Uranus: Хүн бүр өөр, өөрийн үзэсгэлэнтэй

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Uranus: Хүн бүр өөр, өөрийн үзэсгэлэнтэй

Uranus: Хүн бүр өөр, өөрийн үзэсгэлэнтэй

Хилийн чанадад ажиллаж амьдрахын сацуу олон улсад эх орныхоо нэрийг гарган амжилттай яваа хөдөлмөрч залуус олон бий. Тэдний нэг бол яах аргагүй дуучин Өлзийхутагийн Уянга  буюу Uranus юм. Тэрбээр 12 жилийн өмнө БНСУ-ыг эцэг эхийнхээ хамт зорьжээ. Гэхдээ түүнд багаасаа л хүсч, тэмүүлж ирсэн нэг мөрөөдөл байж. Тэр нь өдгөө Ө.Уянгыг  “К-поп” урлагт хөл тавихад хүргэсэн байна. Ингээд түүнтэй онлайнаар  ярилцсанаа хүргэе.


-Таны талаарх мэдээлэл сүүлийн үед Монголын хэвлэлээр нэлээд гарах боллоо. Солонгосын “К-поп” урлагт хөл тавьж "Signhere" хэмээх шинэ уран бүтээлч шалгаруулах тэмцээнд оролцон 10 мянга гаруй залуусаас "Шилдэг 44"-т шалгарсан гээд бахархмаар мэдээлэл гарч байна. Яагаад тэмцээн орох болов, яаж бүртгүүлсэн бэ? 

-"Signhere" тэмцээний зорилго нь  шинэ залуу  чадварлаг реппер, дуучдыг гаргаж ирэх юм. Ингэхдээ шүүгчид  тэдний ур чадвар, гүйцэтгэлийг голлон хардаг. Тус тэмцээнийг БНСУ-ын хип хоп лабел  болох "AOMG" зохион  байгуулдаг. "AOMG"  лабел-ийн үүсгэн байгуулагч нь реппер Jay Park. Түүний тухай Монголын залуус мэдэх байх аа.  "Signhere" тэмцээн зарлагдаад дөрөв  хонож байхад нь "AOMG"-н инстаграм хуудаснаас  зар харж байсан.  Юу ч байсан өөрийгөө сориод үзье гэж бодоод бичлэгээ явуулсан. Тэгээд нэг сар гаруйн хугацаанд ямар ч хариу өгөхгүй болохоор нь тэнцээгүй юм байна гэж бодож байлаа.  Гэтэл миний утасны дугаар солигдсон болохоор надтай холбогдож чадахгүй байсан юм байна лээ.

Тэд Kakaotalk-р  надтай холбогдож тэнцсэн тухай хэлсэн. Эхний шатанд  оролцогчдод  нэг сарын хугацаа өгсөн. Тиймээс өгсөн  хугацаанд багтаж шинээр хоёр  дуу хийхийн тулд тасралтгүй бэлтгэл сургуулилт хийсэн. Дараагийн үе  нь  телевизээр гарах шалгаруулалт. Миний дугаар наймдугаар сарын сүүлээр цацагдсан.

-Шүүгчид монгол гэхээр их гайхаж  байх шиг санагдсан?

-Тийм ээ. Солонгос хүнтэй бараг андуурахаа шахсан шүү.  Шүүгчдийн нэг нь Монголд очиж хөдөө хээр талд клипээ  хийж байсан юм байна лээ. Тэр хүн хэлэхдээ “Би Монголыг дээл морьтойгоор төсөөлдөг  байсан, буруу бодож байжээ” гэж хэлсэн.

Гэхдээ яагаад тэмцээнээс хасагдчихав?

-Миний хувьд уран бүтээлээ хийж эхлээд яг нэг жил болсон байна. Өнгөрсөн хугацаанд  соло таван уран бүтээл гаргасан. Хэдий тийм ч  бусад оролцогчидтой харьцуулахад уран бүтээлийн туршлага дутуу байна гэх шалтгаанаар тэмцээнээс хасагдсан. Гэхдээ би харамсаагүй ээ, тус тэмцээнээс шинээр олон зүйл сурч мэдсэн болохоор харамсахгүй байна.

Шалгаруулалтын дараа БНСУ-ын хэд, хэдэн  энтертайнмент хамтран ажиллах  санал тавьсан гэж сонссон. Ингэхэд хамтарч ажиллах агентлагаа сонгосон уу?

-Гурван агентлагаас хамтарч ажиллах санал ирсэн. Одоохондоо агентлагаа сонгоогүй байгаа. Аль нэг энтертайнменттай гэрээ хийлээ гэхэд дор хаяж таван жилээр хийдэг болохоор гэрээнд тусгагдсан нөхцөл зэргийг сайтар ярилцаж, тунгаасны дараа шийднэ дээ. Гэрээгээ дундаас нь цуцалбал би төлбөр төлнө, энтертайнментаа солино гэвэл мөн л шүүхээр явах учраас сайн бодож эцэг эхтэйгээ ярилцаж шийдэхгүй бол сэтгэлийн хөөрлөөр хөнгөн хуумгай  хандаж болохгүй. Ер нь бол бодоод л байна. Одоогоор ямар агентлагт харьяалагдах эсэхээ шийдэж чадахгүй л байна. Эсвэл  уран бүтээлээ хийгээд илүү том энтертайнментад хүч үзмээр ч юм шиг санагдаад байгаа. /инээв/

АЛИВАА ЗҮЙЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН БОЛ ДУУСГАДАГ ХҮН Л АМЖИЛТАД ХҮРДЭГ ГЭЖ БОДДОГ

-БНСУ-ын  “К-поп” урлаг бол Азидаа алдартай шүү дээ. Мэдээж энэ том зах зээлд үзэгч, сонсогчдыг сонирхолд нийцнэ гэдэг амаргүй  байх.  Анх энэ салбарт хүч сорино гэхэд айдас төрж байв уу?

Эхэндээ бол өөртөө итгэх итгэлгүй байсан. Гэхдээ миний дуртай зүйл болохоор бууж өгөлгүйгээр өдий хүртэл хөдөлмөрлөсөөр ирсэн. Хэсэг хугацааны дараа энд танигдаж эхэлсэн. Ерөнхийдөө "Signhere” тэмцээнд орсноор илүү задарч айдсаа хаясан. Би өмнө нь өөртөө хана хэрэм босгож заагладаг байсан бол БНСУ-ын  урлагийн зах зээлд чадварлаг гадныхан ч бас адилхан хүч үзээд, амжилттай явж байгааг хараад "Айхаа болиод зөвхөн урагшлах ёстой юм байна" гэж боддог болсон.

-Таны тайзны нэр болох "Uranus" гэж юу гэсэн утгатай үг вэ? Ихэд сонсголонтой сонсогдох юм.

-Англиар "Тэнгэрийн ван" гаригийг "Uranus" гэж нэрлэдэг. Эртний Грекийн үлгэр домогт гардаг "Тэнгэрийн бурхан" гэсэн утгатай үг. Надад Тэнгэрийн ван гариг их содон санагддаг. Ганцаардмал мөртлөө их үзэсгэлэнтэй. Мөн "Uranus" гэдэг үгийг уншвал Монголоор "уран, ус" гэсэн хоёр үгийг  багтаасан болохоор энэхүү нэрийг сонгосон.

Ингэхэд эдийн засгийн мэргэжилтэй хүн урлагт яагаад татагдах болов ?

-Би багадаа  урлагт дуртай дуулж бүжиглэдэг хүүхэд байсан. Багадаа балетаар хичээлдэг байлаа. Монголд болдог тэмцээн уралдаанд тогтмол оролцдог төдийгүй Солонгост ирснийхээ дараа ч гэсэн их сургуульдаа орчхоод сургуулийн хөгжмийн клубт  явдаг байсан. Би их сургуулиа өнгөрсөн зун төгссөн. Тэр үед яагаад ч юм өөрийн хүссэн зүйлээ хийхгүй бол ирээдүйд маш ихээр харамсах юм шиг санагдаад шууд зориглоод уран бүтээлээ хийж эхэлсэн дээ. Өөрөө дууныхаа үгийг бичиж эхэлснээр  бодол санаагаа  хэнээс  ч айхгүйгээр чөлөөтэй илэрхийлдэг болсон. Би  дуу болгоныхоо аль нэг хэсэгт  хүн бүр өөр ,өөрийн үзэсгэлэнтэй төрдөг. Өөрийгөө битгий голоорой зоригтой байгаарай гэсэн санааг байнга шигтгэж өгдөг.

-Ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна вэ? Өөрийнхөө мэргэжлээр ажиллах уу  эсвэл урлагтаа өөрийгөө зориулах уу?

-Би урлагтаа үлдэнэ гэж шийдсэн. Эцсийг нь үзэхгүй юм бол эхлүүлээд яах вэ дээ. Аливаа зүйлийг эхлүүлсэн бол дуусгадаг хүн л амжилтад хүрдэг гэж боддог. Одоогоор ирэх жил хүртэл уран бүтээлээрээ Солонгос улсдаа сайн танигдсаныхаа дараа бүрэн хэмжээний цомгоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Аливаа улсын урлаг соёл нь нийгэмдээ шууд нөлөөлж байдаг учраас  тэднийг сонсож буй сонсогчид хүртэл дагаад өөрчлөгдөнө. Монголын зарим хамтлаг дуучид аль хэдийн дэлхийд танигдаад эхэлсэн учир цаашдаа манай Монголын урлагийн салбар өндөрт гарна гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж