Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ)-ноос өнөөдөр (2019.10.24) сэтгүүлчидтэй уулзаж, сургалт зохион байгууллаа. Сургалтыг нээж тус холбооны Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг Бичил уурхайн салбарын олон улсын жишиг, Монголын бичил уурхайн салбарын өнөөгийн байдал болон холбооныхоо талаар танилцуулав.
Уулзалтын үеэр сэтгүүлчдэд бичил уурхайн байгууллагууд орон нутагтайгаа хэрхэн хамтарч ажиллаж, сайн үр дүнд хүрч байгааг харуулсан нэвтрүүлэг үзүүлж, Хэнтий аймгийн Бичил уурхайн холбооны тэргүүн Н.Нацагмаа аймгийнхаа холбоодын үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн талаар мэдээллээ.
Ховд аймгийн Алтай сумын "Гоолингоо" цехийн дарга П.Мөнхзаяа нөхрөө автомашины ослоор өөд болсноос хойш гурван хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гэж "нинжа" хийн, МБУНДХ-нд харъяалагдах болсноосоо хойш амьдрал нь дэвжин дээшилж, үр хүүхдээ мөр бүтэн өсгөж, орох оронтой сайхан амьдарч буй талаараа өгүүлсэн юм.
МБУНДХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Төв бичил уурхай эрхлэгчдийн холбооны тэргүүн Н.Наранцогт нийлүүлэлтийн сүлжээ, хоггүй технологи, мөнгөн усны хор хөнөөлийн талаар мэдээлэл хүргэж, Улаанбаатарчууд мөнгөн уснаас ангид байж чадахгүйг өгүүлсэн нь анхаарал татсан юм. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Шижир хишиг” нөхөрлөлийн бичил уурхайчин н.Нармандах СУИС-д суралцаж байгаад сургалтын төлбөрөө төлөх мөнгөгүйн улмаас сургуулиа орхин, бичил уурхай эрхлэх болсон талаараа ярив.
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг бичил уурхайн салбарын цаашдын үйл ажиллагаа, Засгийн газартай хамтран ажиллах боломжууд, тус салбарын хөгжлийн эерэг нөлөөллийн талаар мэдээллээ. Түүний хэлснээр, өнөөдөр дэлхийн 70 гаруй улсад 100 сая орчим хүн бичил уурхайгаас амьжиргаагаа залгуулж байгаа ажээ.
Бичил уурхайн салбар гадаад орнуудад 200-300 жилийн түүхтэй бөгөөд зарим улс зөв замаар нь хөгжүүлж албажуулсан бол зарим улсад бичил уурхайгаас үүдэн иргэний дайн ч үүссэн түүхтэй аж.
Монгол Улс Азидаа цор ганцаар бичил уурхайн стандартыг олон улсын төвшинд хангасан үнэлгээтэй орон болжээ. Нийт 15 аймагт бичил уурхай байдгаас 13 нь өөрсдийн бичил уурхайн холбоогоо байгуулж, Дээвэр холбооны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй юм байна.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд албажин, зохион байгуулалтад орж, хууль журмын дагуу хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй 10 мянга гаруй бичил уурхайн, албан бус тоогоор 60 орчим мянган иргэн хувиараа ашигт малтмал олборлогч (ХОМА) хэлбэрээр ашигт малтмал олборлон амьжиргаагаа залгуулж буй ажээ.
МБУНДХ нь 2013 оноос хойш 450 га талбайд нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн бол энэ жилийн хувьд 80 га талбайг нөхөн сэргээж буй юм байна. Тус холбооны Нөлөөлөл, мэдээлэл харилцааны мэргэжилтэн Э.Оюунболдын хэлснээр, бичил уурхай гэдэг нь нинжа биш бөгөөд нөхөн сэргээлт хийдэг, албан ёсны гэрээт газруудтай, Монголбанкинд алтаа тушаадаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг байна.
Дээвэр холбоо байгуулагдсан цагаасаа бичил уурхайчдын эрх ашгийг хамгаалах, төр засгийн бодлогод тэдний дуу хоолойг хүргэхийг зорьж иржээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого маш тогтвортой, зөв чиглэлд явж ирсний үр дүнд бичил уурхайчдын ажил ч үр дүнд хүрсэн байна. Тухайлбал, 2013 оноос хойш одоог хүртэл Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл”-өөс хэрэгжүүлсэн ажил, төслүүдэд хамтрагч гүйцэтгэгчээр ажиллаж байгаа зэрэг олон үр дүнтэй ажлуудыг дурдаж болох ажээ.
Өнгөрсөн 2018 онд тус холбоо “Канад сан”-тай хамтран “Өрх толгойлсон бичил уурхайчин эмэгтэйчүүдийг уул уурхайн бус ажлын байранд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх төсөл” гээд бичил уурхайчид, тэдний ар гэр, сум орон нутагт нь чиглэсэн олон ажил, төслийг хийж хэрэгжүүлсэн байна. Энэ жил Трафигура олон улсын байгууллагатай хамтран эмэгтэйчүүд хүүхдийн хөгжлийн аян, нөхөн сэргээлт, гэр цэцэрлэгийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ