Сайхан кино үзэх сайхан. Тэр тусмаа инээдмийн кино үзэж, элгээ баясгах бүр ч догь. Стресс тайлах ганц шилдэг арга чинь инээд шүү дээ. Инээвэл залуужина гэдэг. Залуужих эм холоос хайх хэрэггүй. “Хожлын нүүдэл”-ийг үзэгч танд “Прайм пикчерс”, “Амжилтаа ахиулъя” ТББ, “Ти Жэй” энтертайнментийнхэн санал болгож байна. “Хожлын нүүдэл” кино өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болох юм. Тус киноны найруулагчаар залуу жүжигчин Г.Анхбаяр ажилласан бөгөөд гол дүрүүдэд хошин урлагийн мастер, жүжигчин Д.Хүрэлхүү, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин “банш” хочит Батаа, топ модель Д.Пүрэвсүрэн, Д.Одгэрэл нар тогложээ.
“Ларьдма” киноноос хойш хувийн амьдралдаа анхаарлаа хандуулсан Д.Пүрэвсүрэн ийнхүү их урлагтаа эргэж ирж, инээдмийн киногоор үзэгч, фенүүдтэйгээ уулзаж байна. “Мөнхийн залуу хатагтай” Д.Одгэрэл сүүлийн үед дэлгэцийн бүтээлд цөөнгүй дүр бүтээж, өөрийнхөө далд авъяасыг хөгжүүлж байгаа. Хошин урлагийн мастеруудтай хослон тоглосон топуудын “нүүдэл” юу вэ? Тэдний “Хожлын нүүдэл” юу байв. Ирээд үз, инээ, элгээ эмчилж бас залууж.
Г.ТУУЛ