ТЦА: Ар гүнтэд гарсан ослын дүгнэлт гараагүй

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

ТЦА: Ар гүнтэд гарсан ослын дүгнэлт гараагүй

ТЦА-ны мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоогоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-“Дураараа биш дүрмээрээ” аяны талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ аяны үр дүн ямар байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан “Дураараа биш дүрмээрээ” аян бол “Яараад яахав дээ” аяны хоёр дах үе шат юм. “Дураараа биш дүрмээрээ” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гарсан зам тээврийн осол, 16.3 хувь,ослын улмаас нас барсан иргэний тоо 22.2 хувь, гэмтсэн иргэний тоо 22.4 хувь, нийслэлд гарсан зам тээврийн осол 24.5 хувь, орон нутагт гарсан зам тээврийн осол долоон хувиар буурсан байна.

-Саяхан Ар гүнтэд гарсан ослын талаар тодруулахгүй юу. Энэ хэрэг ямар шатандаа яваа вэ?

-Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд ДХИС-ийн автобус осолдож долоон хүний амь нас хохирч, 31 хүн гэмтсэн харамсалтай осол бүртгэгдсэн. Уг хэргийг ТЦА-ны мөрдөн шалгах газар шалгаж байгаа. Гэмтсэн иргэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

-Дээрх ослын урьдчилсан дүгнэлт гарсан болов уу?

-Ослын дүгнэлт гараагүй байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Тухайн ослын үед автобусны жолооч тормоз нь ажиллагаагүй болсон гэж анхны мэдүүлгээ өгсөн.

-Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнд оролцож буй авто машины техникийн бүрэн бус байдалд хяналт тавьдаг уу. Техникийн бүрэн бус байдлын улмаас осол хэрэг буурахгүй байгаа гэж ойлгож болох уу?

-Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө өөрийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, газар орчны нөхцөлийг нэг бүрчлэн судалж мэдсэн байхыг үүрэг болговол зохино гэсэн байдаг. Үүнд жолооч нар дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох учраас тухайн шаардлагыг заавал хангасан байхыг шаарддаг. Мөн хотын хөдөлгөөнд бүрэн бус хэрэгсэлтэй тэр дундаа гадна талын гэрэлгүй, будаг сольсон эсвэл цонх шил нь хагарсан бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байх юм бол Зөрчлийн тухай хуулийн 17.17-д заасны дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох арга хэмжээг авдаг. Харин нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусыг Авто тээврийн үндэсний төвтэй хамтран жилд хоёр удаа улсын үзлэгт оруулж оношилгоонд тэнцсэн тохиолдолд хөдөлгөөнд оролцуулдаг.

-Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” “Дураараа биш дүрмээрээ” аяныг зохион байгуулаад осол хэрэг тодорхой буурч байгаа ч осолдож буй шалтгаан нөхцөл буурахгүй байна. Энэ юутай холбоотой вэ?

-Нийт осол хэргийн 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болдог. Өнгөрсөн жилүүдэд осол хэргүүдийн тоо буураагүй. Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эцсийн үр дүн нь зам тээврийн ослоор төгсдөг. Үүнийг иргэд, жолооч нар анхаарах ёстой. Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, насжилт хэтэрсэн тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ хурд хэтрүүлэх, ямар нэгэн байдлаар халтиргаа гулгааны улмаас онхолдох тохиолдол маш их гардаг. Ийм учраас замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлаад оролцох юм бол осол хэрэг дагаад буурна.

-ТЦА-аас түүхий нүүрсний тээвэрлэлтэд хяналт  тавьж байгаа гэсэн? 

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол нийслэлийн Засаг даргын А1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор агаарын чанарын бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалтад хяналт тавих эрчимжүүлэх ажлыг ТЦА зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулаад тээврийн цагдаагийн албаны даргын тушаал гарсан. Энэхүү тушаалыг үндэслээд нийслэл хотод өдөр бүр зургаан дүүргээс 12 алба хаагч зам, талбайд тогтмол хяналт шалгалт хийж байна. Эдгээр алба хаагч өнгөрсөн шөнийн хугацаанд 39 зөрчлийг илрүүлсэн. Үүнд 59 тонн нүүрсийг хурааж ажиллаа. Хураасан нүүрсийг Мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлсэн. Тухайлбал, 2019 оны аравдугаар сарын 24-ны 01.40 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Хово маркийн авто машин түүхий нүүрс тээвэрлэж явсныг илрүүлсэн.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж