Б.Батцэцэг: Жижиг, дунд бизнес эрхлэгчид нэг хувийн татвар төлнө

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Б.Батцэцэг: Жижиг, дунд бизнес эрхлэгчид нэг хувийн татвар төлнө

Б.Батцэцэг: Жижиг, дунд бизнес эрхлэгчид нэг хувийн татвар төлнө

“Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес форум энэ сарын 28, 29-нд болох гэж байгаа талаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр /2019.10.25/ мэдээлэл хийлээ. “Экспорт Монгол” форумыг 2015 оноо эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд олон улсын хэмжээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм байна. Мөн дэлхийн зах зээлд танигдсан уул уурхайгаас өөр монгол бүтээгдэхүүн бий болгох нь тус хурлын зорилго ажээ. Уулзалтын эхний өдөр бизнес уулзалт болох бол хоёр дахь өдөр экспорт руу чиглэсэн сургалт семинар болох юм байна.

Австрали, АНУ, Канад, Япон, БНТУ, Филлипин, Зүүн өмнөд Азийн орнуудын төлөөлөл энэ жилийн хуралд оролцох юм байна.

Хоёр хоног үргэлжлэх уулзалтын үеэр “Монгол брэнд” үзэсгэлэн худалдааг мөн зохион байгуулах аж. Үзэсгэлэн худалдаагаар Монголоос экспортолж буй бараа бүтээгдэхүүнийг оролцогчдод таниулахын зэрэгцээ “Шилдгийн шилдэг” бүтээгдэхүүнийг тодруулж, Японд болох “Монголд үйлдвэрлэв” оролцох эрхээр шагнах юм байна.

Монгол Улсын ноос ноолуурын экспорт 2017-2018 онд 21 хувиар, хүнс 69 хувиар тус тус өсчээ. Монгол Улсаас бараа импортолж буй орнуудаас БНХАУ нэгдүгээрт ордог бол АНУ, Япон, Турк удаалдаг юм. Зөвхөн БНХАУ, АНУ, Япон, Туркт арьс шир, ноос ноолуур, хүнсний бүтээгдэхүүн экспортолсноор 2017 онд  313.3 сая ам.доллар, 2018 онд 393.5 сая ам.долларын орлого олжээ. Мөн ноолууран бүтээгдэхүүнийг 30 гаруй улсад экспортолдог юм.

"ХААН ШИРХЭГТ НООЛУУРААР ДЭЛХИЙД ХАМГИЙН ИХ ТАНИГДСАН"

Мэдээлэл хийх үеэр ЖДҮХС-гийн захирал Б.Батцэцэгээс экспорттой холбоотой асуудлыг тодрууллаа.

-Монгол Улс уул уурхайгаас өөр ямар бүтээгдэхүүнээр дэлхийд танигдах боломжтой вэ?

-Дэлхийд хамгийн их танигдсан монгол бүтээгдэхүүн бол хаан ширхэгт ноолуур. Үүнийг олон улсын стандартад нийцүүлэн, бүртгүүлж, гэрчилгээгээ авсан. Үүний дараа оёмол бүтээгдэхүүн орно. Дээр нь хөнгөн үйлдвэрийн чиглэл буюу арьс, ширэн бүтээгдэхүүн нь манайхыг илтгэнэ. Үүний дараа инноваци шингэсэн IT-гийн үйлчилгээний салбарууд. Эдгээрийг гадагш гаргах боломж бүрэн бий.

-Экспортыг нэмэгдүүлэхэд ямар асуудал тулгамддаг вэ?

-Судалгаа явуулахад жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг экспортлоход чанар, стандарт хамгийн түрүүнд яригддаг. Мөн чанар стандартаас гадна сав баглаа боодлын асуудал байна. Үүний дараа далайд гарцгүй орны хувьд бүтээгдэхүүний тээвэрлэлт хамгийн чухал асуудал болдог.

-Эдгээр асуудлыг шийдвэрлэж, экспортыг нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого хэрэгжүүлбэл зохимжтой вэ?

-ХХААХҮЯ нь “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Мөн яам нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг өргөн хүрээг хамардаг тул бүх чиглэлд экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталдаг. Засгийн газрын хувьд “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрүүд, “Монгол экспо”, “Монгол ноолуур” хөтөлбөр зэрэг урт хугацаанд хэрэгжих маш олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

-Экспортод татварын нөхцөл хэрхэн нөлөөлж байна вэ?

-Монгол Улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний тухай хууль энэ оны зургадугаар сарын 6-нд батлагдсан. Мөн татварын багц хуулиуд батлагдсан. Энэ хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн татварын таатай нөхцөлийг бий болгох чиглэлээр энэ төрлийн бизнес эрхлэгчид нэг хувийн татвар төлөх боломжтой болсон. Тиймээс бизнес эрхлэгчид маань орлогоо үнэн зөв мэдүүлээд, татвараа шударгаар төлөөд явах юм бол цаашид хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжууд нээгдэж байгаа. Энэ жилийн хувьд ЖДҮХС-гаас 47 тэрбум төгрөгийн санхүүжилтийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл хэлбэрээр олгож байгаа. Сонгон шалгаруулалтын явцад жижиг, дунд бизнес эрхлэгчид орлого үнэн зөв, тодорхой мэдээлээгүй тохиолдол гарсан. Тиймээс цаашид жижиг, дунд бизнес эрхлэгчид санхүүгийн сахилга баттай байвал бусад боломжууд нээгдэж, татварын таатай орчныг ашиглах боломж нээгдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж