Цаг хэмнэж, түгжрэл бууруулах гэрлэн дохио

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Цаг хэмнэж, түгжрэл бууруулах гэрлэн дохио

Цаг хэмнэж, түгжрэл бууруулах гэрлэн дохио

Гэрлэн дохио бол замын хөдөлгөөний дэвшилтэд технологи юм. Улаан гэрэл зогсох, ногоон гэрэл явах, шар гэрэл анхааруулах дохио гэдгийг таван настай балчраас дээших хүн бүр л мэддэг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 150 гаруй уулзварт гэрлэн дохио бий. Үүний 80 гаруй хувийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нэгдсэн байдлаар дохионы зохицуулалт хийдэг. Гэхдээ хотжилт эрчимтэй явагдахын хэрээр авто замын ачаалал нэмэгдэж, түгжрэл хэмээх толгойны өвчинтэй нүүр тулсаар бид олон жилийн нүүрийг үзэж байна. Энэ нь эргээд гэрлэн дохионы тохиргоо нь ид ачааллын урсгалтай нийцэхгүй байна гэх яриа гарахад хүртэл нөлөөлж байв.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн даваа гаригаас/2019.10.21/ эхлэн явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог ашиглалтад орууллаа. Тухайлбал, явган зорчигчдод зориулсан өөрөө удирддаг гэрлийн товчлуурыг Яармагийн гүүрээс Нисэхийн тойрогт байрлах долоон гарцны уулзварт байрлуулсан байна. Явган зорчигч зам хөндлөн гаргах гэж байгаа бол гэрлэн дохионы орчимд байрлах кнопыг дарснаар 15-20 секундийн дараа ногоон гэрэл улаанаар солигдож, автомашинууд зогсч, уулзвар нэвтрэх боломжтой болно. Харин бусад үед буюу хүн байхгүй үед автомашинууд үргэлжлүүлэн хөдөлгөөнд оролцох юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь гарцаар гарах хүн байхгүй байхад улаан гэрэл асчихдаг учраас зарим жолооч нар тэсэлгүй уулзвар нэвтэрч замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг байсан бол тус товчлуурыг дараагүй тохиолдолд замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж, жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна гэсэн үг юм.

Цаашид явган зорчигчийн товчлуурыг өөр байршилд нэмэх эсэх талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяраас тодрууллаа.

ЦААШИД ХОТЫН АЛСЛАГДСАН ДҮҮРГИЙН ТАВАН БАЙРШИЛД ТОВЧЛУУРЫГ НЭМЖ ТАВИНА

Тэрбээр “Нийслэлд гэрлэн дохиогоор зохицуулагддаг 50 гаруй явган хүний уулзвар бий. Үүнээс эхний ээлжид явган хүний хөдөлгөөн багатай Яармаг орчимд долоон байршилд явган зорчигчийн товчлуурыг байрлуулсан.

Нисэхийн тойргоос Яармагийн гүүр хүртэл 6.6 км гэж тооцох юм бол долоон гэрлэн дохион дээр нэг тээврийн хэрэгсэл зогсоход ойролцоогоор дөрөв орчим минут зарцуулдаг. Замын хоёр талд өдөрт 40 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэж үзвэл 15 орчим сая төгрөгийн шатахууныг үрж байна гэсэн судалгааг гаргасан байна.

Цаашид хотын алслагдсан дүүрэг болох Дарь эх, Дамбадаржаа, 7 буудал гэхчлэн таван байршилд тээврийн хөдөлгөөний оргил ачааллаас бусад үед явган зорчигчийн хөдөлгөөн  багатай явган хүний гарцууд дээр товчлуурыг нэмж тавихаар төлөвлөж байна. Мөн зөвшөөрөгдсөн ногоон гэрэл асахад жолооч нар зогсохгүй явах тохиолдол гарч магадгүй. Нөгөө талаасаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс зөрчлийн камерыг зайлшгүй тавих шаардлагатай учраас санхүүжилтийг ирэх төсөвт суулгуулж, хавар бүтээн байгуулалтын ажил эхлэх үед камеруудыг суурилуулж эхэлнэ” гэв.

Бид дараа нь явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог иргэд хэр ашиглаж байгааг мэдэхээр Яармагийг зорилоо. Бидний очсон явган хүний гарцын чанх хойно 34 дүгээр сургууль байрлах бөгөөд сурагчдын хичээл тарах цагаар тааруулж очсон нь энэ юм. Эцэг эхдээ цүнхээ үүрүүлж гараас нь хөтөлсөн багачууд гарцаар гарахдаа явган зорчигч өөрөө удирддаг товчлуурыг сурамгай гэгч нь хурдан, хурдан дарна. Тэд товчлуур дээр дарахаар шууд л ногоон гэрэл асна гэж бодсон бололтой. Удалгүй 15-20 секундийн дараа ногоон гэрэл асч тэд зам гарав. Харин хөгшин, настай хүмүүсийн зарим нь товчлуур дээрх зааврыг уншиж танилцаж харагдсан бол нөгөө хэсэг  нь машины хөдөлгөөн удаашрахыг хүлээх аж.

Тэдэнд замын хөдөлгөөний удирдлагын төвийн олон нийт сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Х.Гансүх явган зорчигч өөрөө удирддаг товчлуурын талаарх зааварчилгааг тайлбарлаж мэдээлэл өгч байсан юм. Тэрбээр “Энд зогсоод анзаарч байхад дунд сургуулийн хүүхдүүд болон залуучууд шууд ирээд товчлуураа дараад гарчхаж байна. Харин дундаас дээш насны хүмүүс сайн мэдэхгүй байна. Бүр хөгшин настай хүмүүс зам гарлаа гэхэд удаан алхахаар дараагийн ногоон гэрлээр амждаггүй. Тэгвэл замын дунд хэсэгт дахиад нэг товчлуур бий. Иргэд үүнд  маш ам сайтай байна. Явган зорчигч бага учраас 1-2 хүн зам хөндлөн гарлаа гэхэд жолооч нар шууд ногоон гэрэлээр явчхаж байна. Жолооч нарт хандаж хэлэхэд дүрмээ мөрдөе, иргэддээ хандаж хэлэхэд ариг, гамтай хэрэглээрэй гэж захимаар байна” хэмээн ярилаа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж