Либертари үзлээс жийрхдэг шалтгаан - 15 | News.MN

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 15

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 15

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(ДОГОЛОН БУЮУ ¼  ЛИБЕРТАРИУД)

Бидний дунд либертари үзлийг их ярьдаг атлаа анти-либертари маягаар үйлдэж, амьдардаг хүмүүс цөөнгүй байдаг. Ийм хүмүүс либертари үзлийг буруугаар ойлгоход хүргэж, улмаар энэ үзэл дэлгэрэхэд ихээхэн саад болж байна.

Бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд либертари үзлийг тайлбарлан таниулах ажлыг хийх явцад Горькийн Замын хань (энэ бэсрэг туужийг уншихад тун зүгээр, нөгөө хуурамч ардчилагчид “Горький юу даа” гээд унах байх даа) шиг нөхөдтэй олоон тааралдаж байлаа. Тэд ухамсартай, ухамсаргүй ямар нэг байдлаар тус хүргэсэн, түүнийг нь хэлэх ёстой. Гэхдээ тэдний учруулсан гор ч багагүй үлджээ.

Тэд угаасаа л либертари текстийн утгыг дутуу эсвэл буруу ойлгож ирсэн байдаг. Тэр тухай нь задалж ярих, илүү тодорхой үндэслэгээ, тайлбар, логиктой гаргалгаа шаардахад их дургүй бололтой байдаг. Тэгээд бодохоор “мэдэхгүйгээ мэдээд” ч байгаа юм шиг. Дутуу ойлгох болон буруу ойлгох хоёрын аль алин нь либертарианизмд их хортой. Эсрэг талынхан ийм зэрэмдэг ойлголтыг өөртөө ашигтайгаар мушгин гуйвуулж, тайлбарлаж эхэлдэг. Субъективизмаа ч хавчуулах бололцоотой болдог.

Сүүлийн үед нэг хорлонтой үзэгдэл газар авах боллоо. Либертари үзэл санааг нэгэн төрлийн гоёл чимэглэл, эсвэл нэгэн төрлийн шоу ч болгоод байх шиг. Либертари үзлийг ингэж гоё ганган машин шиг боддог хүмүүс маш их гутаан зэрэмдэглэдэг. Юмыг ойлгоогүй атлаа даган баясах гэж нэг аюул байна аа. Зааны сүүл, их бие, хөлөн дээр суусан 3 ялааны “нэг дэх нь модны мөчир, хоёр дахь нь их газар, 3 дахь ялаа нь, ургаа модон дээр сууж байна” гэсэн гэдэг. Үүн лугаа либертари үзлийг социализм, үндэсний үзэл, коммунитари үзэлтэй хольж хутган тайлбарлах оролдлого гарах болжээ. Гэхдээ Монголын либертарианизмд тулгарч буй энэ бэрхшээл Барууны орнуудад ч гардаг юм шиг байна лээ.

Үнэндээ, либертари үзэл өнгөц харахад ойлгомжтой юм шиг атлаа маш гүнзгий логик гаргалгаа, тайлбар, онолын үндэслэл, хүнээс тэсвэр тэвчээр, тууштай байдлыг шаарддаг.

Манай “модон хөлт” либертариуд бол үнэндээ стэйтистүүд. Гэхдээ хард биш софт-стэйтистүүд. Эд либертари хэлээр ч ярина, стэйтист хэлээр ч ярьчихна. Ямар нөхцөл, ямар орчинд байна гэдгээ тооцоод аль хэлээр нь яривал өөрт ашигтай болохыг мэдчихнэ, тэгээд л либертари юм уу стэйтист термин ашиглахаа шийддэг. Иймэрхүү “саарал этгээдүүд” либертари үзлийг их гутааж байна. Иргэд ийм хүмүүсийг харахаараа либертариуд гэж ийм гуйвсан, дайвамтгай, тууштай сэтгэлгээгүй, өөрсдийн зарчмаа логиктой хамгаалж, тайлбарлаж чаддаггүй, зөрчилтэй сэтгэдэг төдийгүй, хоёрдмол амьдралтай хүмүүс байдаг юм байх гэж боддог.

Ийм “эрэмдэг зэрэмдэг либертариуд” коммунист, социалист, нацист (үндэсний үзэлтнүүд), консерватив үзэлтнүүд шиг хард-стэйтист байр суурин дээрээс төрийг улайран хамгаалж, түүнийг “төмөр нударга” шиг байлгахыг шаардахгүй л дээ. Гэхдээ л төрийн талд аль болох “ухаалаг” үндэслэгээ гаргахыг хичээн, “төр бол нэг талаас сайн, сайхан, гоё зүйл, нөгөө талаас, муу, муухай, ёрын зүйл” гэсэн хар ч биш, цагаан ч биш, саарал юм ярина. Төрийн талд байгаагаа аль болох нуух гэж оролддог ийм софт-стэйтистүүд голдуу улс төрөөр хоолоо олж идээд сурчихсан, ардчилал, сонгууль гэсэн юм ярьцгаасан хүмүүс байдаг.

Эдгээр “саарал этгээдүүд” бол үнэндээ, доголон либертариуд. Хоёр нүүр гаргачид. ¼ либертари үзэлтнүүд. Монголд либертари үзлийг жинхэнээр нь дэлгэрүүлэх гэж оролдож буй өнөө үед тэдний хор хөнөөл анти-либертари үзэлтнүүдийнхээс ч илүү байна гээч. Ёстой энэ зураг дээр байгаа шиг “дотроо могойн санаа агуулчхаад гаднаа энхийн цагаан тагтаа” шиг юм яригсад.

Гэхдээ Монголд либертари үзэл санааг нийгмийн боловсролтой хэсгийнхэн ихэд сонирхох болж. 2005 онд ямар байлаа, одоо ямар болж. Энэ чинь л болж байгаа хэрэг. Бид хэзээ ч нийгмийн бүх гишүүд либертари үзэлтэй болчихно гэж бодож байгаагүй, тийм байх боломж ч үгүй гэдгийг мэднэ. Коммунист, фашист гэсэн тоталитари нийгмүүдэд л бүх иргэдээ нэг хүн шиг бодол санаатай байлгах гэж хичээдэг байх. Тэр ч бүү хэл, бид олонхи ч болохыг хүсэхгүй. Олонхи гэдэг бол осолтой зүйл. Эдэн дотор худал хуурмаг, дүр үзүүлэлт, жүжиглэлт байдаг. Нийгмийн масс тийм чанарлаг байдаггүй. Бидний хувьд чанартай цөөнх олонхиос дээр.

 “Та өөрийгөө олонхийн талд байгааг мэдэх юм бол өөртөө эргэлзэх, үйл ажиллагаагаа завсарлах үе ирсэн байна гэсэн үг.”

Марк Твэйн      

Бид хэнийг ч хүчээр дагуулахгүй, хуурч дагуулахгүй, хоосон үгээр дагуулахгүй. Бусдыг хүлцэн тэвчдэг зарчмынхаа дагуу коммунист, социалист, консерватив, тэр ч бүү хэл фашист ном, зохиолыг унш гэмээр байна. Тэгэж байж либертари үзлийг тэдэнтэй харьцуулах боломжтой болно. Тэгээд үзэл санааныхаа сонголтыг хийгээрэй. Хэний ч дарамт, шахалтгүй, эрх чөлөөт нөхцөлд хийсэн сонголтондоо сонгогч өөрөө л хариуцлага хүлээдэг шүү дээ.

Монгол оронд либертари үзэл үг хэл, үзэл бодол төдий биш үйл хэргээр хэрэгжих болтугай!

Б.БАТЧУЛУУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-25 64.119.18.142

Ardchilal gedgiig altan haraatsainuud porn gej orchuulsanshde

Avatar

Зочин 2019-10-25 64.119.18.142

Tor zasag n irgediinhee jijig amidralaar togloj ard tumnee yalgavarlaj tovgoor gutaadag tegeed iluu davamgai erhtei geed sogtuudaa helchihdegtei ijilhen bolson

Avatar

Авах гээхийн ухаан 2019-10-25 202.170.84.82

Либертари үзэлд авах ч юм бий, хаяах ч юм бий

Avatar

Хаях юм байхгүй 2019-10-25 103.26.195.87

Хэрэв ойлгож, ухамсартай хандах юм бол хаях юм бараг байхгүй дээ

Avatar

Бид угаасаа ийм 2019-10-25 203.91.116.98

Бид угаасаа л ийм биз дээ. Ямар ч зүйлийг ул үндэстэй ойлгохгүй. Марксизмаа ч олигтой ойлгоогүй. Буддизмаа хагас дутуу шүтнэ. Христ гэнэ, бас хагас дутуу. Бөө мөргөлтэй ч юм шиг. Түүнтэйгээ адил либерал үзлээ ч ойлгоогүй мөртлөө баахан хашгичиж байгаад одоо тэр нь харагдаж эхлэв шив дээ

Avatar

Зочин 2019-10-25 122.201.17.100

Ийм элдэв үзэл онолоор толгойгоо дүүргэх тусам ертөнцийн бодит байдлыг ухаарч ойлгох боломж нь улам багасна. Ер нь бол улс эх орондоо бас олон түмэндээ тустай хүн байхын тулд заавал нэг элдэв үзэл онолоор толгойгоо дүүргэх хэрэггүй л дээ. Амин хувиа бодсон бэртэгчин үзлээ багасгаад эх орон олон түмнийхээ эрх ашгийг илүүтэй бодож явбал болох юм. Харамсалтай нь өнөө үед тийм зүрх зоригтой улс төрч удирдагч байхгүй болжээ. Алдах юмгүй харц ард л илүүтэй энгийн зүрх зоригтой явж байна даа.

Avatar

бат 2019-10-25 202.9.43.115

Монголд нэг л либертари хүн байдаг байхаа тэй.Бусдыг хазаж хайраад хавьтуулахгүй их сонин.

Avatar

бат. 2019-10-25 202.9.43.115

Уг нь бөи энэ нөхрийг дээрээс мэдэх л юм даа.

Avatar

Физикч 2019-10-25 180.149.98.106

Би эрдэм шинжилгээний байгууллагад ажилладаг жирийн нэг физикч. Сүүлийн 4-5 жил энэ үзлийг сонирхон Батчулуун гуайн нийтлэлийг уншдаг болсон. Одоо бол дэмжигч.Либертари үзэлтэй гэж хэлмээргүй байна, гэхдээ дэмжигч. Энэ үзэл манай орны иргэдийн ухамсар, мэдлэгийн төвшинд арай ахаддаг байх аа.

Avatar

Үнэн бөгөөд зөв 2019-10-25 103.26.195.87

Либертари үзлийг сайн, сайхан гэхээсээ илүү үнэн бөгөөд зөв үзэл гэлтэй. Үнэн, зөв зүйл хэзээд гашуун байдаг. Харин монголчууд үнэн зөв зүйлд дургүй. Харин сайн сайхан юм ярьсан үзэлд л дуртай билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж