“Орон сууцанд амьдрахад битгий садаа бол”

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

“Орон сууцанд амьдрахад битгий садаа бол”

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэд хашааны газраа орон сууцаар солихоор болж, 2013 онд тендэрт шалгарсан “Грандлайн” компанитай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Ажил ч боломжийн урагшилсан байна. Гэвч сүүлийн өдрүүдэд дээрх хорооны иргэд орох оронгүй болж, гудамжинд хоног төөрүүлж явна гэх мэт ташаа мэдээлэл цацагдаж, барилгын ажлын явцыг удаашруулж эрх ашгийг нь хөндөж болзошгүй нөхцөл үүссэн тул бодит мэдээллийг хүргэх үүднээс өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа.  

Гэрээнд зааснаар газрын хэмжээнээс шалтгаалж, орон сууцны талбай харилцан адилгүй байх аж. Тухайлбал, 0.7 га газартай өрхөд 120 м2 талбайтай орон сууц олгохоор болж, гэрээ байгуулсан байна.

Одоогийн байдлаар нийтдээ 40 айлын 3.6 орчим га талбайг чөлөөлжээ. Гэтэл 250 айлын газрыг чөлөөлж, иргэдийг орох оронгүй гудамжинд гаргаж, хохироож байна гэж мэдээлж буй нь бодит байдалтай нийцэхгүй гэдгийг тэд хэллээ.

Мөн эхний ээлжинд газраа чөлөөлсөн  40 айл өрхөөс нэг нь ч  тус компанид  гомдол гаргаагүй. Гүйцэтгэгч компанийн зүгээс  газар чөлөөлсөн иргэдэд нөхөн олговор өгч байгаа аж. Ингэхдээ эхний ээлжийн орон сууц баригдаж, ашиглалтад ортол компанийн зүгээс  сар бүр тухайн өрхөд орон сууц түрээслэх төлбөр болгож дунджаар 550-750 мянган төгрөгийг зургаан сараар нь олгож буй юм байна. Иргэд дундаасаа “Түр зөвлөл” байгуулж төслийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж  хамтарч ажилладаг аж.


Энэ тухай Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б.Равдандорж “Газраа хамгийн анх чөлөөлсөн 16 өрхийн нэг нь манайх. Дэд бүтцээ байгуулахгүйгээр орон сууцны хороолол байгуулна гэж байхгүй. Энэ компанийн хувьд дэд бүтцийг  эхнээс нь ном журмынх нь дагуу барьж байна. Амгалангийн дулааны станц ашиглалтанд орж байж манай энэ орчим дулаанаар хангагдах юм.

Ажил ёс журмаараа явж байгаа болохоор миний хувьд тайван хүлээцтэй хандаж байгаа. Эхнэртэйгээ амьдарпдаг болохоор түрээсийн төлбөр 550 мянган төгрөгийг авч байгаа. Мөн би иргэдээ төлөөлж, энэ орон сууцны барилгад хяналт тавих зөвлөх инженерийн хувьд хөндлөнгийн хяналт хийгээд “Грандлайн” ХХК-д  тайланг нь өгдөг. Иргэд ч дахин төлөвлөлтийн ажил ямар явцтай явж байгааг мэдэж байх ёстой. Тиймээс л би хөндлөнгийн хяналт хийж байгаа юм. Сард хоёр удаа ажлыг нь шалгаж, тайлан гаргадаг. “Грандлайн” ХХК иргэдийг хохироож гудамжинд гаргасан асуудал байхгүй. Дэд бүтцийн ажлын тухайд шугамын ажил 80 хувьтай, ус дулаан дамжуулах таван барилга баригдсан. Угсралтын ажил хараахан хийгдээгүй, гүйцэтгэл 37 хувьтай. Цахилгааны дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 69 хувьтай байна. Яагаад би энэ тухай яриад байна гэхээр энэ компанийг 11 тэрбум төгрөг аваад идчихсэн гэж ярьж буй учраас дэд бүтцийн ажилд хөрөнгө зарцуулагдаж байгаа гэдгийг тодотгосон хэрэг.


Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б.Батдорж  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд дөрөв, таван компани шалгаруулалтад оролцсон. Хорооны иргэдийн олонх маань “Грандлайн”-ыг сонгосон. Би өөр компани сонгосон байсан ч олонхийнхоо шийдвэрт  хүндэтгэлтэй хандаж , дэмжиж ирлээ.

Харамсалтай нь, сүүлийн өдрүүдэд бид дуугараагүй байхад бидний өмнөөс хохирчихсон хүн болоод гудамжинд хоног төөрүүлээд байна, хэцүү байна, залилаад байна гэж худлаа ярьж байна. Садаа битгий болооч ээ. Бид бол газраа чөлөөлсөн, нөхөн төлбөрөө аваад хүлээгээд болж байна.

Зарим талаар ажил удаашралтай байгааг нуухгүй.  Энэ нь компаниас шалтгаалаагүй, холбогдох ажлыг хийх гэхээр төрийн шатны байгууллага хайнга хандах, удаашралтай хандах тохиолдлууд байна. Мөн асуудлыг хэн нэгний хүү мэтээр улс төржүүлж байгаа нь иргэд биднийг хохироох янзтай байна. Алийн болгон гэр хороололд нүүрс түлж амьдрах юм бэ. 


Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн А.Ариунаагаас дараах тодруулгыг хийлээ.

-0.7 га газартай айлд 120  м.квадрат  байр өгөхөөр гэрээ байгуулсан гэхээр орон сууцны 1 м.квадратын үнийг хэдээр тогтоосон болж таарч байна?

-Бид 2013 онд гэрээ байгуулахдаа илүү талбайгаа 1.8 сая төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Өөрөөр хэлбэл, 120 м.квадрат талбай болно гэж үзвэл түүнийгээ л авна. Хэрэв багадна гэж үзвэл 120 м.квадрат талбайгаас илүү гарах талбайг л 1.8 сая төгрөгөөр тооцохоор болсон юм.

-Нөхөн төлбөрөө цаг хугацаандаа авч чадаж байгаа юу?

-Болж байна аа, хааяа нэг хугацаанаасаа тав хоногийн дараа орж ирэх тохиолдол бий.

-Бусад компаниудтай харьцуулахад илүү таатай нөхцөл санал болгожээ гэж ойлгож болох уу?

-Бусад компаниудтай харьцуулахад боломжийн. Дахин төлөвлөлтөд орсон хэрнээ ажил нь эхлээгүй газрууд байх шиг байна. Бидний хувьд гайгүй компани сонгочихож гээд хүлээцтэй харж байгаа.

-Хугацаандаа багтаж орон сууц ашиглалтад орохгүй бол нөхөн төлбөрөө үргэлжүүлэн авч чадах уу?

-Байрныхаа ордерыг автал нөхөн төлбөр өгнө гэсэн гэрээ хийсэн. Ер нь шалгарсан компанийн тухайд хэлэхэд, бид хэзээ хойно л Э.Бат-Үүл даргын хүүхдийнх гэж мэдсэн. Даргын хүүхдийн компани болохоор хэл ам их дагуулж ажил хойш татах юм. Бусдаар бол гайгүй. Гэхдээ л энэ компанийг сонгоогүй бол яах байсан бол оо гэж бодогдох үе бас бий.

Харин Грандлайн компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжин "Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд шалгарсан төсөл хэрэгжүүлэгч нь иргэдтэй тохиролцож газрыг чөлөөлж, орон сууцыг өөрсдийнхөө хөрөнгөөр  босгох бол  дэд бүтцийг нь хотоос шийдэж байгаа. Тиймээс ч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэх журмын дагуу тухайн байршилд инженерийн дэд бүтцийг гүйцэтгэх компаниудтай гэрээ хэлэлцээр хийх эрхийг төсөл хэрэгжүүлэгч компаниудад олгосон байдаг. Энэ дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын 15,4 га-д орон сууцны хорооллын  дэд бүтцэд нь 11 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгийг “Түмэн-Амгалан” хорооллын  3300 айлд шаардлагатай цэвэр ус, халуун, хүйтэн ус, бохир, дулаан, цахилгаан, холбоо зэрэг инженерийн дэд бүтцийн байгууламжийг байгуулахад зарцуулна. “Грандлайн” ХХК дэд бүтцийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй  16 компаниас шалгаруулалт хийж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт танилцуулж,  гэрээлсэн.  Дэд бүтцийн ажлынхаа явцын талаар  тухайн гүйцэтгэгч компаниуд зөвхөн захиалагч гэлтгүй тус хорооны  иргэдэд нээлттэйгээр тайлагнадаг  жишиг тогтоосон. Иргэдийн төлөөлөл  байнга хяналт тавьдаг. Өнөөдрийн байдлаар  нийт 11 тэрбум төгрөгийн төсвөөс  5.4 тэрбум  төгрөгийн  гүйцэтгэлийн төлбөр хийгдсэн байна.  Ажлын гүйцэтгэлээр төлбөрийг нь тооцож нийслэлээс  шууд гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлдэг.  Энэ мөнгийг  “Грандлайн” ХХК захиран зарцуулах ямар ч эрхгүй" гэсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж