Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.24) хуралдаанаар нийт 7 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан. Уг хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,122.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.3 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,197.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.4 хувь байхаар тус тус тооцож, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар баталсан.
Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх, бизнесийн орчныг дэмжих бодлогын үр дүн, энэ оны эхний 8 сарын эдийн засаг, төсвийн гүйцэтгэл, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн нөлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн болон төлбөрийн чадавх нэмэгдэж байгааг харгалзан 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнээс 675.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тооцсоныг Сангийн сайд илтгэлдээ онцлов.
Түүнчлэн, малчин, хувиараа хөдөлмөр эрхпэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн санхүүжүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төсөвт байгууллагуудын шатахуун, дулааны зардпыг үнэ тарифын өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, 2018 оны төсөвт батлагдаж хэрэгжиж эхэлсэн боловч санхүүжилтээ бүрэн аваагүй төслүүдийн хураагдсан санхүүжилтийг олгох зэрэг арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага үүссэн нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг өөрчлөх нөхцөл болж байгааг дурдлаа.
Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэл шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаж, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар тооцсоныг танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хавдар газар авсан, эмнэлгийн нөхцөл байдал хүнд байгаа ийм үед Хавдар судлалын үндэсний төвийн орыг 100-гаар нэмэгдүүлэх асуудлыг Сангийн яам анхааралдаа авч, үүнд шаардагдах 19.8 тэрбум төгрөгийн асуудлыг төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд шингээж, ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг хийх явцад шийдвэл ард түмэнд ихээхэн буян болно гэдгийг хэллээ. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөж, үр дүнг нь Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгаад байгааг Сангийн сайд илтгэлдээ онцлоод энэ хүрээнд зарим хуульд зохих зохицуулалт оруулахаар боловсруулсан тухайгаа танилцуулав. Тухайлбал, Газрын төлбөрийн тухай хууль 1997 оноос хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг, хууль, эрх зүйн орчин өөрчлөгдөж байгаатай холбогдуулан газрын бүртгэлийг ил тод болгох, цахимжуулах, газрын төлбөр ногдуулалт, төлөлтийг хялбарчлах, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсжээ.
Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг газрын суурь үнэлгээ болон итгэлцүүрийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрээнд зааснаар ногдуулан төлөхөөр зохицуулсан. Гэвч Засгийн газраас суурь үнэлгээ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас итгэлцүүр шинэчлэн тогтоох бүрд иргэн, аж ахуйн нэгжгэй байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ, түүнд заасан төлбөрийн хэмжээг тухай бүрд нь шинэчлэх шаардлага үүсдэг байна. Гэрээг нэг бүрчлэн шинэчлэн байгуулах нь иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулах цаг хугацаа шаардсан ажил болдог бөгөөд одоогийн байдлаар улсын хэмжээнд гэрээ шинэчлэн байгуулах ажил 30 орчим хувийн хэрэгжилттэй байгаа аж. Үүнээс шалтгаалан Газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газраас тогтоосон газрын суурь үнэлгээний дагуу газрын төлбөрийн ногдуулан хураан авах боломжгүй нөхцөл байдал үүсэж иржээ.
Түүнчлэн, Газрын тухай хуульд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумдын газрын даамлын эрх хэмжээнд газрын төлбөрийг ногдуулж, хураахаар заасан боловч газрын даамал нь Татварын ерөнхий хуульд заасан татвар ногдуулах, хураах ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул газрын төлбөр төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн этгээдээс төлбөр хураахад хүндрэлтэй нөхцөл үүсдэг байна. Өнөөгийн байдлаар газрын төлбөрийг сум, дүүргийн газрын даамал хураан аймаг, нийслэлийн төсөвт орлогыг 100 хувь төвлөрүүлж байгаагийн улмаас тухайн сум, дүүрэг бие даан газартай холбоотой үүсдэг тулгамдсан асуудпаа шийдэх санхүүгийн боломжгүй болж, орлого төвлөрүүлэх идэвх санаачилгыг бууруулж байна. Иймээс газрын асуудлаар үүсээд буй хүндрэлийг сум, дүүрэг нь өөрөө шийдвэрлэх боломж олгох, орлого төвлөрүүлэлтийг эрчимжүүлэх зорилгоор газрын төлбөрийн орлогын 40 хувийг тухайн сум, дүүргийн төсөвт хуваарилах нь зүйтэй гэж үзжээ.
Энэ үндсэн дээр газрын бүртгэлийг цахимжуулж ил тод болгох, төлбөр ногдуулах, төлөх харилцааг хялбарчлах, сум, дүүрэг бие даан газрын асуудлаа шийдвэрлэх, газрын төлбөр хураах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах болон Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Мөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Хуулийн дагуу Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдпагыг сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд буюу Ирээдүй өв сан корпораци хэрэгжүүлэхээр заасан. Иймд Ирээдүйн өв сан корпораци тогтвортой бие даан үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэлх хугацаанд сангийн хөрөнгийн удирдлагыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх шилжилтийн үеийн зохицуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтийг Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулахаар тусгажээ.
Түүнчлэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан байна. УИХ-аас 2017 онд Зөрчлийн тухай хуулийг батлахдаа Жолоочийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийг хүчингүй болгосон. Гэвч Жолоочийн даатгалын тухай хуулийн 22.1.2-т “энэ хуулийн 28.1-д заасан орлогын 50 хувь;” гэсэн заалтыг үлдээсэн байх тул түүнийг хүчингүй болгох, мөн хуулийн 22.1.4-т авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувийг Жолоочийн даатгалын санд төвлөрүүлэхээр заасныг хүчингүйд тооцохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.
Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулахыг 2017 оны 92 дугаар тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болгосны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулагдсан. Уг компани нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт импортын банкны 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэн 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтад шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, барилгын материалыг гаалийн татвараас хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгасныг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов. Уг хуулийн төсөл Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар хотхоны нийт хөрөнгө оруулалтын зардлыг ойролцоогоор 5 хувь хэмнэх боломж бүрдэнэ гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгсөн юм.
Дараа нь Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.
Татварын болон гаалийн зохицуулалтын тухай Ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
Хуралдааны эцэст Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төсөл-ийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хэлэлцээрийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2016-2020 онд хамтран ажиллах Үндэсний Ерөнхий хөтөлбөрийг 2015 онд баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд 65 сая еврогийн санхүүжилт олгохоор болсон бөгөөд үүнээс 50 сая орчим еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээн авахаар хоёр талаас тохиролцжээ. Төсвийн дэмжлэгийг нийгэм, эдийн засгийн бодлогын шинэчлэл, хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлбэрээр буцалтгүй тусламжаар олгох юм байна.
Энэхүү буцалтгүй тусламжийг олгохтой холбогдуулан “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд байгуулахаар төлөвлөж байгаа аж. Уг хэлэлцээр нь Европын Холбоо бусад улс орнуудтай байгуулдаг жишиг хэлэлцээр бөгөөд хэлэлцээрийн гол зорилго нь Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ, эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар, хураамжаас чөлөөлөхөд чиглэгджээ.
Хууль санаалчагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Холбоотой мэдээ