Хүний амь хөсөр хаягдаж, хөшөө үнэд оров

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Хүний амь хөсөр хаягдаж, хөшөө үнэд оров

Хүний амь хөсөр хаягдаж, хөшөө үнэд оров

Хүний амь хөсөр хаягдаж, хөшөө үнэд ордог цаг ирдэг байжээ. Хүн нь байж, улс оршин тогтнодог болохоос хөшөө бариад улс тусгаар тогтнодоггүйг энэ эрх баригч нарт хэлээд өгөх хүн байна уу?.

Хавдар гэх аюулт өвчнөөр жилд 4400 хүн амиа алдаж, эмнэлгийн тусламж хэрэгтэй өвчтөнүүдэд ор хүрэлцэхгүйгээс коридорт хоноглох шахам өдөр хоногийг өнгөрүүлж хэвтэхэд салбар хариуцсан сайдаасаа эхлээд Засгийн газрын танхимынх нь гишүүдийн зүрх шимширсэнгүй, 2020 оны төсөвт 19.8 тэрбум төгрөг суулгахаас цааргалан ширэн нүүрлэж сууцгаах юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбараар салбарын яамнаас нь Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-д ирэх онд 19.8 тэрбум төгрөг шаардлагатай тухай саналыг ирүүлээгүй гэх. Салбарын сайд нь хариуцлага алдаж, шаардлагатай санхүүжилтийг оруулж ирээгүй бол УИХ-аар 2020 оны төсвийг хэлэлцэх шатанд санал гаргаад суулгаж яагаад болдоггүй юм бэ. Яагаад санал гаргаагүй сайдынх нь бурууг өвчтэй иргэдэд үүрүүлж, “яллах” гээд байгаа юм бэ. Яагаад салбарын сайд нь бус ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн саарал ордны хаалга татан, "ХСҮТ-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж өгөөч" гэж УИХ-ын гишүүдийг гуйж явах ёстой юм бэ?. Хавдрын өвчин зөвхөн энэ хүний асуудал юм уу.

Монгол Улсын 2020 оны төсвийн задаргааг авч үзвэл Хэнтий аймагт хамгийн их буюу 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигджээ. Эндээс таналт хийвэл дээрх 20 хүрэхгүй тэрбум төгрөгийг "босгоод" ирэх боломжтой.

Өвчтэй иргэд нь шалаар нэг хэвтэж, эмчлүүлж байхад аялал жуулчлал хөгжүүлэх нэрийн дор хөшөө босгох зориулалтаар өчнөөн тэрбум төгрөг 2020 оны төсөвт суулгасны учрыг бодоод, бодоод үнэндээ олохгүй юм. Хэзээ байтлаа Засгийн газар түүх дурсгалд хайртай болчихоо вэ. Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Улсын драмын театр, Дуурийн театрын барилгыг буулгах шийдвэр гаргахдаа соёлын үнэт өв нураах гэж байгаагаа ойлгоогүй атлаа гэнэт Чингис хаанд хайр зарлаж гэнэ.

Тэрэндээ тулбал, Хэнтийн Бэрх, Батноров, Биндэр суманд Монголын эзэнт гүрний цогцолбор барилаа гээд Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны Чингисийн цогцолборыг илүү давж гарна гэж бодож байна уу, үгүй. Энэ улсын цогцолбороос Монголын эзэнт гүрэн юугаараа ялгарах ёстой вэ, Хэнтий аймаг бол Чингисийн мэндэлсэн, өссөн нутаг гэдгийг л онгон дагшнаар нь хадгалаад үеийн үед өвлүүлж байж, ӨвөрМонголыг давж, дэлхийд данслагдана.

Жуулчид Монголд юу үзэх гэж ирдэг вэ гэдгийг мэдэх үү. Онгон дагшин байгаль, Чингисийн өлгий нутгийг байгаагаар нь үзэх гэж, агаарыг нь үнэртэх гэж ирдэг юм. Түүнээс энд тэнд босгосон аймгуудын хаалга, суварга, хөшөө сонин биш.

Иймээс хөрөнгө оруулалтаа ач холбогдлоор нь эрэмбэлээд Хэнтийн хөрөнгө оруулалтаас танаад ХСҮТ-д шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаад өгөөч гэж ард иргэдийнхээ өмнөөс хууль тогтоогчдоос гуйя. Хэнтийд тавьсан хөрөнгө оруулалтаас 20 орчим тэрбум төгрөг хаслаа гээд улсаараа хохирчихгүй. Нийт 140 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас 20 орчим тэрбум хасагдахад цаана нь 120 тэрбум үлдэнэ. Арван аймгийн хөрөнгө оруулалтыг нэмээд ч энэ хэмжээнд хүрэхгүй, тийм л их хөрөнгөтэй үлдэж байна.

Хавдрын өвчнөөр Монгол Улс дэлхийд тэргүүлж байгаа. Энэ сэтгэл эмтрэм мэдээг УИХ, Засгийн газрын гишүүд сонсоогүй гэвэл алдас болно.

Төрийн ордонд байсхийгээд зохион байгуулагддаг олон улсын хурал, зөвлөгөөн тэр бүгдээр дээрх асуудал хөндөгддөг. Гэтэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл яагаад ХСҮТ-д шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын хуралдаанаараа 2020 оны төсвийг хэлэлцэх үед оруулж ирсэнгүй вэ. ХСҮТ-өөс өнгөрсөн зургадугаар сард эмнэлгийн өргөтгөлд шаардлагатай дээрх хөрөнгийг ирэх оны төсөвт суулгаж өгөх хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд ирүүлсэн мэдээлэл байна.

Салбарын яам нь яагаад энэ хүсэлтийг хав дарж, Засгийн газарт ирүүлсэнгүй вэ. Эсвэл Засгийн газрын хуралдаанаар асуудлыг ярих үед үл тоов уу. Тэр үед тоогоогүй асуудал ард түмнийх нь амин чухал асуудал байсныг өнөөдөр ухаарангуутаа салбарынх нь сайдад хамаг бурууг тохож байна уу. Хэрэв салбарын сайд нь Засгийн газарт асуудлаа оруулалгүй хав дарсан бол хариуцлага хүлээх ёстой. Энэ бол улсыг саарал жагсаалтад оруулсантай тэнцэхүйц хариуцлага хүлээх хэмжээний асуудал.

Хүнээ хөсөр хаяж, хөшөөнд ач холбогдол өгсөн Засгийн газрын алдааг УИХ давтахгүй гэж найдъя. Улс хүнээ эхэлж бодож, хөрөнгө оруулалт хийж хөгждөг болохоос хөшөө бариад хөгжсөн орны жишээ сонссонгүй. Хүний амь, хөшөө хоёрын аль нь үнэтэй вэ, эрх баригчид аа!

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
6
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж