Монгол дэлхийн ноолуурын зах зээлийн 30 хувийг эзэлдэг

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Монгол дэлхийн ноолуурын зах зээлийн 30 хувийг эзэлдэг

Монгол дэлхийн ноолуурын зах зээлийн 30 хувийг эзэлдэг

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Ноолуур” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд 1570 ажлын байрыг шинээр бий болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг 30 хувь, борлуулалтын хувь хэмжээг 27 хувиар өсгөжээ. Энэ бол Монгол Улсын ноос ноолуурын салбарын томоохон амжилт гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Гэвч сүүлийн үед Олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагаас “БНХАУ болон Монгол Улс ямааныхаа ноолуурыг самнахдаа зовоож байна” гэдэг хуурамч мэдээлэл цацаж, монголын ноолуурын нэр хүндийг унагах оролдлогуудыг хийх болжээ. Энэ мэт Монголын ноос ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр /2019.10.24/ Шангри Ла зочид буудлын Их танхимд Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форумыг зохион байгуулж байна.


Монгол Улсын ноос, ноолуурын салбарт 300 орчим аж ахуйн нэгж ажилладаг бөгөөд эдгээрийн дийлэнх нь бүтээгдэхүүнээ гадаадын орнуудад экспортолдог аж. Өнгөрсөн жил салбартаа нийт 1.3 орчим их наяд төгрөгийн борлуулалт хийсний 30 хувийг дотооддоо борлуулсан бол үлдсэн 70 хувь нь гадны орнуудад экспортолсон байна.

ГУРВАН КОМПАНИ “МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ТОХИРЛЫН ТЭМДГИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАНГАСАН

“Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэг гэж бий. Энэ тэмдгийг бид монгол ноос ноолууран ширхэг дээрээ илүү дотоод, гадаадын хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлдэг гэдгээ баталгаажуулж байна гэсэн үг. Ингэснээр дэлхийн зах зээлд монгол ноолууран бүтээгдэхүүнийг баталгаажуулж, хэрэглэгчдийн итгэлийг төрүүлэх, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх чухал ач холбогдолтой.  Бид энэ тохирлын тэмдгийг авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд олгохдоо монголын газар нутгаас түүхий эдээ бэлтгэсэн байх, бүтээгдэхүүнээ хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэсэн, үйлдвэрлэлдээ хэрэглэж буй химийн бодис олон улсын стандартын шаардлагыг хангасан байх, байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулах шаардлагыг тавьж байгаа.

Бид ноос ноолуурын салбарын мэргэжлийн байгууллага буюу баталгаажуулалтын байгууллагыг бий болгохоор 2017 оноос Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуйн нэмүү өртгийг дэмжих техник туслалцааны төсөлтэй хамтран ажиллаж байна. Ингэснээр малчны хотноос эцсийн бүтээгдэхүүн хүртэлх нэмүү өртгийн сүлжээ тус бүрт чанарыг хяналтыг хэрхэн яаж хийх вэ гэдэг тал дээр амжилттай ажиллаж байна. Үүний үр дүнд “Говь”, “Эвсэг”, “Ханбогд ” гэсэн гурван компани “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгийн үзүүлэлтийг хангаж, батламжаа өнөөдөр гардан авах гэж байна” гэдгийг Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ярьсан юм.

ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ИРЭХ ХОЁРДУГААР САРААС ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛНЭ

Үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн гол нь хөнгөлөлттэй зээлийн асуудал тулгардаг байна. Хөнгөлөлттэй зээлд аж ахуйн нэгжүүд хамрагдаж чадвал боловсон хүчин, эрдэм шинжилгээний ажил, бүтээгдэхүүнээ хөгжүүлчихнэ. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банкнаас олгож буй зээлийн хүү 12 хувь, арилжааны банкуудаар дамжихаар 13 хувь болж харьцангуй өндөр байгаа аж. Үйлдвэрлэгчдийн хувьд зээлийн эргэн төлөлт нь нэг жил байгаа нь хүнд тусч байна гэдгийг үйлдвэрлэгчдийн төлөөлөл хэлж байлаа.

Энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж буй талаар салбар яамны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү мэдээлэл өгөхдөө “Хавар тавдугаар сардаа багтан бүх мөнгөөрөө ноолуурын түүхий эдээ худалдан авдаг. Тэгээд боловсруулалтын түвшинд явсаар байгаад зах зээл дээр борлуулж амжаагүй байхад нэг жил дуусдаг. Тиймээс энэ жил Хөгжлийн банкны удирдлагуудтай ярилцсаны үр дүнд ирэх хоёрдугаар сараас үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгож дуусгаж, урьдчилсан худалдан авалт хийх боломжийг олгоно. Ингэснээр зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгаж чадаж байгаа юм” гэв.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН 30 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Тэрбээр “Монголын хаан ширхэгт” ноолуурт тавигдах шаардлагын талаар тайлбарлахдаа “Өнөөдөр “Монголын хаан ширхэгт” батламжийг гардуулах гэж байгаа нь чанарт чиглэсэн бодлогын арга хэмжээний нэг юм. Бид ямааны ноолуурыг самнахдаа борлонгоос дээш самнахгүй, нарийн ширхэгийг гарган авах стандартыг тавиад өгч байгаа. Мөн хөдөлмөрийн мөлжлөг, компаниудын нийгмийн хариуцлага, байгаль орчинд ээлтэй байна уу гэх мэт олон талын шаардлагуудыг тавьдаг. Энэ шалгууруудыг давж гарч буй үйлдвэрлэгчид өндөр чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа.

 Манай улсын хувьд мал аж ахуйн салбарт хүүхдийн хөдөлмөрийн мөлжих асуудал байхгүй гэж хэлж болно. Олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагаас “БНХАУ болон Монгол Улс ямааныхаа ноолуурыг самнахдаа зовоож байна” гэдэг хуурамч мэдээлэл цацаж, монголын ноолуурын нэр хүндийг унагах оролдлогуудыг хийж байна гэдгийг хэлж байлаа.

Өнгөрөгч 2018 оны хоёрдугаар сард “Ноолуур” хөтөлбөрийг батлуулсан. Ингээд Хөгжлийн банктайгаа хамтарч ажиллан нийт 108.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авч, ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүддээ өгсөн. Энэ бол нэгхэн жилийн дотор гарсан үзүүлэлт. Энэ амжилтандаа бид ханаж болохгүй. Өнөөдөр бид дэлхийн зах зээлийн дөнгөж 30 хувийг эзэлж байна. Бид цаашдаа “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хөтөлбөрт заасны дагуу нийт ноолуурынхаа түүхий эдийг 60 хувийг гүн боловсруулалтад хамруулах ёстой.

БНХАУ, Монгол Улс нийлээд жилдээ 25 орчим тонн ноолуурыг дэлхийн зах зээлд нийлүүлдэг аж. Сүүлийн үед дэлхийн зах зээлд тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг маш ихээр анхаарч, ажиллаж байна. Энэ нь зөвхөн Монголд л байх боломжтойг албаныхан онцолж байв.

“МАЛЧИД ТУСГАЙ БАЙРАНД ЯМААГАА САМНАЖ, НООЛУУРАА НИЙЛҮҮЛДЭГ”

“Сүүлийн гурван жил ноолуурын үнэ тогтвортой байна. Малчид бид үнэ ханшид сэтгэл хангалуун байгаа. Энэ жил гэхэд малчид ноолуураа 110 мянган төгрөгөөр худалдаалсан. Бид ноолуур тушаачихаад л малынхаа тарга хүчийг авахуулах гээд чанарт илүү анхаарч малаа малладаг. Ямааны ноолуураа тушаахдаа янз бүрийн хаг, хог, шимэгч бактергүй байх шаардлагаас гадна тусгайлан бэлдсэн байр саванд ямаагаа самнадаг. Ихэвчлэн  нарийн ширхэгтэй залуу ямааны ноолуур өндөр үнэ хүрдэг. Манайх сүүлийн жилүүдэд “Говь” компанид ямааныхаа ноолуурыг нийлүүлж байгаа” тухай Баянхонгор аймгийн Баянговь аймгийн Улсын аварга малчин Г.Гэрэлдаш ярьсан юм.

энэ үеэр Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглалтын холбооны тэргүүн Г.Энхболд ярихдаа "Манай байгууллагаас түүхий эдийн анхан шатны чанарт анхаарахын тулд малчдадаа сургалтыг тогтмол хийж байна. Чанарын сургалтыг өгөөд эхлэхээр малчдын хоршоо бэхжиж, ямар төрлийн ургамал идсэн малнаас ямар ширхэгтэй ноолуур гарч байна вэ гэдгийг малчид өөрсдөө хийх түвшинд хүрсэн байна. Өнөөдрийн форумд Хөвсгөл аймгийн Улаан уул сумаас долоон малчин ирж, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байна. Малчдын байгууллагаас малчдадаа бэлчээрээ хуваарьтай ашиглуулдаг болж, бэлчээрээ хамгаалах тал дээр хамтын зохион байгуулалтад орж ажилладаг болсон” гэлээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж