Дуулиант хэргүүд дуншиж эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүд дуншиж эхлэв

Дуулиант хэргүүд дуншиж эхлэв

Нийгэмд төдийгүй улс төрийн хүрээнд дуулиан тарьж буй хэргүүд удаан хугацаанд шалгагдаж эсвэл хуулийн байгууллагын аль нэг хэсэгт нь хав дарагдах, хэрэгсэхгүй болох тохиол олон бий. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргүүд хамгийн удаан шалгагддаг.  Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас олны анхаарал татсан хэргүүдийг хянах ажлаа шуурхайлж, зарим хэргийг шүүхэд шилжүүлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар дараах хэргүүд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад ирээд буй аж.


НЭР БҮХИЙ ЗУРГААН ШҮҮГЧИД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зурган шүүгчийн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, Салхитын мөнгөний ордтой холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийг Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн билээ. Эдгээр шүүгчийн найм нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар нотлогдсон байдаг.

Уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлжээ. Үүнд Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлээд байна.

Б.БАТЗОРИГ, ЖДҮХС-ИЙН ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн сайд асан Б.Батзоригт яллах дүгнэлт үйлдсэн хэрэг шүүхэд иржээ. Хэргийг сануулахад, өнгөрөгч онд Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдэд хууль, журам зөрчин зээл олгосон гэх хэрэгт холбон яллагдагчаар татсан.

Ингэхдээ ХХААХҮ-ийн сайд 2018 онд А/141 дугаартай тушаал гаргаж, ЖДҮХС-гаас “MS Guamaral” брэндийн хувцас хөгжүүлэх төсөлд 50 сая, “Уран өв” хүүхдийн хувцас үйлдвэрлэх төсөлд мөн хэмжээний, “Газар шим” төсөлд дээрхтэй адил дүнтэй, “Эрчимжүүлсэн үнээний ферм” төсөлд 100 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгаж буй.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “УИХ-ын гишүүн, сайд асан Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга, ЖДҮХС-ийн захирлаар ажиллаж байсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэлээ.

 

Н.ЗОЛЖАРГАЛТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ  ШАЛГАЖ ДУУСЧЭЭ

 

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг яллагдагчаар татсан хэрэг харьяа дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн ч хавтаст хэрэг дугаарлах зэрэг техник ажиллагаанаас болж мөрдөн байцаалтад буцсан байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар тун удахгүй хэргийг дахин шүүхэд шилжүүлэх юм байна. Хэргийг сануулахад, Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдаж авсан болон  хэлцэлтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа юм. Прокурорын газраас өгсөн мэдээллээр түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төв банкинд их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэв.

 

 

С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫН ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЛЭЭ

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас шалгаж байгаа билээ.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг АТГ-аас прокурорт яллах саналтайгаар шилжсэн байна. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлснээр, гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох юм. С.Баяр, Ч.Сайханбилэг нартай хамт УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа юм.

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Т.БАДРАЛЫН ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУСЧЭЭ 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал болон удирдах албан тушаалтнуудынх нь холбогдсон хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст мөрдөн байцаалтаа дуусгажээ.  Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй уг хэрэгт Т.Бадралаас гадна тус газрын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар татан шалгажээ. Тэгвэл энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж