“Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийн 95 хувийг ашиглах боломжтой”

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

“Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийн 95 хувийг ашиглах боломжтой”

“Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийн 95 хувийг ашиглах боломжтой”

Монгол Улсад 2010 оноос хойш тээврийн хэрэгслийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа. Ингэж нэмэгдэхдээ үйлдвэрлэгч орнуудад бараг хэрэглэхээ байсан долоо болон түүнээс дээш насжилттай тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирсээр байна. Сүүлийн гурван жилийн тоон дүнг нэгтгэвэл 200 гаруй мянган тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирсэн байх юм.

Тиймээс Монголд автомашины хог хаягдлыг дахин боловсруулах систем бий болгохгүй л бол “хогийн сав” болоход тун ойрхон байгааг өнөөдөр /2019.10.25 / Пума зочид буудлын хурлын танхимд болж буй “Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх нь сэдэвт олон улсын форумын үеэр эрдэмтэн судлаачид хэлж байна.


“300 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ХЭН, ХААНА АШИГЛАЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙГҮЙ”

“Монгол Улсад ашиглагдаж буй 1 сая 30 мянга орчим тээврийн хэрэгслийн 75 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Энэ нь тун удахгүй Монгол Улс аюултай хог хаягдлын орон болно гэсэн үг. Үүнээс автомашины тоо 900 мянга орчим байгаагаас 600 орчим тээврийн хэрэгсэл тогтмол үзлэг оношилгоонд хамрагдаж, татвар, даатгалаа төлдөг. Харин үлдсэн 300 мянга орчим тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд хамрагдахгүй, татвар даатгалаа төлөхгүй, хэн, хаана ашиглаж байгаа нь тодорхойгүй байгаа учраас хог хаягдал болох магадлал тун ойр байна” гэдгийг Авто тээврийн үндэсний төвийн Архив, лавлагааны тасгийн дарга Б.Батбаяр танилцуулсан юм.

Тэрбээр “Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст хуучин тээврийн хэрэгслийг ашиглалтаас хасах ажлыг тогтмол явуулдаг. Өнгөрөгч хоёр жилд нийтдээ 40 гаруй мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан. Бүртгэлээс хасна гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийг задалж, хэрэгтэйг нь ялгаад, устгачихлаа гэсэн үг биш. Үндсэндээ жил болгон ногдуулдаг татвар, оношилгоонд орох үүргээс чөлөөлөгдөж байгаа юм” гэв.

АШИГЛАЛТААС ХАСАГДСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 95 ХУВИЙГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

Автомашины таван хувь нь хог хаягдал болж, үлдсэн 95 хувийг нь дахин ашиглах боломжтой гэнэ. Бидний хувьд ашиглах боломжтой 95 хувийг хог гэж үзэж байгаа нь хамгийн буруу гэдгийг мэргэжилтнүүд яриандаа онцоллоо. Хэдийгээр Монгол Улс үйлдвэрлэгч орон биш ч энэ хог хаягдлыг дахин ашиглаж, гадаадын орон руу экспортлох боломжтой гэсэн юм.

Уг форумын үеэр илтгэл хэлэлцүүлж байсан ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн тээврийн салбарын эрхлэгч, доктор И.Базаррагчаа хэлэхдээ “Миний хувьд автомашинаас ялгарч буй хог хаягдлыг дахин боловсруулах, тээврийн хэрэгслийг дахин боловсруулах асуудлыг 2012 оноос хойш судалж байна. Өнгөрсөн хугацаанд судалгааны хүрээнд гадны маш олон зөвлөхүүдтэй ажиллаж, олон улсын туршлагуудыг судаллаа. Жишээлбэл, приус машин энгийн л тээврийн хэрэгсэл. Архийг задалж уухгүй л бол аюулгүй шүү дээ. Үүнтэй л адилхан. Иргэд приус машинтай буруу харьцдаг учраас өөрсдөдөө, байгаль орчиндоо аюулыг бий болгож байна. Учир нь тэр машиныхаа задалж болохгүй юмыг нь өөрсдөө задалчихна. Сэлбэгээ солихдоо бүхлээр нь солих ёстойг нь задлаад хэсэгчилж сольдог.

Монголчуудын худалдан авч буй автомашин нь бүрэн ашиглалтаас гарсан машин биш. Зүгээр л хоёр дахь хэрэглээндээ орж байгаа машин юм. Гэтэл ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг унаж, хэрэглэнэ гэсэн үг биш. Дахин боловсруулж, түүхий эд болгоод дараагийн өөр үйлдвэрлэлд ашиглана гэсэн үг. Манай улсын хувьд эдийн засгаа дагаад хуучин авто машин оруулж ирж байгаа ч шаардлага хангахаа болиод ирэхээр түүхий материал болгож, боловсруулаад үйлдвэрлэлд ашиглах нь хамгийн ашигтай. Нэгэнт ашиглалтаас гарч хасагдсан байгаа тээврийн хэрэгслийг Монголд цуглуулж, хог хаягдлыг нь дахин боловсруулах үйлдвэр гэхэд ганц нэг бий” гэлээ.

ХИЛЭЭР БАТАЛГААГҮЙ ОРУУЛЖ ИРЖ БУЙ СЭЛБЭГТ ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ

Тэрбээр мөн Монголд импортоор оруулж ирж буй амтомашины сэлбэгийн талаар тайлбарлахдаа “Авто машины сэлбэгийг олон янзаар хийж болно. Нэгдүгээрт цоо шинээр үйлдвэрлэсэн сэлбэг байж болно. Эсвэл ашиглалтаас  хасагдсан тээврийн хэрэгслээс дахин ашиглах боломжтой сэлбэгийг салган авч, цэвэрлээд дахин ашиглаж болно. Эсвэл манай улс шиг ямар нэгэн авто машиныг задлаад, сэлбэгийг авч болно. Эдгээрээс эхний хоёр тохиолдолд баталгаатайгаа импортоор оруулж ирж байгаа. Харин задлаад, сэлбэг оруулж ирж байгаа тохиолдолд ямар ч баталгаагүй учраас хяналт тавих хэрэгтэй болж байгаа. Тийм учраас Монгол Улсаас баталгаа гаргаж, шалгалт хийдэг байх ёстой. Манай улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хуучин авто машиныг хилээр оруулж ирэхдээ оношилгоо хийлгэж, улсын бүртгэлд авдаг бол авто машины сэлбэгэн дээр тийм хяналт байхгүй” гэдгийг хэлж байв.

НАЛАЙХ ДҮҮРЭГТ АШИГЛАЛТААС ХАСАГДСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЦУГЛУУЛАХ ПАРК БАЙГУУЛНА

БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр манай улсад ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглахаар дэвшилтэт технологийг ашиглан цогц үйлчилгээний төв байгуулахаар болжээ. Налайх дүүрэгт баригдах уг үйлдвэрлэл, технологийн паркийг 2020 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

“Монгол авто ресаикл” паркийн захирал У Шин Вон “Миний ойлголтоор БНСУ-аас Монгол Улс руу ихэвчлэн ачааны том оврын болон жижиг ачааны машинууд ихээр оруулж ирдэг гэж сонссон. Ялангуяа авто машины ченжүүд БНСУ-аас цаашдаа ашиглагдах боломжтой ч манай улсад ямар нэгэн байдлаар ашиглагдахгүй байгаа авто машиныг Монголд оруулж ирдэг гэж бодож байна. БНСУ-д ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийн систем анх хууль эрх зүйн хүрээнд бий болсноос хойш 30 жил болсон байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд зөвхөн хууль эрх зүйгээр тогтохгүй энэ технологи, системийг хэрхэн сайжруулж, технологи хөгжүүлэлт хийх тал дээр олон талаас хамтарч ажиллаж ирсэн. Ингэснээр манай улсад ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулж, задлаад, сэлбэг ад ангиудаа дахин ашиглах нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэхээр ажиллаж байна. энэ системээрээ дамжуулан хөрс, агаарын бохирдлыг асуудлыг шийдвэрлэж байна” гэв.

Харин салбар яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Сэрээтэр хэлэхдээ “Хог хаягдлын тухай хуулиараа Аюултай хог хаягдлын жагсаалт, аюулын зэрэглэл гээд тодорхой журмууд батлагдсан байгаа. Эдгээр журмын хэрэгжилтийг хангах шаардлага гарч байна. Налайх дүүрэгт баригдах парк нь үйлдвэр гэхээсээ илүү автомашины үйлдвэрлэл үйлчилгээг хэрхэн явуулах вэ гэдэг анхан шатны үйлчилгээний төв юм. Тэрнээс биш олон улсын түвшингийн үйлдвэрлэлийг шууд явуулж чадахгүй шүү дээ. Энэ ажлыг үе шатттайгаар хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт ч багагүй шаардлагатай байгааг хэлж байв.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж