Авто болон төмөр зам тавихдаа амьтдад зориулж заавал гарц байгуулах боллоо
Зээрийн сүрэг © Б.Лхагвасүрэн
Монгол Улсад олон төрлийн стандарт бий. Эдгээр нь ихэвчлэн хүн төвтэй нийгэмд зориулагдсан болохоос зэрлэг амьтдыг хамгаалахад хүртээлгүй байсаар ирсэн билээ. Тэгвэл нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс төв Азийн орнуудаас анх удаа баталлаа. Саяхан батлагдсан энэ стандартыг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдлийн замд саад учрахгүй байх боломж бүрдэж байгаа юм.
Нүүдлийн тууртан амьтдад ямар аюул учраад байгаа вэ?
Амьтдын нүүдэлд хамгийн их саад болдог нь авто болон төмөр зам. Монгол Улс нийт 1088 км урт төмөр замтай. 1949 оны арваннэгдүгээр сарын 7-нд анхны галт тэргээ хүлээн авч байсан монголчууд 1955 онд Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг нээснээр Ази-Европыг холбосон хамгийн дөт замтай болсон юм.Төмөр зам дагаж томоохон хот суурин сүндэрлэж, манай улсын эдийн засаг болон нийгмийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэртэй байгаа билээ. Аливаа бүтээн байгуулалт сайн, муу хоёр талтай байдаг бичигдээгүй хууль манайд ч харамсалтай нь давтагдах ёстой байжээ.
Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг ашиглалтад оруулснаар олон зууны турш тааваараа бэлчин амьдарч байсан цагаан зээрийн сүргийг төмөр замаар баруун, зүүн хэсэгт хуваачих нь тэр. Яг л Солонгосын хойгийн дайны дараа Солонгосын ард түмэн хоёр хуваагдаж элэг нэгт ахан дүүс аргагүйн эрхэнд салж тухайн үеийн улс төрийн бодлогын золиос болж байсан шиг. Ялгаатай нь, тэд хүн юм болохоор зовж зүдэрч байгаагаа дэлхий даяар зарлаж, мэдрүүлж чадсан. Хөөрхий зэрлэг амьтад бидэн шиг ярьж, эрхээ хамгаалж чадахгүй болохоор хөгжлийн золиос болоод хоцорсон юм.
Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо бараг байхгүйтэй адил болжээ. Амьтдын нүүдлийг төмөр зам дагуухь тороор хааж тэнд нь амьтад олноороо өлгөгдөж үхсээр байгаа дүр зураг олон жил давтагдсаар ийнхүү цагаан зээрийн тасарсан сүргийг мөхөл рүү чирсэн юм. Харин нутгийн зүүн хэсэгт үлдсэн зээрийн үндсэн сүрэг одоохондоо тааваараа бэлчиж явна. Гэхдээ энэ сүрэг төдийгүй бусад тууртнууд удахгүй зүүн бүсэд өрнөх дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтаас болж мөхөж мэдэх аюул хэдийнэ хаалга тогшиж эхлээд байна.
Зүүн чиглэлд тавих төмөр зам нүүдэллэдэг амьтдад жинхэнэ аюул учруулахаар байгаа билээ.Учир нь, Даланзадгадаас Чойбалсан хүртэлх төмөр зам социализмын үед хүчээр таслагдаж үлдсэн цагаан зээрийн нүүдлийн замыг хааж таарах нь. Хөөт-Бичигтийн төмөр зам ашиглалтад орохоор бүр хавханд орсон юм шиг таг хаагдах төлөвтэй байгаа юм. Цагаан зээр бол Монголын бахархал болохоор амьтан. Бид л тоодоггүй болохоос нутагт нь нэг төрлийн амьтан олон мянгаараа нүүдэллэдэг улс дэлхийд цөөн. Японы эрдэмтэд 2002-2005 онд цагаан зээрэнд хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөнийг нь судалжээ. Тэгэхэд нэг ч цагаан зээр төмөр замын торыг давж гарч чадаагүй нь тодорхой болсон юм. Цагаан зээр ган зуд болоход бэлчээрээ дагаж олон км нүүдэллэдэг. Тэгж яваад хил дээр ирдэг ч өргөст торонд тулаад зогсдог. Гарах гэж зүтгэсэн нь торонд олон арваараа өлгөгдөж үхдэг. 2000 онд л гэхэд ОХУ-ын хил дээр 100 мянга гаруй цагаан зээр очоод гарч чадахгүй газар тэнгэр нийлж байсныг судлаачид хэлдэг.
үргэлжлэл: mongolia.panda.org