Ерөнхийлөгч Мянган малчны чуулганд оролцогчдод илгээлт хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Мянган малчны чуулганд оролцогчдод илгээлт хүргүүллээ

Ерөнхийлөгч Мянган малчны чуулганд оролцогчдод илгээлт хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд болсон “Мянган малчны чуулган”-д оролцогчдод илгээлт хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа уншиж, танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:

“Эрхэм хүндэт малчид аа,

Зөвлөгөөний зочид, төлөөлөгчид өө

Монголын 165 мянган малчин өрхийн төлөөлөл болж, эх орны өнцөг булан бүрээс цаг заваа гарган, өвлөөс урьтан хуран чуулж буй малчид Та бүхний амрыг айлтгая. Мал сүрэг тарган тавтай, хүн зон энх дэлгэр сайхан намаржиж байна уу?

Манай улс хөдөө аж ахуй, газар тариалан тэр дундаа мал аж ахуйг эдийн засгийн голлох салбар болгон, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар 2025 он хүртэл баримтлах бодлого”-д “Уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ” хэмээн мал аж ахуйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлсон.

Хөдөө аж ахуй хариуцсан сайдаар ажиллаж байсан, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байсан хүний хувьд би энэ салбарын асуудал, бэрхшээлийг ойлгохын зэрэгцээ шийдлийг ч харж байгаа. Өнгөрсөн оны хавар болсон “Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018” малчдын улсын зөвлөгөөн дээр үг хэлж, мал аж ахуйн хөгжлийн талаар илэрхийлсэн санал бодол, байр сууриндаа хэвээрээ байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хөдөө аж ахуйг анхаарлынхаа төвд байнга байлгах болно. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар өндийж байж, уул уурхайгаас илүүтэйгээр олон хүний амьдралд хэрэгтэй гэдэг миний итгэл үнэмшил арилахгүй.

Малчдынхаа хэрэгцээ шаардлага, амьдрал ахуйг орхигдуулбал мал аж ахуйг хөгжүүлэх бодлого өрөөсгөл болно. Энэ удаад сэтгэл түгшээсэн нэгэн асуудлыг хөндөж, Та бүхэнтэй санал бодлоо солилцох нь зүйтэй гэж үзлээ. Малчдын амьжиргаа, орлогын нь эх үүсвэр, өмч хөрөнгө болсон малыг хулгайлах гэмт хэргийн гаралт 2017 оноос тогтмол нэмэгдэж, 2019 оны 1 дүгээр улиралд мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 89.2 хувиар өсжээ. Мал хулгайлах гэмт хэрэг орон нутагт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 15.5 хувийг эзэлж байгаа юм. 2017 онд малын хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд 901 бүртгэгдэж байсан бол 2018 онд 1096 болж өсжээ.

Амьдрал дээр цөөн тооны мал хулгайлсан этгээдэд шүүхээс хохирлын хэмжээ их биш, хүндрүүлэх нөхцөлгүй хэмээн үзэж, нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг нь хязгаарлах, торгох төдийгөөр шийтгэл хүлээлгэх нь түгээмэл байгаа бөгөөд энэ төрлөөр шийтгэгдсэн гэмт этгээдүүдийн дийлэнх нь малчинд учруулсан хохирлоо нөхөн төлөлгүй, малаа хулгайд алдсан иргэд хохирч үлдэж байна.

Ийм учраас Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа болон Х.Болорчулуун тэргүүтэй гишүүд мал хулгайлах гэмт хэргийн шийтгэлийг чангатгах, ялын бодлогыг өөрчлөх, малын хулгайтай тэмцэх, эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой болгоход чиглэсэн тус тусын хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Ямартай ч хууль тогтоох дээд байгууллагын зүгээс анхаарлаа хандуулж байгаа нь сайшаалтай байна.

Дээрх асуудлаар Та бүхэн энэ зөвлөгөөн дээрээ тал талаас нь сайтар хэлэлцэн тодорхой шийдэл олж, дээд удирдлага, Улсын Их Хурал дахь төлөөллөөрөө дамжуулан шийдвэр, ажил болгох байх гэж найдаж байна.

Малчид эвлэлдэн нэгдэх, хамтын нөхөрлөл үүсгэж, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтаа сайжруулах чиглэлийг эрхэм болговол бага зардлаар их үр дүнд хүрнэ хэмээн зөвлөж, мал сүргээ орчин цагийн мэдээллийн технологи ашиглан бүртгэлжүүлэх, хянах боломжийг ашиглаасай гэж хүсэх байна. Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалахад эцсийн эцэст эв нэгдэл, хамтын тэмцэл л амжилт авчирна.

Эцэст нь, хүндэт малчид Та бүхнээсээ аминчлан хүсэх зүйл бол малын тоо толгойн араас хөөцөлдөхөөсөө илүүтэйгээр чанар, үр өгөөжид анхаарах цаг болсон. Ашиг шим өндөртэй, үүлдэр угсаа сайтай мал маллах, эдийн засгийн эргэлтэд тогтмол оруулах нь зардал хэмнэх, ашиг шимийг ихэсгэхээс гадна бэлчээрийн даац хэтрэхгүй байх, хяналт сэргийлэлт эрс сайжрах зэрэг олон давуу талыг авчрах юм. Бэлчээрийн доройтол бол шийдэл хүлээж байгаа тулгамдсан асуудал зайлшгүй мөн шүү гэдгийг давтан сануулъя.

Малчид Та бүхэн энэ талаар нухацтай ярилцаж, Монгол орны нөхцөлд тохирсон шийдлийг гаргаасай хэмээн хүсэх байна.

Мянган малчны чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монголын уламжлал, соёл ахуйг тээж ирсэн, тээж яваа мал сүрэг, малчин олон амар амгалан байх болтугай.

Мөнх тэнгэр биднийг ивээг” гэжээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж