"Нүүрс борлуулагчид шахмал түлш муу гэсэн цуу тарааж байна"

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

"Нүүрс борлуулагчид шахмал түлш муу гэсэн цуу тарааж байна"

"Нүүрс борлуулагчид шахмал түлш муу гэсэн цуу тарааж байна"

Сүүлийн өдрүүдэд Засгийн газраас хотын утааг бууруулахаар хийж тараасан шахмал түлштэй холбоотой ноцтой асуудал үүссэн. Тодруулбал, энэ аравдугаар сар гарсаар Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан түлшний угаарын хийнд хордсон 549 иргэн, үүнээс 220 нь хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Харин үүнээс найман иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Энэ хэрээр шахмал түлш түлнэ гэдэг айдас дагуулсан явдал болж хувираад байгаа нь нууц биш. Тэгвэл өнөөдөр /2019.10.24/ зохион байгуулагдсан “Агаарын чанар, сайжруулсан түлшний хэрэглээ”  хэлэлцүүлгийн  үеэр сайжруулсан түлшний бодлогын хэрэгжилтэд хийсэн мониторинг Доктор Н.Эрдэнэсайхан танилцууллаа.

Мониторингийн дүнгээс үзэхэд, шахмал түлшний олдоц иргэдийг бухимдуулж байгааг онцолжээ. Нөгөө талаар нүүрс борлуулагчид энэ нөхцөлийг өөрт  ашигтайгаар эргүүлэхийн тулд сайжруулсан шахмал түлш муу гэсэн цуу тарааж байна гэжээ.

СУДАЛГААНД ХАМРАГДСАН ХҮМҮҮСИЙН 40 ХУВЬ НЬ ТӨСЛИЙН ЗУУХ АШИГЛАДАГ

Доктор Н.Эрдэнэсайхан  “Судалгаанд Улаанбаатар хотын агаарын чанарын 1,2 дугаар бүсүүдэд  байрлах Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх гэсэн таван дүүргийн 36 хороодын 92.606 айл өрхийг хамруулсан. Ингэхдээ эмзэг бүлэг,  бага оврын уурын зуух ашигладаг жижиг дунд бизнес худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, сайжруулсан түлш жижиглэн ба бөөнөөр борлуулагч гэсэн нийгмийн дөрвөн бүлгийн санамсаргүй сонгогдсон нийт 1050 хүн. Тэднээс урьдчилан  бэлтгэсэн гурван чиглэлийн 15 асуулгын дагуу мэдээллийг цуглуулсан.Цаашдаа судалгааг  11,12,1 сард үргэлжлүүлэн хийж байж иж бүрэн зураглал гарна. Энэ бол эцсийн үр дүн биш юм. 

Судалгаанд хамрагдсан нийт  хүмүүсийн ихэнх нь буюу 75 хувь нь өөрийн өмчийн хашаа байшинд, үлдсэн 25 хувь нь айлын хашаа, түрээсийн байранд амьдардаг. Эндээс харахад өөрийн өмчийн хашаа байшинд амьдардаг хүмүүс өвлийн бэлтгэлээ хангахдаа түлшээ бөөнөөр нь бэлтгэдэг байсан нь харагдсан.

Харин түүхий нүүрсийг хориглох талаар Засгийн газрын шийдвэрийн талаар мэдлэг хэр байгааг тандахад наймдугаар сарын 30-ны байдлаар  71 хувь нь мэдэж байсан бол үлдсэн 29 хувь нь огт мэдээлэлгүй байсан. Аравдугаар сарын 15-ны байдлаар  дээрх шийдвэрийн талаар иргэдээс дахин лавлахад анхны үзүүлэлтээсээ ялгаа гараагүй. Тэд шахмал түлштэй холбоотой мэдээллийг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан авдаг гэсэн. Энэ үеэр мөн алслагдсан зарим дүүргийн хороо, хэсгийн ажилтнууд мэдээлэл өгдөггүй хайнга ханддаг гэдгийг ч иргэд хэлж байлаа. 

Сайжруулсан шахмал түлш иргэдийн хэрэглээг хангаж чадаж байна уу гэсэн асуултад наймдугаар сарын 30-ны өдөр ихэнх нь ашиглаж үзээгүй болохоор мэдэхгүй байна гэж хариулсан.

Аравдугаар сарын 15-ны байдлаар шахмал түлш  хэрэгцээг бүрэн хангаж байна гэсэн нь 31 хувь, ерөөсөө хангахгүй байна гэсэн нь 13 хувь, мэдэхгүй гэдэг нь 30 хувь байсан. Би хувьдаа  мэдэхгүй гэж хариулсан хүмүүсийг гэрийнхээ дулаалгыг шалны халаалтаар шийдсэн эсхүл мод түлээд байгаа байх гэж таамаглаж байна.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40 хувь нь төслийн зуух ашигладаг, 15 хувь нь ердийн зуух, 33 хувь нь ханан пийшин нам даралтын зуух хэрэглэдэг. Эндээс харахад шахмал түлш нь ямар зууханд тохирох нь тодорхойгүй. Зуухны  төрлөөр нь хувааж туршилт хийгдэх ёстой байсан. Гэтэл хийгдээгүй.  Одоогийн байдлаар  иргэд угаартчих вий гэж айсандаа мод түлж байна. Айдастай хүмүүс олон байна.” гэв.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж