Улсын төсвөөс 13 тэрбум төгрөг албан тушаалаа урвуулан завшсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй Л.Гансүхийн гэгдэх хэргийг шүүх хурал уржигдар буюу есдүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд эхэлсэн ч, гэрч дутуу гэдэг шалтгаанаар гурав дахь удаагаа хойшилсон юм. Ингэхдээ шүүгчдэгч Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг шууд цагдан хорьсон. Харин дараагийн шүүх хурлыг энэ сарын 10-ны өдөр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн танхимд явуулахаар болсон юм. Гэхдээ тухайн үед шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Иймээс Дархан-Уул аймгийн 5000 гаруй иргэд нэгдэж, Л.Гансүх нартай холбоотой шүүх хурлыг нээлттэй хийхийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүсч, шаардлага хүргүүлсэн тухайгаа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Тэд Л.Гансүх нарын Нүүрс хөтөлбөртэй холбоотой хэргийг шүүх хурлыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэйгээр, шууд дамжуулах боломжыг нь хангаж, иргэдэд ил тод нээлттэй шударга явуулахыг хүссэн иргэдийн гарын үсгийг цуглуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид хүргүүлжээ.
Л.Гансүх нь Дархан-Уул аймгаас Улсын их хуралд хоёр удаа нэр дэвшиж, нутгийн иргэд итгэл үзүүлж, тойргынхоо гишүүнээр сонгож байсан. Нэг нутгийнханы хувьд Л.Гансүхийг улсын төсвөөс мөнгө завшиж, гэмт хэрэг хийх хүн биш. Хуулийнхан ямар ч үндэслэлгүйгээр Л.Гансүх нарыг баривчлан шалгаж, хэлмэгдүүлж байна гэсэн байр суурийг дарханчуудын төлөөлөл илэрхийлсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөл 5000 гаруй иргэдийн хүсэлтийг хүлээн авч, яаралтай буюу энэ сарын 07 өдөр хариу өгөхийг иргэдийн төлөөлөл шаардлаа. Хэрэв Л.Гансүх нарын хэргийг шоронгийн хашаанд биш, шүүхийн танхимд иргэд олон нийтийг оролцуулж, нээлттэй явуулах иргэдийн хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээн авахгүй бол өөр аргаар тэмцэнэ гэдгээ иргэдийн төлөөлөл тодотголоо.
Д.УЛАМБАЯР