтын орон тогтсон үед салхи бага, үүлгүй, агаар тогтонги байхад уулын хөндийд температурын инверс үүсдэг. Өдөр богино, мөн цасан бүрхүүл нарны цацрагийг шингээлгүй ойлгодгоос газрын гадарга шөнөдөө хурдан хөрч агаарын температурыг нэмэгдүүлнэ. Өвлийн үүлгүй шөнө гадаргын хөрөлт улам дэмжигдэнэ. Салхи багатайгаас агаар солилцоонд орохгүй, тогтонги агаар босоо болон хэвтээ урсгалыг тушсанаас бохирдолтой агаар хөндийдөө удаан хугацаагаар тогтсоор байдаг. Хотжилтын агаар мандалд үзүүлэх нөлөө, уулархаг газарт байрласан хотын орчны агаарын урсгал юунаас хамаардаг, температурын инверстэй үед Улаанбаатар хотын агаарын урсгалын судалгааг докторынхоо ажлын хүрээнд хийсэн. Цаашид ямар боломжууд байна, хайгаад, шинжлэх ухаанч судалгаа хийх хэрэгтэй.

-Докторын cудалгааны ажлаасаа сонирхуулбал? Одоо ямар судалгаа хийж байна? Үр дүнгээсээ сонирхуулбал?

Одоо БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуульд судлаачийн орон тоон дээр судалгааны ажлаа үргэлжлүүлээд докторын дараах судалгаа хийж байна, удахгүй эх орондоо буцаж мэргэжлээрээ ажиллана. Агаар мандлын шинжлэх ухааны тэнхимд анхны гадаад Ph.D. болж төгссөн. Докторын судалгааны хүрээнд дээр дурдсан сэдвүүдээс гадна, уулархаг газарт орших хотын хувьд уулзүйтэй холбоотой агаарын циркуляц хотынхтой яаж холбогдох, ямар үзүүлэлт энэ харилцан холбоонд чухал зэргийг онолын болон тоон загвараар судалсан. Онолын хувьд дифференцаль тэгшитгэлийн системээр математик аналитик аргаар гэсэн үг. Тоон загвар нь агаар мандлын судалгаа болон цаг агаарын урьдчилсан мэдээнд дэлхий нийтээр ашиглагдаж байгаа WRF загвар. Үүнийг нэгэн цогц судалгаа болгон докторынхоо судалгааны ажлаар хийсэн.

-Таны ажилладаг Сөүлийн үндэсний их сургуульд судалгаа яаж явагддаг вэ?

-Инженер, байгалийн суурь шинжлэх ухааны мастер, докторын оюутнууд удирдагч багшийнхаа судалгааны багт орж, лабораторийн орчинд байнга сууж, судалгаагаа тасралтгүй хийдэг. Олон оюутны хувьд лаборатори хоёрдох гэр болсон байдаг. Их ажлын үед хононо. Багш судалгааг ерөнхийд нь чиглүүлж өгнө үү гэхээс ингэж хий гэж дэс дараатай заахгүй, алхам бүрт хянахгүй, ерөнхий гарах үр дүнг сонирхдог. Байтугай, зарим судалгааны үр дүнг багш ч оюутан ч өөрөө яг таг мэдэхгүй, сонирхолтой шинэ зүйл байж болох учраас оюутны сониуч зан, өөртөө итгэх итгэл, тууштай зан чухал. Мөн хүлээгдэж буй үр дүнд заримдаа хугацааны хязгаарлалт тавьдаг. Тиймээс оюутан өөрийн сонирхлыг багшийн судалгааны хүрээнд нийцүүлсэн сэдвээр аль болох хурдан, судалгааны сонирхолтой үр дүн гаргаж харуулахыг хичээнэ. Монголд төгсөөд ирж байгаа оюутнуудыг харахад багшаар хэлүүлж, өөрөөр хэлбэл хөтлүүлж байнгын заавраар хийх гээд байдаг. Бие даалт, шаргуу эрэл хайгуул, мэдэх хүсэл тэмүүлэл чухал. Чадвар бас чухал, гэвч хүн бүр тэгж замнах боломжгүй.

-Судалгааны ажил хийхэд өөр юу чухал вэ?

-Дээр хэлсэн чадварууд судалгаа хийх явцад чухал. Аливаа судалгааны ажилд үр дүн гарсны дараа мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх, мэргэжлийн хурлуудад илтгэж танилцуулах чухал байдаг. Анхны оролцсон Ирландад болсон Хотын Уур амьсгалын олон улсын 8-р хурал, Америкийн цаг уурын нийгэмлэгийн 94-р хуралд шилдэг илтгэлийн шагналууд авсан. Манай судалгааны баг, сургууль, солонгосоос хүн тэгж дараалж шагнал авч байгаагүй гэсэн. Монгол хүний хувьд ч анхных. Надаас гадна багш маань үүнд сэтгэл хангалуун байсан. Итгэл, цаг алдахгүй нь, монголчуудад туслая, дэмжье гэсэн сэтгэлээр албан ёсоор тэтгэлэгт хамруулж хоёрдох монгол оюутан авсан. Мөн дараа дараагийн оюутнууд авахад бэлдэж байгаа. Таньдаг профессорууд ч, манай багш ч монгол оюутан авъя гэдэг, суралцах боломж их бий. Ер нь гадны хурлуудад явахад, жишээ нь Америкийн 20000 хүн оролцож байгаа тэр том хуралд шинээр олж мэдэх, харах, харьцуулах зүйл маш их гардаг, шинэ санаа, арга барил, эрдэмтэдтэй танилцах гээд олон зүйлийг олж авдаг. Солонгосын болон олон улсын хурлуудад 10 гаруй илтгэл хэлэлцүүлсэн. Мөн одоогийн байдлаар 10 орчим өгүүлэл олон улсын сэтгүүлд бэлдэж, хэвлэгдэхэд зөвшөөрөгдсөн болон хэвлүүлсэн байгаа. Залуу судлаачийн хувьд муу үзүүлэлт биш болов уу.

-Манай залуус гадаадад суралцах сонирхол их байдаг. Өөрөө яаж суралцаж төгссөн талаараа сонирхуулбал? Залууст тэтгэлэгтэй сулацах ямар боломж хир вэ?

-Би дунд сургуулиа багшийн дээдийн (УБИС) дэргэдэх лаборатори сургуулийн тоо, физикийн гүнзгийрүүлсэн ангийг төгсөөд ШУТИС-ийн КТМС-д компьютерийн программын чиглэлээр элсэж орсон. Дундаж үнэлгээ – GPA сайн, хэдэн семестр дараалж захирлын нэрэмжит хуудаст хүртэл орж байлаа. Боловсролын яамнаас жил бүр зарладаг гадаадад суралцах уралдаант шалгалтын зар хараад өөрийгөө сорьж үзэх гэж бүртгүүлээд, тэнцээд ОХУ-ын Санкт-Петербург хот руу цаг уурын мэргэжлээр суралцахаар явсан. Манай сургууль (РГГМУ) ус, цаг уурын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг соц үеийн үндсэн 2 сургуулийн нэг, одоо оростоо энэ чиглэлийн ганц их сургууль. Сургуулийг маань төгсч, эрдмийн зэрэг хамгаалж салбартаа сайн ажиллаж байгаа монголын олон ах эгч нар бий. Би тэнд баклавр, магистраа төгссөн. Суралцах хугацаанд өмнө нь эзэмшье гэж хичээж зорьж байсан програмын мэдлэг шууд хэрэглэгдэж, давуу тал болж удирдагч багшийнхаа судалгааны ажилд хамрагдаж магистрт суралцах хугацаандаа төслийн ажилд нь оролцож Финляндийн Цаг Уурын хүрээлэнд очиж програмын ажил дээр ажилладаг байсан. Орос багш маань ярьдаг байсан, цаг уурч хүн заавал програмчлал мэддэг байх ёстой гэж. Тэгэхээр, програм суурьтай хүн цаг уурч болсон нь миний хувь заяа байсан байх. Сөүлийн Үндэсний Их Сургуулийн хувьд БНСУ-ын топ сургууль, Азид 3-т, өнгөрсөн жилийн үнэлгээгээр Токиогийн Их Сургуультай хамт дэлхийд 31-т орсон. Дэлхийн жишгээр судалгаа их сургуулиуд дээр төвлөрдөг, судалгааг бодлоготой дэмжээд явдаг учраас байгаль, инженерийн оюутнууд тэтгэлэгт хамрагддаг. Оюутан байхдаа англи хэл сайн сурчихвал цаашид ахисан түвшний сургалтад (graduate) тэтгэлэгт хамрагдаж суралцах боломж их байдаг.

-Таны амьдрал, судалгааны ажилд амжилт хүсье!

-Баярлалаа.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж