Донгодуулсан 4 үзүүлэлт дунд банкны асуудал байгаагүй

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Донгодуулсан 4 үзүүлэлт дунд банкны асуудал байгаагүй

Донгодуулсан 4 үзүүлэлт дунд банкны асуудал байгаагүй

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллагын эрчимтэй хяналт буюу саарал жагсаалтад Монголыг оруулсан хариуцлагыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарт тооцохоор болсон. УИХ-ын дарга Г.Занданшатар тэднийг өнгөрөгч Лхагва гаригт хүлээн авч ажлаа өгөхийг шаардсан билээ. Ямартай ч, тэд ажлаа өгөх нь тодорхой болсон.

Саарал жагсаалтад орох болсон нэг шалтгаан нь Монголын банкууд дүрмийн сангаа нэмэгдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй гэсэн мессеж хэвлэлээр болон олон нийтийн сүлжээнд цацагдах болсон.  Түүнчлэн 2015 онд баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиас болсон гэж Хууль  зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийгөө хамгаалж буй.

Тэгвэл Парис хотноо болсон ФАФТ-ын нэгдсэн хурлын үеэр юу яригдсан талаар уг хуралд оролцоод ирсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өчигдөр хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өгсөн юм. Тэрбээр уг хуралд Монголыг төлөөлж оролцсон багийг ахалсан байдаг.  Тус байгууллагын хурал хоёр, зургаа, аравдугаар сард гээд жилд гурван удаа болдог юм байна.

ФАФТ-аас Монгол Улсыг  Саарал жагсаалтад оруулах болсон үндэслэлээ Монголын багийнханд маш тодорхой тайлбарлажээ.  Тус байгууллагаас Монголд 40 зөвлөмж хүргүүлсэн. Үүнээс 11 үзүүлэлтийг нь биелүүлэхийг даалгавар болгосон. Дөрвийг нь дахин сайжруулж ажиллах шаардлагатай гэсэн шийдвэрийг сая Парист болсон хурлаас гаргасан тул Монголын саарал жагсаалтад оруулж.

Донгодуулсан дөрвөн үзүүлэлт дунд арилжааны банк, банкны салбартай холбоогүй гэдгийг ажлын хэсгийн ахлагч Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг онцолсон юм.  Гэхдээ Монголын арилжааны банкууд сайн ажилласан нь зуун хувьд өөрсдийнх нь гавъяа гэхэд учир дутагдалтай аж. Гадаадын олон банкуудтай манай арилжааны банкууд түншилдэг учраас  хатуу шаардлага биелүүлэхэд хүрдэг. Гадаадын банкууд асар их, хүнд шалгуур тавьдаг. Тиймээс арилжааны банкуудаар дамжуулж мөнгө угаах асуудал бараг байхгүй гэх.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад шат дараалсан “шалгалт” авч байгаа.  Эхний удаад банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээг шалгаж, нэмэгдүүлэх үүрэг Валютын сангаас өгсөн байдаг. Нийтдээ 560 гаруй тэрбум төгрөгийн дутагдал гарсан, хөрөнгийн дутагдалтай банкуудад тодорхой хугацаа өгсөн. Үүний дараа эх үүсвэр нь цэвэр эсвэл бохир мөнгө болох эсэхийг шалгуулахаар магадлан шинжлэх аудитыг Сингапурт ажилладаг АНУ-ын компаниар хийлгэсэн байна.  Тус компани өнгөрсөн есдүгээр сарын 25 дүн шинжилгээгээ, зөвлөмжөө Монголбанкинд хүргүүлсэн. Уг зөвлөмжийн дагуу Монголбанк арилжааны банкуудад Банкны тухай хуулийн дагуу арга хэмжээ авах гэнэ.  Мөн зарим банкуудын хувьд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар ил болсон хөрөнгөөс эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар Монголбанкинд мэдүүлсэн аж. Уг хуулиас өмнөх эх үүсвэр нь цэвэр эсэхийг шалгах хориотой. Гэхдээ ОУВС-ийн хөтөлбөрийн дагуу Монголын банкны салбар эрүүлжиж эхэлсэн бололтой.

Харин манайд ажиллаж байгаа Хойд Солонгос иргэдийн цалин, хөлсний тодорхой хэсэг цэрэг, зэвсгийн санхүүжүүлэхэд зарцуулагдсан байна гэж ФАФТ үзсэн бололтой.  Тус байгууллагын ажлын хэсгийнхэн Монгол ирэхдээ  Улаанбаатарт Хойд Солонгосын 2000 иргэн ажиллаж байгааг анхааруулаад буцжээ. НҮБ-аас гаргасан тогтоолын дагуу Хойд Солонгосын Элчин сайдын яаманд ажилладаг хүмүүсээс бусдыг нь энэ оны эцэст нутаг буцаасан байхыг ФАФТ-аас шаардаж буй аж.  Түүнчлэн Парист болсон хуралдаанаар Монголын төлөөлөгчид  авлига, албан тушаалын хэрэгтээ тэмцэж байгаа, зарим хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн тухай  "шинэ мэдээ" хүргэж. Мэдээж, энэ бүгд ФАФТ-д хангалтгүй байсан учраас саарал жагсаалтад багтааж.

ФАФТ-аас дахин сайжруул гэх даалгавар авсан дөрвөн үзүүлэлт нь:

  1. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах;
  2. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх;
  3. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах;
  4. Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйлдлийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж