Г.Тулга: Системийн шийдэл гаргах, ашиглалтад оруулах нь технологийн салбарын хамгийн сайхан нь

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Г.Тулга: Системийн шийдэл гаргах, ашиглалтад оруулах нь технологийн салбарын хамгийн сайхан нь

Г.Тулга: Системийн шийдэл гаргах, ашиглалтад оруулах нь технологийн салбарын хамгийн сайхан нь

-Электроникийн чиглэлийн, тэр дундаа угсралт суурилуулалтыг шийдвэрлэдэг компани харьцангуй цөөн байдаг. Компанийг үүсгэн байгуулах, бизнесийн гол санааг хэрхэн гаргасан талаар яриагаа эхэлье.

-Хамгийн гол нь зориглож эхлүүлэх байсан. Цааш бага багаар ахина гэж тооцсон. Амжилт олоход ч амаргүй байдаг энэ салбарт сурч мэдсэнээ хэрэгжүүлэх, электроникийн чиглэлээр ажиллах сонирхолтой залуучуудаа дэмжих, тэдэнтэй хамт энэ чиглэлээр лавшран суралцаад  салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах гээд их олон хүсэлтэйгээр эхлүүлж байлаа.

Ер нь барих гол зарчмаа электроникийн шийдлийг техник, программ хангамжтай нь хамт цогцоор нь шийдэх системүүдийг бүтээх гэж харсан. Тэгээд түүнийхээ арчилгаа үйлчилгээ, шинэчлэлтийг  давхар хариуцаад ажиллахыг зорьсон. Үүнийгээ ч алдагдуулахгүйгээр явахыг хичээж байна.

Эхний санаа бол хяналтын GPS систем. Одоо гол санаанууд маань нэлээд өргөжиж байна. Нэг ажил хэрэгжүүлэхээр хэрэглэгч, захиалагчдын хүслээс үүдэлтэй, эсвэл өмнөх ажлуудын маань үр дүнгээс үүдсэн бусад хөгжүүлэлтийн боломж гарч ирсээр байдаг.

-Яг одоо төвлөрч ажиллаж байгаа нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах төслийн талаар ярилцъя. Энэ зах зээл, салбар руу нэвтрэх боломжийг хэрхэн харж байна?

-Бүх л салбарт технологи түрэн орж ирж байна. Үүний адилаар манай улсын нийтийн тээврийн үйлчилгээнд ч гэсэн эхний ажил амжилттай хэрэгжиж байгаа. Энэ жишгийг орон нутагт анх удаа Орхон аймагт хэрэгжүүлэх төслийн ажил эхэлсэн. Энэ төслөөр бид нэвтрүүлэх систем, тоног төхөөрөмж, дэд бүтэц гээд бүхий л шийдлээ хариуцаад ажиллаж байна.

Төрийн үйлчилгээ нийтэд хүртээмжтэй, үйлчлүүлэхэд амар хялбар байх, мөн үйлчилгээ үзүүлж буй хувийн автобус компаниудын үйл ажиллагаа тогтвортой байхад нөлөөлөх гол зүйл нь орлого хураалтыг автоматжуулж, төвлөрүүлэх явдал. Энэ асуудлыг ухаалаг систем хэрэглэн шийдвэрлэснээр төрийн үйлчилгээ болон хувийн компанид өгөөжтэй болохоос гадна зорчигчдод амар хялбар, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, тодорхой стандарттай, хүртээмжтэй тогтвортой үйлчилгээ авах боломжийг бодит амьдралд бүрдүүлэх нь бидний зорилго. Өөрөөр хэлбэл, энэ төсөл нь гурван талын хэрэгцээ шаардлага, хүслийг хангасан чухал төсөл юм. Төслийн үр дүнд бий болох нэг эерэг нөлөө нь төрийн үйлчилгээг үзүүлэгч хувийн компаниуд хийгээд төрийн байгууллагууд хоорондын зарим харилцааг технологийн хүрээнд зохицуулах, далд байгаа орлогыг ил болгох, хяналтын системийг сайжруулах, ингэснээр санхүүгийн хувьд одоогийнхоос илүү үр ашигтай болох явдал юм.

-Нийслэл Улаанбаатарт нэвтэрсэн системээс юугаараа ялгаатай? Ямар давуу талтай вэ?

-Төслийн хөрөнгө оруулалтаас эхлээд нэвтрүүлэлт, угсралт, суурилуулалт, хөгжүүлэлт, засвар үйлчилгээ үзүүлэх хүртэлх бүхий л асуудлыг бид хариуцаж байгаа. Их хариуцлага, эрсдэл гэж харагдаж байгаа ч бид их зориг гаргаж барьж авсан. Монгол залуусын хийж чадах зүйл, ямар үр дүн авчрахыг харуулахыг хүсэж байна. Мөн нэвтрүүлэлтийн явцад бидний давуу тал гэж харж байгаа цахим төлбөр тооцооны системийг оруулна. Өөрөөр хэлбэл, энэ төслийн бас нэг гол агуулга нь хэрэглэгч-зорчигчдод хамгийн хялбараар төлбөр тооцооны асуудлыг шийдэх. Автобусаар зорчихдоо нэмэлт карт, борлуулах цэг хайж хугацаа алдахгүйгээр тооцоогоо хийх төлбөр тооцооны шийдлийг давхар шийдвэрлэхийг зорьж байна. Энэ асуудлаар хэд хэдэн банкны үзүүлж байгаа үйлчилгээг судалж, банкны картаараа зорчих тасалбараа шууд авах боломжтой гэж харж байгаа.

Систем маань одоо нийслэлд ажиллаж байгаа системээс 3 дахин бага зардалтай босох тооцоо бий. Гаднын систем өндөр өртөгтэй тул цөөхөн автобустай газар нэвтрэхэд зардлыг даахад хэцүү. Бид үндэсний компани гэдэг утгаараа аль болох хямд үнээр уг шинэ системийг нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд үндэсний гэдэг утгаараа давуу талуудтай.

-Дээрх төсөлд банк хамтран ажиллахад ямар давуу тал үүсэх вэ?

-Дэлхий даяар технологи, банк санхүүгийн салбарын хооронд өрсөлдөөн  гэхээс илүүтэйгээр банк ч, финтек ч хамтарч ажиллах нь зөв юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч, хамтарч ажиллах хандлага илүү болж байгаа. Амжилттай яваа шийдлүүд ч хамтарсан технологиуд байдаг. Тиймээс бидэнтэй ажиллах сонирхолтой, санал тавьсан банктай хамтрахад нээлттэй.

-Компанийнхаа туршлага, гол үйл ажиллагааны талаар танилцуулбал?

-Хяналтын GPS системийн хөгжүүлэлтийг нэлээд хэдэн жил хийж, туршлагажиж байна. Үүнд, цагдаагийн, малын, машины, газар тариалангийн, түлшний, түгээлт-борлуулалтын гээд төрөлжин хөгжүүлэлт хийгдсэн, байнгын харилцагчидтай ч болсон. Энэ төрлийн зарим ажлаас дурдвал:

  • Хамгийн сүүлд GPS системд тулгуурлан тариалангийн талбай дахь ажлыг системд харуулдаг, бодит цагаар хянадаг, төлөвлөгөө, тайлан тооцоог хүссэн загвараар гаргаж авдаг Газар тариалангийн мэдээллийн системийг монголын томоохон компанийн захиалгаар хөгжүүлэлтийг нь хийлээ.
  • Мөн хийн түлшний компанийн захиалгаар түлш борлуулах, түгээх, хяналт, тооцооны нэгдсэн системийн хөгжүүлэлтийг хийж 51 станц дээр нэгтгэн хэрэгжүүлээд, системийн дэд бүтцийн арчилгаа, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
  • Мөн айл өрх, аж ахуйн нэгжид зориулсан ухаалаг цахилгаан тоолуурын систем, ухаалаг худгийн системүүдийг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ төслийн үйл ажиллагаа нь тогтворжиж, аль хэдий нь айл өрхийн хэрэглээ болсон.
  • Өнгөрсөн хавар танилцуулагдсан UB cab системийн хөгжүүлэлтэд хамтран ажиллалаа.
  • Бид залуу компани ч гэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан булчингийн үйл ажиллагаагаар хөдөлдөг гарын хөгжүүлэлтийг залуучууд маань хийж байна. Удахгүй энэхүү гар нь кодчилолтой болж хөгжинө. Программын хөгжүүлэлтэд хамтран ажиллаж байгаа хүүхдүүд маань хөгжүүлэлтэд тусалж, хамтран сайжруулалт хийгддэг.

Орхон аймагт хэрэгжүүлж байгаа ажлын эхлэл нь GPS систем байсан бол энэ төслийн дараа цаашид өргөжүүлэх боломжтой системүүдийг ухаалаг такси үйлчилгээ болон ухаалаг худгийн систем гэж харж байгаа.

-Компанийн хувьд цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд юу байна?

-Одоо Эрдэнэт хотын нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах ажил маань л гол анхаарлын төвд байна. Хүний хэрэглээ байнга өөрчлөгдөж, энэ хэрээр технологийн шинэ шийдлүүд бий болдог. Бидний ажил энэ чиглэлээс гажихгүй. Бас л шинэ шийдлүүд эрэлхийлсээр л байх болно. Технологийн салбарын сонирхолтой байдал нь ч энэ. Хүний амьдралыг хөнгөвчлөх системийн шийдэл гаргах,  ашиглалтад оруулах нь хамгийн сайхан. Бас түүнийгээ улам хөгжүүлж үр дүнг харах нь чухал хариуцлагатай ажил байдаг.

Удахгүй удаан хугацаанд төлөвлөсөн дараагийн том төсөл эхлэх гээд бэлтгэл ажил эхэлсэн. Дараа нь шинэ төслөөрөө уулзалдана байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж