Б.Батмаа: Би анх “Хэцүү анги” кинонд тоглосон

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Б.Батмаа: Би анх “Хэцүү анги” кинонд тоглосон

NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор жүжигчин бүсгүйг онцолж байна. “Шүүдэр дундуур”, “Приусын босс”, “Боссын босс”, “Хуримын даашинзтай бүсгүй”, “Hi honey” зэрэг киноны дүрээр олонд танигдсан жүжигчин бол Б.Батмаа юм. Тэрбээр арван жилийн сургуулийн сурагч байхаасаа кинонд тоглож, жүжигчин болох гараагаа эхлүүлж байжээ.

"Хэдийгээр жүжигчин мэргэжилд хэцүү бэрх тал байдаг ч тухайн дүрээрээ дамжуулан хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч чадна гэдэг гайхамшиг шүү дээ" хэмээн өгүүлэх түүний ярилцлагыг хүргэе.


Жүжигчин Б.Батмаа

БАЯРСАЙХАН БАТМАА 1994.07.16

Төгссөн сургууль:

Баянгол дүүргийн 19 дүгээр дунд сургууль /2012 он/

 Соёл урлагийн их сургууль /2017 он/
Мэргэжил:

Жүжигчин

Одоо эрхэлж буй ажил:

Чөлөөт уран бүтээлч

Сошиал хуудас: 

Bm Batmaa, batmaabm /фэйсбүүк, инстаграм/

 БАГАДАА ЯМАР ХҮҮХЭД БАЙСАН БЭ. ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ ЯРИАГАА ЭХЛЭХ ҮҮ?

-Би Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн. Намайг бага байхад аав минь хүндээр өвдөж, ээж маань асардаг байсан. Тийм болохоор би багаасаа л эгч, ах нар дээрээ өссөн дөө. Намайг гурван настай байхад аав минь бурхан болсон юм. Тэгээд л гурван настайгаасаа ээжтэйгээ хотод амьдарч, айлд өссөн гэж хэлж болно. Ер нь багадаа их дуугүй, хүний арга эвийг олчихдог хүүхэд байлаа.

Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Гэхдээ бүгд сайхан дуулдаг хүмүүс бий. Би багын дуугүй ноомой хүүхэд байсан мөртлөө яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсноо их гайхдаг. Хэрвээ би жүжигчин болоогүй байсан бол зураач юм уу, урлагийн чиглэлээр л сурч ажиллах байсан.

АНХНЫ ДҮР

-Миний хамгийн анхны дүр гэвэл арван жилийн сургуульд сурч байхдаа МҮОНРТ-ын бүтээл “Хэцүү анги” олон ангит уран сайхны кинонд тоглосон. Тухайн үед би есдүгээр ангийн сурагч байсан юм. Тэгээд өөрийгөө шалгуулахаар кино пробонд орох гээд л шинэ хувцсаа өмсөөд л зургаа угаалгаад очлоо. Тэгсэн жүжигчин Б.Навчаа эгч проб авч байсан. Тэгээд надад “Чи хөөрхөн охин байна. Гэхдээ нас чинь арай жаахан байна. Тиймээс нөгөө ангийн хүүхдүүд болон олон нийтийн хэсэгт дуудахаар ирж ороорой” гэсэн. Миний хувьд “Хэцүү анги” олон ангит киноны олны хэсэгт тоглож, нэг анги дээр нь тод текст хэлж гардаг юм. Анхны дүр маань “Хэцүү анги” кино. Одоо ч тэр киног үзсэн хүмүүс намайг гэж танихгүй л байх.

Тэр кинонд тоглосноос хойш их сургуулийн нэгдүгээр курст суралцаж байхдаа реклам, дууны клип, олон киноны туслах дүр дээр ажилласан. Бага байхдаа ичимхий хүүхэд байсан болохоор нүүр хагарахын тулд өөрийгөө сорьж эхэлсэн. Кино багт хамтран ажилласан мундаг жүжигчдээс үлгэр дууриалал авч, багаасаа өөрийгөө кино урлагт сорьсон болохоор суурь сайн тавигдсан байх гэж боддог. Харин миний тоглосон анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бол “HI Honey”.

ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИАЧ. АНХ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР СУРЧ БАЙСАН ГЭЛ ҮҮ?

-Би арван жилийн сургуулиа төгсдөг жил Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчихөөд, хэд хэд их дээд сургуульд бүртгүүлчихсэн байсан. Тэгээд Соёл урлагийн их сургуульд бүртгүүлэхээр очсон чинь “Одоо найруулагч, зохиолчийн ангид оюутан бүртгэж авна.  Манай сургуулийн бусад мэргэжлийн бүртгэл одоо дууссан” гэсэн. Би Соёл урлагийн их сургуульд найруулагч мэргэжлээр суралцахаар шалгалтаа өгсөн. Тэгээд гэртээ СУИС-иа зурж, орны толгойдоо наагаад “Би энэ сургуульд л явмаар байна. Тэнцүүлж өгөөч” гэж залбирдаг байлаа. Удалгүй их сургуулиас “тэнцсэн” гэдэг хариултыг өгч, баяртайгаар найруулагч мэргэжлээр сурсан даа.

Одоо бодоод байхад эхний хоёр жил маш зөв ангидаа, зөв мэргэжлээр суралцжээ. Миний хувьд найруулагч мэргэжлээр суралцаж байхдаа өөрийгөө голсон гэх үү дээ. Би одоохондоо найруулагч мэргэжлээр ажиллах болоогүй байгаа юм байна. Миний хүсээд байгаа мэргэжил бол жүжигчин гэдгийг илүү ойлгосон. Цаашдаа мэргэжлээ ахиулан гадаадад магистраар найруулагч мэргэжлээр суралцах төлөвлөгөөтэй байгаа.

ҮЗЭГЧИД ЖҮЖИГЧИН БАТМААГ “ПРИУСЫН БОСС”, “БОССЫН БОСС” ЦУВРАЛ КИНОНЫ ДҮРЭЭР НЬ АНДАХГҮЙ. ЭНЭ КИНОНД ХЭРХЭН ТОГЛОХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИАЧ?

-Надад анх энэ киноны дүрийн шалгаруулалтад орох саналыг оюутны хоёр найз маань тавьсан. Би тэр хоёр найзыгаа одоо ч гэсэн мартдаггүй юм. Би тухайн үед их сургуулиа төгсөх гээд киноны пробонд орохыг тоохгүй л байлаа. Гэтэл аливаа зүйлд цаг хугацаа байдаг гэж үнэн юм билээ. Би дипломынхоо жүжгийн гол дүрийг авчихсан байхад киноны дүрийн шалгаруулалтад “тэнцсэн” гэдэг хариу ирсэн. Тэгээд багш, найруулагчаасаа “Би хоёуланг нь зэрэг хийж чадна” гэж гуйж байлаа. Тэр жил миний хувьд маш завгүй жил байсан санагдана.

Анх “Приусны босс” киног кино театрын дэлгэцнээ үзчихээд өөрөөсөө маш их ичсэн. “Юу вэ би чинь бараг онигоо болчихлоо” л гэж бодсон. Гэтэл кино маань маш амжилттай явж, үзэгчдэд хүрч чадсан. Би үргэлж “Приусын босс” уран сайхны киноны баг, хамт олондоо маш их баярлаж явдаг шүү.

ЯМАР ДҮРД ӨӨРИЙГӨӨ СОРИХЫГ ХҮСДЭГ ВЭ?

-Эмэгтэй уран бүтээлч бүхэн түүхэн хатны дүрээр дэлгэцнээ мөнхрөхийг хүсч мөрөөддөг. Би сүүлийн үед нийгмийн хүнд сэдэв болох сэтгэцийн өвчтэй хүн эсвэл биеэ үнэлэлт, хар тамхинд автсан донтогчийн дүрийг ч юм уу хэд дахин хэтрүүлэн гаргамаар санагддаг. Удахгүй ийм дүр дээр ажиллах байх.

НАЙЗ ЗАЛУУТАЙ ЮУ?

-Байхгүй. Ер нь миний хувьд хүн чанар, чин сэтгэл, мэдрэмжийг хүсээд байдаг. Гэтэл амьдрал дээр зарим хүн ийм харилцаанд арай хөнгөхөн ханддаг ч юм уу.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Ер нь би амьдралыг ажиглах их дуртай хүн. Гэртээ байх дургүй. Аль болох кофе шоп орж, хүмүүсийг ажиглана. Бас өдөр бүр фитнессээр тогтмол хичээллэдэг. Мөн чөлөөт цагаараа хүрээллээ өргөжүүлж, шинээр хүмүүстэй танилцдаг.

Надад дүрийн тусгай дэвтэр бий. Тэр дэвтэртээ дүрийн судалгаа хийж, тэмдэглэдэг. Жишээлбэл, чинээлэг айлын охины дүр гэхэд биеэ авч явж байгаа байдал, харц, яриа нь ямар байх ёстой вэ гэдэг ажиглалтаа бичнэ.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Би саяхан нэг рекламны зураг авалтад оролцлоо. Өмнө нь өөрийн хийхээр төлөвлөж буй ажлаа шууд хэлчихдэг байсан бол одоо тэгж хэлэхэд хүндрэлтэй болжээ. Би одоогийн байдлаар ямар нэгэн киноны зураг авалтгүй байна. Төлөвлөж буй ажлаа эрт задалчихвал биелэх эсэх нь эргэлзээтэй байгаа учраас хараахан хэлж болохгүй байна.

Миний хувьд чөлөөт уран бүтээлч учраас энд тэнд кино продакшин дүрийн шалгаруулалт хийж байвал очиж, шалгуулна. Тэрнээс биш одоохондоо кинонд тоглох урилга хүлээн авах хэмжээнд хүрээгүй байна л даа.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО

-Би 2016 онд анх хэвлэлд ярилцлага өгч байхад надаас сэтгүүлч “Чи яах гэж жүжигчин болсон юм бэ” гэж асуусан. Тэгэхэд би “Нийгэмд сайн сайхныг түгээх гэж жүжигчин мэргэжлийг сонгосон” гэж хариулж байсан. Би одоо ч энэ үгэндээ үнэнч байгаа. Хэдийгээр жүжигчин мэргэжилд хэцүү бэрх тал байдаг ч тухайн дүрээрээ дамжуулан хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч чадна гэдэг гайхамшиг шүү дээ.

Заримдаа хүн чинь шантарч, уйлна. Тэр үедээ монголынхоо ахмад болон дунд үеийн мундаг уран бүтээлчдээсээ суралцаж, урам зориг авна. Миний хувьд уран бүтээлч ах, эгч нараа дэмжиж, шинэ кино гарах болгонд дэмжиж, үздэг. Бас тэднийхээ бүтээсэн кинонд жижиг, том гэлтгүй туслаж, тоглохыг хичээдэг. Би ирээдүйд манлайлагч уран бүтээлч болж, доод үеийн залуу уран бүтээлч дүү нартаа урам зориг өгч чаддаг багш нь байхыг мөрөөддөг.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Би амьдралыг ажиглах дуртай гэдгээ хэлсэн. Орчин цагийн залуус маань мундаг боловсрол, мэдлэгтэй болж, өөрийгөө хөгжүүлж чадаж байна. Гадаад төрх, биеийн хөгжил ч гэсэн хэнд ч гологдохооргүй болжээ. Гэтэл зарим залуус хүн хүнтэй өөр харьцах юм. Хэдийгээр толгойндоо өндөр боловсрол мэдлэгтэй байж болох ч зүрх сэтгэлтэй, аливаад чин сэтгэлээсээ хандаасай гэж хүсмээр байна. Мөн залуус маань пластик хэрэглээнээс татгалзаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж