Казино байгуулъя, хуулиа батлаач !

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Казино байгуулъя, хуулиа батлаач !

Казино байгуулъя, хуулиа батлаач !

Эрх баригчид Казиногийн тухай хуулийн төслийг шүүгээндээ хийн, хав дарснаас хойш дөрөв  дэх жилийнхээ нүүрийг үзэх нь ээ. Монголоос өөр оронд бол казино нь байгуулагдаад үр ашгийг нь хүртээд эхэлсэн байх хугацаа.

Хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулах явдал Монголын нийгмийн нэг үзэгдэл болсон. Хамгийн ноцтой нь, хууль хэрэгжүүлэх тангараг өргөсөн цагдаагийн хурандаа мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан байж болзошгүй мэдээлэл ч гараад байгаа. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар мэдээлэл хийгээгүй ч хуулийн салбарын хурандаа нар албан тушаалаа ашиглан саун, зочид буудал, мөрийтэй тоглоомын газрыг хяналтандаа авч, хувьдаа татвар авдаг, зарим нь бүр нууц ноёнтон нь болсон тухай дуулиан хэдэн жилийн өмнө дэгдэж, төрийн тэргүүний анхааралд орж байсантай жишвэл өнөөдөр мөрийтэй тоглоомын газрыг бизнесийн сувгаа болгох хүртэл нь бөөцийлжээ. Өөрөөр хэлбэл,  хууль тогтоогчид нь хуулиа батлахгүй хугацаа алдаж байгаагийн цаад талд хуулийнхан нь нууцаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулдаг болжээ гэсэн үг.

Уг нь эрэлт бий болсон нөхцөлд нийлүүлэлт зэрэгцэж оршдог нь тогтсон жишиг. Улс орнууд энэ эрэлтийг зохицуулах, хууль зөрчсөн сөрөг үр дагавар гарахаас сэргийлэх зорилгоор мөрийтэй тоглоомын газар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж, ашиг орлогыг нь татвартаа төвлөрүүлэн, зохицуулалт хийж ирсэн.

Харин Монголд гэртээ таван “гар” ширээ тойрч суугаад мөрийтэй тоглоход зугаа гэж үзэх атлаа  хуулийнханд баригдахаар луйварчид илэрсэн, илрүүлсэн мэт хүлээн авдаг нь хууль эрх зүйн орчин бүрдээгүйтэй л холбоотой юм. Гэртээ суугаад мөрийтэй тоглох, нууц тоглоомын газар тоглоход тавих бооцооны мөнгөн дүнгээс эхлээд газар, тэнгэр шиг зөрүү байх ч нэгэнтээ бий болсон эрэлтийг хуулиар зохицуулахгүйгээр дагаж гарах сөрөг үр дагаврыг зохицуулахад бэрхтэй. Илүү далд хэлбэрт шилжих эрсдэл бий.

Учир нь мөрийтэй тоглоомын газар өнөөдөр гэнэт ажиллаж эхэлсэн юм биш., өмнө ч байсан. Хэдэн жилийн өмнө “Вояаж” зочид буудалд нэр бүхий улстөрч, бизнесменүүд мөрийтэй тоглож байгаад цагдаа нарт газар дээрээ баригдсан бол мөрийтэй тоглох нь хууль зөрчсөн үйлдэл учраас тоглогчдыг дээрэмдэх гэмт хэрэг ч гарч байлаа.  Түүнээс өмнө Хадгаламжийн банкны ахлах эдийн засагчаар ажиллаж байсан Ц.Чимидцэрэн банкныхаа мөнгөөр Солонгосын казинод тоглосон хэрэг мандаж, шүүхээр таслуулж байв. Ил болсон нь энэ болохоос гадаадын казинод очиж тоглодог Монголын улстөрч, бизнесменүүдийн цуваа нэг, хоёр хүнээр хязгаарлагдахгүй.

Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард казино тоглосон төрийн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэж журамлаж, хориг тавьсан нь эрэлт хязгаараа давсныг л харуулж буй.

Уг нь хуулиа батлаад зохицуулалттай болчихвол эдийн засагт орж ирэх мөнгөн урсгал, далд цэцэглээд байгаа хууль бус үйлдлийг хараа хяналттай болгох давуу талтай.

Эрх баригчдын гарт шилжсэнээсээ хойш дарагдсан Казиногийн тухай хуулийн төсөлд хоёр ч мөрийтэй тоглоомын газар байгуулахаар тусгасан юм.

Төр тусгай зөвшөөрөл олгоно. Тусгай зөвшөөрлийн хураамжийн төлбөр нь 10 жилийн хугацаатай, 35 тэрбум төгрөг байхаар, мөн монгол хүн тоглохгүй, 21 насанд хүрсэн гадаадын иргэн тоглох боломжтой байх зэрэг зохицуулалт туссан юм.

Монгол хүний казино тоглох эрхийг хязгаарлах нь буруу, зөв гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөхтэй зэрэгцэн Хөшигийн хөндийд байгуулах асуудал мөн зэрэгцэж яригдсан. Гэхдээ энэ бол эцэслэн тогтоосон газрын байршил биш., дэд бүтцээ бодож гаргасан санал байсан билээ. Учир нь Хөшигийн хөндийд онгоцны нисэх буудал баригдаж, ашиглалтад орсон цагт дэлхийн аль ч улсаас тэр дундаа хоёр хөршийн жуулчдыг хамгийн ойроос татах гарц гэж харсан юм.

Харин МАН Засгийн эрхийг авсан даруйдаа энэхүү төслийг хэлэлцэхээр болж, УИХ-ын гишүүн О.Батнасангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан ч одоо хэр нь төсөл хэлэлцэгдэх асуудлын жагсаалтад орж ирэхгүй дарагдсаар бүрэн эрхээ дуусгах төлөвтэй. Гэтэл нийслэл нь дагуул хотыг бий болгох боломж нь казино байгуулах гарц гэж тайлбарлаад байдаг.

Бүрэн эрхээ дуусахаас өмнө Казиногийн тухай хуулийг баталж, эдийн засгийн өсөлтийг хангах нэг суваг нээхгүй юм уу, хууль тогтоогчид оо.

Газрын баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгож, гуравдагч зах зээлд гаргах тухай “домог”-оос илүүтэй казино байгуулахыг хүлээн зөвшөөрчихвөл дагаад ажлын байр олноор бий болох төдийгүй аялал жуулчлал ч дагаад хөгжих боломжтой.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж